sonin.mn
БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчид “COVID-19” халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед хэрхэн илүү сайн хамтран ажиллах талаар ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэж Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель лхагва гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Энэ сарын 29-нд болох цахим уулзалт нь цар тахлаас үүдэлтэй асуудлуудыг зохицуулах чиглэлд ЕХ-ны удирдагчдын зохион байгуулахаар үүрэг амлалт өгсөн хэлэлцүүлгүүдийн эхлэл ажээ. “Бид “COVID-19”-тэй тэмцэх хамтын хүчин чармайлтаа бэхжүүлэх шаардлагатай байна” гэж Ш.Мишель жиргэжээ.
 
 
 
“Европын Комисс ЕХ-ны орнуудад шинжилгээ хийх стратеги болон ойрын хавьтлыг илрүүлэх, тусгаарлах хугацааны талаарх шинэ төлөвлөгөөг танилцуулснаас нэг хоногийн дараа дээрх уулзалт болох төлөвтэй байна” гэж эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ.  
 
 
 
Цар тахал дэгдсэн эхний саруудад ЕХ-ны 27 орон “COVID-19”-тэй тэмцэхдээ өөр өөр, зарим тохиолдолд эсрэг тэсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд хамтын ажиллагааг нягтруулснаар халдварын эхний тархалтын дараа ажиглагдсан сөргөлдөөнийг давтахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байгаа ажээ.
Сүүлийн үед вакцины худалдан авалт, тархалтын зэргийг үндэсний түвшинд үнэлэх нийтлэг бус шалгуур үзүүлэлт зэрэг тодорхой хэмжээний зохицуулалт бий болсон хэдий ч улс орны хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нэлээд ялгаатай хэвээр байгаа юм.
Саяхныг хүртэл ЕХ даяар халдвар авсан өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байсан бол зарим оронд уг хугацааг богиносгож эхэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг