sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээрээс лхагва гарагт албан ёсоор гарснаар эх дэлхийгээ уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраас хамгаалах баримт бичгээс гарсан анхны улс боллоо.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орноо Парисын хэлэлцээрээс гаргана гэдгээ 2017 оны зургаадугаар сард мэдэгджээ. Гэвч уг баримт бичигт заасны дагуу аливаа улс орон хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос гурван жилийн дараа гарах хүсэлтээ албан ёсоор гаргах боломжтой байсан юм.
 
 
 
Үүнтэй холбоотойгоор Парисын хэлэлцээрээс гарах АНУ-ын үйл явц 2019 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхэлж, хэлэлцээрт заасанчлан нэг жилийн дараа ийнхүү албан ёсоор шийдвэрлэгдсэн байна. Д.Трампын хувьд уг баримт бичгийг Америкийн эдийн засагт сөрөг үр дагавар учруулж байна гэж үзжээ.
 
 
 
Гэсэн хэдий ч АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуулийн дүнгээс хамааран тус улс Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж магадгүй. Учир нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден одоогийн Ерөнхийлөгчийн шийдвэрийг урвуулна гэдгээ амласан юм. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг