sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ ирээдүйд хэзээ нэгэн цагт сансарт цэргээ байрлуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Сансрын хүчний сансрын ажиллагааны командлагч, хошууч генерал Жон Шоу мягмар гарагт болсон видео бага хурлын үеэр мэдэгдэв.
“Тийм ээ бид хэзээ нэгэн цагт хүмүүсийг сансарт илгээнэ. Тэд сарны орчимд эсвэл өөр газарт командлалын төвүүдийг удирдах боломжтой” гэж тэрбээр хэлснийг “Air Force Magazine” сэтгүүлд иш татжээ.
 
 
 
Хошууч генералын үзэж байгаагаар, хэрэв цэргийн байгууламжууд хэсэгчилсэн автономит горимд ажиллах бол хүн байнга хяналт тавих шаардлагагүй болно. АНУ-ын Сансрын хүчний зорилго нь аюул заналхийлсэн тохиолдолд программ хангамжийн шинэчлэл, маневр зэргийг өөрөө удирдан хийж чадах хиймэл дагуулуудыг сансарт байрлуулах юм.
 
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны санхүүгийн жилийн цэргийн төсвийг баталсны дараа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сансрын хүчийг албан ёсоор байгуулсан юм. Сансрын хүчин нь тус улсын Зэвсэгт хүчний зургаа дахь, 1947 онд Америкийн армийн орчин үеийн бүтэц байгуулагдсаны дараа байгуулагдсан анхны салбар болжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг