sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай өнөөдөр уулзав.  Уулзалтаар, дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, цар тахлын үед үзүүлэх хариу арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломж, БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцсон юм.  
Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэв. 
 
 
 
Элчин сайд Ли Ё Хун хоёр орны харилцааг хөгжүүлж, нэг шат ахиулахын тулд иргэд харилцан солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд “Одоогийн байдлаар БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг сайжруулж, Монгол Улсаас хөдөлмөрийн  гэрээгээр авч буй ажиллах хүчтэй холбоотой асуудалд анхаарал тавих болно. Монгол Улс оногдсон квотоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээсэн юм. 
 
 
 
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Манай хоёр орны хувьд ажиллах хүч болоод эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарт хамгийн түлхүү тулгуур хамтын ажиллагаа өрнөдөг. Монголчуудын хувьд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн олон байдаг.  Хэрэгцээ шаардлага өндөр, нөхцөл байдлыг нь хангаад хамтраад ажиллах нь маш чухал. Ковид 19-өөс өмнөх байдлыг ажиглаад үзэхэд л БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн бүртгэл, визтэй холбоотой асуудал маш их байсан. Манай иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг асуудал ч цөөн биш гарч байсан байх. Тиймээс Монгол Улс бүртгэлийн цахимжуулалтыг хөдөлмөрийн гэлтгүй бүх салбарт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. БНСУ-ын Элчин сайдын яам эхний үр дүнг нь мэдэрч байгаа байх. 
Цаашдаа энэ цахимжуулалтыг зөвхөн Монгол талдаа ч биш БНСУ-тай хамтдаа нэгдсэн мэдээллийн системүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа. Ингэснээр, БНСУ-д ямар ажлын байр байгаа талаар хөдөлмөр эрхлэхээр зорьж байгаа иргэдэд нээлттэй болох юм. Нөгөө талаас энэ системээс иргэдийн мэдээлэл зөв үү, албан ёсных байна уу гэдэг нь шалгагдаад ороод ирнэ. Албан ёсны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хийх ажлууд байна. Харин албан бус буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд бас байгаа” хэмээв.  
 
Монгол Улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын ХНХЯ, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулж байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр 790-1300 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа юм. Энэ жилийн хувьд, COVID-19 цар тахлын улмаас ердөө 49 хүнийг илгээгээд байна.
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан  Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрээр БНСУ-д оршин сууж буй монгол иргэд өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсанаар нийгмийн баталгаа нь хангагдаж тэтгэвэр авах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхар төлөхгүй байх эрх зүйн үндэс бүрдсэн юм.
Түүнчлэн 2018 онд хоёр улсын хооронд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах үеэр БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон. 2018-2021 онд хэрэгжих уг төслөөр бий болж буй мэдээллийн цахим систем ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж буй юм.
 
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг