sonin.mn

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй шинэ оны босгон дээр ярилцлаа.    


-Өнгөрч буй оныг Танхимаас “Тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, энэ зорилт амьдрал хэр  хэрэгжив?

-“Тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой” гэх нэр томъёоны талаар УИХ, Засгийн газар, хэвлэл сониноор янз бүрээр ярьж, зарим алхамууд ч хийгдсэн. Танхим хувийн хэвшлийн “think thank’’-ын хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг урьдчилан харж зөв гольдролд нь оруулах тухайн жилийн төдийгүй дунд болон урт хугацааны бодлогын гол үндсийг гаргаж тавих ёстой байв.

 

Ингэхгүй бол асуудлыг иж бүрнээр харахгүй байх, буруу тодорхойлох, ялангуяа, уул уурхай хөгжиж байгаа энэ үед улс орон буруу үзэл баримтлалаар явчих бодит аюул занал бий. “Тогтвортой” гэдэг бол өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг байгаль орчин, нийгэм эдийн засгийн талаас маш зохистой хангасан хөгжлийг хэлнэ. Шинэ засгийн газар байгуулагдаад анхных хууль нь Засгийн газрын тухай хууль байсан.

 

Өмнөх Засгийн газрын тухай хуулинд Ерөнхий сайдын эрхлэх ажил үүргийн хуваарьт зөвхөн Монгол Улсын хөгжлийн асуудлыг хариуцана гэж байсныг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хариуцана гэж оруулсан. Үүний дагуу манай улсад тогтвортой хөгжлийн үндэсний хороо байгуулагдлаа. Үүнд Танхимын төлөөлөл орсон. Монгол Улсын тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх гол арга зам нь “Ногоон хөгжил" юм.

 

Монгол Улсын түүхэнд институцийн хэмжээнд анх удаа Ногоон хөгжлийн яамыг байгууллаа. Энэ бүхэн Танхим уриалсны дагуу явагдаж байгаа зүйл. Өнөөдөр ногоон хөгжлийг дэмжих эрхзүй, зохион байгуулалтын бүх талын арга хэмжээнүүд эхнээс хийгдээд явж байна. Төрийн хэмжээнд ногоон бодлого гаргаад байх биш үүнийгээ дагаад бизнес ч өөрөө өнгөө хувиргах нь чухал. Ногоон эдийн засгийн хөтөлбөр нь Танхимын боловсруулсан таван 20-ийн зарчим дээр суурилаад гарч ирж байх жишээтэй.



-Та энэ талаараа дахин тодруулахгүй бол зарим нь мартчихсан явааг үгүйсгэхгүй?

-Таван 20-ийн зарчмыг дахиад сануулахад хамгийн нэгд, 2020 он гэхэд эрчим хүчний үр ашгийг 20 хувиар дээшлүүлэх юм. Өнөөдөр эрчим хүчний хангамж. хүчин чадал, үнэ зэрэг нь тулгамдсан асуудал болж байна. Хоёр дахь, 20 нь 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний одоо байгаа хүчин чадлыг 20 хувьд хүргэнэ гэж. Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд болоод үйлдвэрлэлд нэвтрүүлэх анхны алхамууд хувийн хэвшлийн зүгээс хийгдэж байна.

 

Одоо төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Гуравт, байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар дээшлүүлэх. Өнөөдрийн байдлаар байгальд оруулах хөрөнгө оруулалт манай улсад бага байна. Хэдийгээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгуулагдаж төсөв батлагдсан ч хэрэгцээ нь түүнээс их байна. Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд цаашид анхаарах ёстой.

 

Мөн ногоон худалдан авалтыг 2020 он гэхэд 20 хувьд хүргэнэ. Яам байгуулагдсан учраас тендерүүдэд байгаль орчны шалгуур тавигдаад эхэлчихсэн. Тогтвортой гэдэг дээр галт тэрэг хөдөлчихлөө гэж хэлж болно. Дараа нь эдгээрийг хэмжих гэсэн асуудал гарч ирнэ. Хэмжих тал дээр нарийн үзүүлэлт алга. Өнөөдрийн бидний хөгжлөө, аж амьдралаа хэмждэг ганц үзүүлэлт маань ДНБ л байна шүү дээ.

 

Байгаль орчин нь яаж сайжирсан юм, хүн нь яаж хөгжсөн юм, ядуурал нь яаж арилсан юм гэдгийг агуулсан үзүүлэлт нь тогтвортой хөгжлийг харуулна. Хийх зүйл маш их байна. Оролцоотой гэдэг дээр асуудалд ард иргэдээ оролцуулъя, шууд ардчилалтай гээд ярьж байна. Гэхдээ бодит амьдралд ЖДҮ-ийн зээлийг олгоход бизнесийнхний оролцоо байж чадаж байна уу.



-Та парламентад орж ирснээр юу амжуулав, өмнө нь бодож зүйлээсээ биелүүлсэн нь юу байна вэ?

-УИХ-д байгаагийн хувьд хэд хэдэн тогтоол-хуулийн төсөл, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн асуудал, нийгмийн даатгал, жижиг дунд бизнесийн зэрэг олон асуудлуудад дуу хоолойгоо хүргэлээ. Тэнцвэртэй гэдэгт өнөөдөр нийгэмд баян хоосны ялгаа их байна. Төр, засаг “Дунд ангийг дэмжинэ, баялаг бүтээгчдэд талархана” гэж хэлээд дэмжээд байгаа биз.

 

Гэтэл жижиг бизнес нь хаягдчихаад байна. Өнөөдөр үнийн дүн нь хангалтгүй ч ЖДҮ-ийн зээл байна уу байна. Гэтэл бичил бизнес тойргийн гадна хаягдсан. Бичил ба жижиг бизнесийг илүү дэмжих бодлогын орчин, санхүүгийн орчин хэрэгтэй. Олигарх гэхчилэн нэрлэчихээд том компаниудаас жийрхдэг болсон. Гэтэл аль ч улсын түүхийг харахад том компаниуд нь чирч явсан байдаг.

 

Танхимаас “Үндэсний манлайлагчдыг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулсан. Одоо хэрэгжээд явна. Ингэснээр баян ядуугийн хоорондын ялгааг хамгийн бага түвшинд аваачих юм. Энэ нь тэнцвэртэй хөгжил. 2012 оны гол үр дүн энэ.



-Та төрд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэх эрхэм үүрэг хүлээсэн. Бизнес эрхлэгчид таныг энэ тал дээр хэр “ашиглаж “байна даа?

-Ер нь бол ашиглаж байна. Би өөрөө ч “ашиглуулж” байна. Танхимын дарга УИХ-д сууснаар асуудал хүрэх хүндээ хурдан хүрч байна. Бизнесийнхний дунд амьдарч байсан, одоо ч амьдарч байгаа хүн чинь УИХ-ын танхимд ярихад ихэнх хүмүүс нь ойлгож байна. Гэхдээ бас ойлгохгүй нь ч байна. Бизнесийн амьдрал мэддэггүй нь тэдний буруу биш.

 

Жишээ нь, сая 2000 гаруй аж ахуйн нэгж НӨАТ-ын будлианд орлоо. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 17,5 сая төгрөгийн татварын асуудал гарахад онц их хэмжээний гээд шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл бүрдчихсэн. Энэ байдлаас татварын газар, цагдаа эрүүгийнхэн ч хүртэл залхчихсан, хамгийн гол нь компанийханд дарамттай байлаа.

 

Энэ асуудлыг гаргаж тавиад С.Баярцогт гишүүн санаачлага гарган ажиллаад ямар ч байсан ХЗДХЯ, Сангийн яам, Ерөнхий прокурорын газар нийлээд энэ асуудлаар эрүү үүсгэхээ больё гэж шийдсэн. Хэрвээ бид энд байгаагүй бол тэр хүмүүс ойлгохгүй байх байсан. Ерөнхийдөө хэцүү байгаа шүү гээд л яриад байгаагаас яг юу болоод байгааг нь ойлгохгүй байсан.

 

Аль ч салбарт хууль гаргахаар төр юм л бол баглаж, боох сонирхолтой байдаг. Уучлаарай компаниуд чинь ингэж ажилладаг юм, үүнийг ингэж шийдэх боломжтой гэсэн боломжийг нь тайлбарлаад өгөхөөр тэгвэл энэ заалтыг ингээд хасъя, зохицуулъя гэх байдлаар ханддаг. Гэхдээ манай компаниудын эргэх холбоо тааруу байна.

 

Бидний олон жил ярьсан, 2010 онд санаачилж Засгийн газарт оруулсан бизнесийн орчны шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газар дөрвөн чиглэлээр хийж байна. Гадаад худалдаанд 10 төрлийн бичиг баримт шаарддаг байсан бол 4-5 болгох жишээний. Дээр нь тусгай зөвшөөрөл лицензийн асуудал. 1200 гаруй зөвшөөрөл лиценз “ургачихсан” байна.

 

Гэтэл үүнийг 50 хувь тайрах ёстой. Би толгойгоо авахуулъя гэж нэг ч хүн ирдэггүйтэй адил энэ ургацагаа тайруулах сонирхол бага байна. Нэг өдрийн дотор төрийн албан хаагчдын сэтгэлгээ, бизнесийг өөрийн эрхэндээ байлгах сонирхол алга болчихгүй шүү дээ. Танхимаар дамжуулаад УИХ-д өргөн бариад байхад УИХ-аас Засгийн газарт үүрэг өгөөд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулаад явна.

 

Танхимын төлөөлөл УИХ-д орсноор тэдний дуу хоолойг УИХ, Засгийн газарт шууд хүргэх тал дээр томоохон ахиц гарсан. Мэргэжлийн хянапт хүнсний аюулгүй байдал гэхэд төр дангаараа шалгана. Компаниуд юу ч хийдэггүй юм шиг, компаниуд л хортой хүнс үйлдвэрлээд байгаа юм шиг сэтгэлгээгээр ханддаг. Гэтэл үгүй ээ, уучлаарай компаниуд чинь ийм чиглэлтэй, өөрийн дотоод хяналттай. Бүтээгдэхүүнээ гаргахдаа ингэж чанарын хяналт хийдэг гэсэн талаас хэлээд заалт оруулаад өгдөг.



-Ирэх онд бизнесийн орчны шинэтгэл хэр үргэлжилж, төр, засаг болон бизнес эрхлэгчдийг хэрхэн холбож ажиллах вэ. Ялангуяа, бизнес эрхлэгч бүрийн өдөр тутмын амьдралд хамаатай, мөнгөний бодлого, инфляц, зээлийн хүүгийн бодлогод хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Танхим инфляцийг бүү онил, экспорт, импортын замын зургийг хар гэхчилэн төрд үгээ хэлсээр ирсэн. Харж анхаарч эхэлсэн, хараад шийдвэр гаргаж эхэлсэн. Инфляцийг онилох бодлого арай амьдралтай болж ирсэн. Урьд нь мөнгө их байсан учраас эдийн засгаас мөнгийг татаж авах бодлого явуулаад түүндээ хувийн хэвшлийг золиослочихдог байсан бол одоо ямар ч гэсэн багасаж байна.

 

Инфляц гэдгийн нөгөө тал нь компаниуд үнээ өсгөөд байгаадаа биш компаниудын бараа үйлчилгээгээ хүргэх нийлүүлэлтийн гинжин хэлхээ дотор нь маш олон гох дэгээ садаа бэрхшээл, өртөг зардал өсгөдөг бодитой болон бодитой бус шалтгаан байна. Үүнийг арилгая гэдэг бодлого, инфляцийн нийлүүлэлтийн тал дээр мөнгөний бодлогод өөрчлөлт орууллаа.

 

Гэхдээ зээлийн хүү буурах асуудал дутуу хийгдсэн. Мөнгөний бодлогын хувьд бид юу хүсээд байна гэхээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах. Тэнд байгаа гишүүний хувьд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг зах зээлийн жамаар нь бодлогын арга хэрэгслээр бууруулах бодлогын баримт бичгийг эдийн засгийн байнгын хороогоор дамжуулаад Монголбанк, Сангийн яам, СЗХ гэх мэт төрийн байгууллагуудад өгчих жишээтэй.

 

2013 оны хувьд ямар ч гэсэн 1,5 тэрбумын бонд хэрэгжүүлэх жил буюу бодит секторт эдийн засгийн асар их идэвхжил үүсэх, бизнесийн төслүүд хэрэгжих он болно. Энэ нь хувийн хэвшлийн давамгай оролцоотой хэрэгжихгүй бол болохгүй. Сүүлийн үеийн төрийн бодлого, төрийн капитализм руу хандах хандлага гарсан. Энэ бол буруу. Дан ганц уул уурхай бус олон хөлтэй байх нь чухал, тиймийн тулд уул уурхайн бус экспортын бодлого хэрэгтэй.

 

Үүнийг танхим боловсруулсан байгаа. Бизнесийн орчны шинэтгэлээ явуулах, үндэсний манлайлагчдын хөтөлбөрөө хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл лицензийн тоог хоёр дахин багасгах гээд 2013 онд хийх ажил их байна. Гэхдээ хамгийн гол нь хувийн хэвшил давамгайлсан эдийн засгийн бүтцийг, хувийн хэвшлийг эдийн засгийн хөгжилд дээд зэргээр оролцуулах ийм л жил болох ёстой.

 


Д.Зоосоо

Эх  сурвалж: "Бизнес Таймс"