sonin.mn
Хуульч Б.Гүнбилэг 2021 оны Төсвийн тухай хуулийн төсөлд  Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ нар өөрийн сонгогдсон тойргийн иргэддээ давуу байдал үзүүлж, бусад иргэдийн тэгш байдлыг алдагдуулсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд
 
 
Улаанбаатар хот. 2020.11.02 
Мэдээлэл гаргах нь 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн иргэний эрх, эрх чөлөө, эдийн засгийн баталгааг хангахаар хуульчилсан. 
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан. Гэтэл нэр бүхий гишүүд Засгийн газрыг тэргүүлэх, түүний гишүүнээр ажиллахдаа сонгогдсон тойрогтоо илүү их хөрөнгө оруулалтыг татах гэж 2021 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Энэ нь бусад тойргийн иргэдийн эрхийг хөндөж байгаа юм. Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүн сонгогдсон тойрогтоо бус улсын бүх иргэдийн эрхийг хангахын төлөө ажиллах хуультай.  
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, холбооны улсуудын мужууд шиг өөр өөрийн гэсэн төсөв, бодлого баримтлахгүй гэсэн үг. Нэг бодлоготой байх бөгөөд тэр бодлого нь иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангахад бүгд тэгш үйлчилнэ гэсэн санааг Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Мөн Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Гэтэл 2021 оны Төсвийн тухай хуулийн барилга, байгууламжид хөрөнгө оруулах төсвийн төсөлд жишээ нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдын төсөвт дөрвөн суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв”-ийн барилгад 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгөөр барилга барина хэмээн суулгасан байна. Дөрвөн суманд тус бүр 1.4 тэрбум төгрөгөөр ийм барилга барина хэмээн тооцохоор нийт 5,6 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүний санхүүжилт ирэх онд 2,8 тэрбум байна. Өөр аймгуудад ийм барилга барихаар тусгагдаагүй байгаа бөгөөд тус аймгийн хэмжээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, засварлахаар боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийг төсөлд тусгуулсан байна. Гэтэл хамгийн бага төсөвтэй Булган аймагт нэг тэрбум төгрөгийг боловсролын салбарт төсөвлөсөн байна. Энэ хоёр аймгийн хүн ам, нийслэлээс алслагдсан зай нь ойролцоо. Аль ч аймгийн иргэд мөн татвараа төлдөг, төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Гэтэл хоёр аймгийн зөвхөн боловсролын салбарт төсөвлөсөн төсөв дээр жишээ татахад маш ялгамжтай байна. Нэгэнд нь 30 гаруй тэрбум, нөгөөд 1 тэрбум төгрөг байгаа юм. Хэнтий аймгийн санхүүжих дүн 123,656.6 /нэг зуун хорин гурван тэрбум зургаан зуун тавин зургаан сая зургаан зуун мянга/ төгрөг байгаа бол Булган аймгийн санхүүжих дүн 8,453.3 /найман тэрбум дөрвөн зуун тавин гурван сая гурван зуун мянга/ тэрбум төгрөг буюу Монгол Улсын Ерөнхий сайд, Хэрэг эрхлэхийн сайд өөрсдийн сонгогдсон тойрогтоо 15 дахин илүү санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. (Хоёр аймгийн улсын төсвөөс хөрөнгө оруулах төсвийн төслийн харьцуулалтыг хавсаргасан болно. Нарийвчлан олон хөрөнгө оруулалт ялгамжтай байгааг харна уу.)
Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас гадна 1966 оны Иргэний ба улс төрийн эрхийн пактад заасан эрхүүд, түүнийг заавал тэгш хангах ёстой. Үүнээс гадна, 2-р үеийн эрх буюу Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай 1966 оны пактад заасан эрхүүдийг ч мөн заавал тэгш хангах ёстой. Жишээлбэл, говийн сумдын ундны ус чанарын шаардлага хангадаггүй. Иргэд малын устайгаа адилхан ундны ус хэрэглэдэг. Энэ ус хатуулагтай учраас тэдгээр сумдын иргэдийн ходоод, гэдсэнд сөргөөр нөлөөлж, дундаж насжилт бага байдаг. Энэ бол амьд явах эрхтэй хамааралтай.
 
Тэгвэл Хэнтий аймгийн 4 суманд 5,6 тэрбум төгрөгөөр “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв”-ийг барих уу, говийн суманд чанарын шаардлага хангасан гүний худаг байгуулах уу, аль нь нэн шаардлагатай, аль нь Иргэний ба улс төрийн эрх вэ? гэдгийг харгалзах ёстой. Энэ талаар Цэцийн гишүүд судлах байх гэж итгэж байна. 
 
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг хуулиар баталгаажуулсан байдаг. Тухайлбал, амьд явах, сурч боловсрох эрхтэй. Иргэдийн амьд явах эрхийн баталгааг хангах тал дээр жишээ татахад Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмчилгээний тасагт ор хүрэлцэхгүй, эхчүүд нялхастайгаа коридорт хэвтэн эмчлүүлж, ор хүрэлцэхгүй байгааг харж болно. Мөн тухайн эмнэлгийн барилга нь чийгтэйн улмаас хана, тааз нь хөгцөрсөн, нянтай орчинд хүүхдүүд эмчлүүлсээр байна. Үүнтэй адил Хавдар судлалын үндэсний төв зэрэг олон эмнэлгүүдэд иргэдийн амьд явах эрхийн баталгаа зөрчигдөж, төсвийн хуваарилалт, нэн шаардлагатай хөрөнгө оруулалт шаардагдсан асуудлууд эдийн засгийн баталгаагүй орхигджээ. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд Төсвийн удирдлагын зарчмыг тусгажээ. Үүнд:
5.1.Төсвийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1.төсвийн богино, дунд хугацааны бодлого, стратеги зорилт, урт хугацааны чиг хандлагын төсөөлөл, тэдгээрийн агуулга, хэрэгжилт нь ил тод байх;
5.1.2.төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх;
5.1.3.төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох;
5.1.4.төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах;
5.1.5.үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах; 
5.1.6.төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх.
 
 
2021 оны Төсвийн тухай хуулиар ийм ялгамжтай төсөв хуваарилах нь иргэд төрд итгэх итгэлийг алдагдуулж, үндэсний эв нэгдэл, эрх ашигт хортой. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хоёрдугаар зүйлийн 1, Тавдугаар зүйлийн 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 1, 6, 7,  Арван есдүгээр зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2.1, 2.7 дахь хэсгүүдийг Монгол Улсын Засгийн газар, ба мөн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар төсвөөс өөрийн сонгогдсон тойрогтоо давуу байдал үүсгэн, бусад аймагт амьдарч буй иргэдийн үндсэн эрхийг зөрчиж, ялгаварлан илүү хөрөнгө оруулалт хийх үйлдэл хийн зөрчсөн нь тодорхой байна.
 
Иймд Монгол Улсын Засгийн газрын УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуулийн шийдвэрийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүний өөрийн тойрогтоо давуу байдал үүсгэсэн үйлдлийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу маргаан үүсгэн, хянан хэлэлцэж өгнө үү.
Бид Төсвийн тухай хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж ерөнхийлөн энэ  мэдээллийг гаргаагүй, харин төслийг ийнхүү өргөн барьсан Засгийн газрын шийдвэрийг, мөн үйл ажиллагааг хариуцдаг, удирддаг Ерөнхий сайд, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүний үйлдэлд холбогдуулан мэдээлэл гаргаж байгааг анхаарахыг Үндсэн хуулийн цэцээс хүсье. Хэрэв Үндсэн хуулийн цэц энэ үйлдлийг хүлээн зөвшөөрсөн жишиг тогтоовол цаашид Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг Засгийн газрын зүгээс зөрчсөөр байх эрсдэлтэй болохыг дурдах нь илүүц бизээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд хуваарилагдах энэхүү мэдээллийн хариуг хууль зүйн үндэслэлтэй, энэхүү мэдээлэлд заасан үндэслэл бүрээр тодорхой, ойлгомжтой байдлаар гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.
Монгол төрийн цааз эрхэмж мэргэн, алтан буулга нь цэцэн байг!
 
Мэдээлэл гаргасан :                                    Б.Гүнбилэг
                                                                     Б.Халиунаа
 
 
 
Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Гүнбилэгээс тодруулга авснаа хүргэж байна.