sonin.mn
СӨҮЛ. /UPI/. АНУ, БНХАУ-аас БНСУ-д суугаа дипломатчид хоёр талын тулгамдсан асуудлын талаар хэлэлцэхээр Сөүл хотноо уулзжээ. Тэд ийнхүү уулзах нь маш ховор байдаг бөгөөд АНУ Хьюстон хот дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгосон өдөр уг уулзалт болсон байна.
 
 
 
АНУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Харри Харрис БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминтэй уулзаж буй гэрэл зургаа “Twitter” хуудсандаа лхагва гарагт нийтэлжээ. Харрис мөн Шинтэй уулзсан гэдгээ нийгмийн сүлжээний хаягаараа албан ёсоор мэдээлсэн бөгөөд бид АНУ-БНХАУ-ын харилцааны талаар хэлэлцсэн хэмээгээд, АНУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ байранд хийсэн уулзалтаа “сайн” болсон гэж тодорхойлжээ.
 
 
 
БНСУ дахь БНХАУ-ын ЭСЯ ч мөн Шин, Харрис нарын нарын гэрэл зургуудыг “Facebook” хуудсандаа нийтэлжээ. Гэрэл зургуудын нэгд, хоёр дипломатч туслахуудын хамт зоогийн ширээнд суун хэлэлцээ өрнүүлж байжээ. Өөр нэгэн зурагт, Харрис яамныхаа байрыг Шинд танилцуулж байсан байна.
“Уулзалтын дараа Харрис БНХАУ-ын Элчин сайдтай өргөн хүрээний дипломат асуудлуудаар үр дүнтэй хэлэлцээ хийлээ хэмээн хэлсэн” гэж АНУ-ын ЭСЯ-ны нэрээ нууцалсан төлөөлөгч “Yonhap” агентлагт мэдээлжээ. “Уулзалт цаг орчим үргэлжилсэн" гэж АНУ-ын ЭСЯ мэдээлснийг “Newsis” агентлаг уламжилжээ.
 
 
 
БНСУ дахь БНХАУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, Шин Харрист хандан АНУ-БНХАУ-ын харилцаа зөвхөн хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцээд зогсохгүй “дэлхийн хүн төрөлхтөний хүсэл эрмэлзлэлд нийцэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
 
 
 
“БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагаа бүх талд үр ашгаа өгөх бол зөрчилдөөн нь аль аль талд сөрөг нөлөөтэй” гэж Шин хэлснийг ЭСЯ уламжилжээ.
“БНХАУ АНУ-ын байр суурийг эзлэхийг зорьдоггүй бөгөөд бид АНУ-ыг Хятадын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэнэ хэмээн найдаж байна” гэж Шин хэлжээ.
Мөн талууд БНАСАУ-ын хандлага зэрэг Солонгосын хойгийн асуудлуудын талаар хэлэлцсэн гэж БНХАУ-ын ЭСЯ мэдээлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг