sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган нар утсаар ярих үеэрээ Армени-Азербайжаны хил орчмын нөхцөл байдлыг хэлэлцэж, мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулахаас өөр сонголтгүйг онцолжээ. Энэ тухай Кремлийн ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Хоёр улсын удирдагчид Туркийн талын санаачилгаар утсаар ярьжээ.
“Утсаар ярих үеэрээ талууд Армени-Азербайжаны хил орчимд нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Кавказын чанадад үүссэн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцов. Хурцадмал байдлыг нэмэгдүүлэх аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь чухал болохыг Владимир Путин онцолжээ. Түүнчлэн мөргөлдөөнийг гагцхүү энхийн, яриа хэлэлцээний арга замаар зохицуулах сонирхолтой байгаагаа талууд илэрхийлсэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
 
 
 
 
Бүс нутагт нөхцөл байдлыг тогтворжуулахад тавих хүчин чармайлтаа уялдуулахад бэлэн байгаагаа удирдагчид илэрхийлсэн байна. Түүнчлэн В.Путин, Т.Эрдоган нар Уулын Карабахын мөргөлдөөнийг Армени болон Азербайжаны ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн, олон улсын эрх зүйн зарчим дээр тулгуурлан улс төр, дипломат арга замаар зохицуулахаас өөр сонголтгүйг цохон тэмдэглэжээ. 
 
 
 
Армени-Азербайжаны хил дээрх нөхцөл байдал 6 дугаар сарын 12-нд хурцаджээ. Арменийн Зэвсэгт хүчин улс орных нь армийн байрлалуудад их буу ашиглан цохилт өгөхийг оролдож байна хэмээн Азербайжаны тал мэдэгдсэн бол Арменийн эрх баригчид мэдэгдэхдээ, Азербайжаны оролдлогыг таслан зогсоохыг оролдож байгаа нь нөхцөл байдлыг хурцадмал болгосон гэжээ.
Цэргийн албан хаагчид амь үрэгдсэн тухай хоёр тал хоёул мэдэгдсэн байна. Долдугаар сарын 17-ноос нөхцөл байдал харьцангуй тайван байна гэж талууд үзэж байгаа хэдий ч хил орчимд болон Уулын Карабах дахь зааглах шугамын ойролцоо цохилт өгч буй тухай мэдэгдлийг өдөр бүр авч байгаа аж.
Уулын Карабахын өөртөө засах муж 1988 оны хоёрдугаар сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Азербайжан болон Армени улсын хооронд мөргөлдөөн эхэлсэн юм. 1992-1994 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабахад тогтоосон хяналтаа алджээ. Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээг 1992 оноос хойш хийж байгаа юм.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг