sonin.mn
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн гарсан. МАН 62 суудалтай болж, өмнөх эрх мэдлээ хадгалж үлдлээ.
СЕХ-ноос шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнөөдөр түр үнэмлэхийг гардуулах юм.
Шинэ УИХ-д тойргийн сонгогчдоосоо хамгийн өндөр саналыг авч сонгогдсон нэр дэвшигчдийнг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүлжээ. Тэрээр санал өгсөн сонгогчдын 72.2 хувийн саналыг авсан байна. Араас нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 71.7 хувь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 68.6 хувь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 67.5 хувь, УИХ-ын гишүүн Н.Учрал 65.5 хувийн саналаар сонгогдсон байна.
Өндөр хувийн санал авч сонгогдсон эхний таван нэр дэвшигчийн гурав нь УИХ-ын гишүүн, тэгээд Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга нар багтсан байна.
 
 
 
МАН-ын ялалтын гол үндэс нь Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүхийг гэсэн судалгаа, анализ олон бий. Тэр утгаараа сонгогчид нь өндөр хувиар саналаа өгч УИХ-д сонгосон гэхэд болно. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч өнгөрсөн жилүүдэд “хөдөлгөөнтэй” ажилласан нэгэн. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар өмнө нь сонгогдсон тойрогтоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гайгүй сайн ажилласан гэдэг. Тэдний гарааны рейтинг ч сайн байсан юм.
 
 
 
Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хувьд нийслэлд нэр дэвшсэн хүмүүсээс бичигдэж, 2020 онд бүрдэж буй УИХ-д хамгийн өндөр хувийн санал авч сонгогдсон гишүүдийн гуравдугаарт бичигджээ.
Түүний хувьд Нийслэлийн Засаг даргын ажлыг аваад ердөө жил гаруйхан болсон. Гэхдээ тэрээр энэ хугацаанд томоохон бүтээн байгуулалт, тухайлбал, Налайхын зам, Олимпийн гүүр зэргийг хугацаанд нь ашиглалтад хүлээж авсан.
“Нэг хот-нэг стандарт”-ыг хэрэгжүүлж Улаанбаатар хотын хөгжлийн хэмжүүр, стандартыг тогтоож чадсан.
Мөн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллахдаа хууль бус олгогдсон газруудыг нийслэлийн өмчид буцаан авч,нийтийн эзэмшлийн гудамж талбай болгон тохижуулж, түрээслээд өмчлөх орон сууцыг хэрэгжүүлэх санаачилгыг гаргасан.
Ер нь бол С.Амарсайхан шүүмжлэл, гүтгэлэг, эсэргүүцлийн өөдөөс зөрүүд ч, шийдэмгий ч гэхээр ажилласан юм.
 
 
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин