sonin.mn
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд хаах санал гаргасан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 
 
 
 
УОК-оос томилсон ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараар ахлуулсан мэргэжлийн гурван баг ОХУ-тай хиллэдэг боомтуудад ажиллажээ. Тус ажлын багууд болон ГХ-ны сайд Н.Энхтайван санал, дүгнэлтээ УОК-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, эрсдэлийг үнэлснээр дээрх саналыг гаргасан байна. Уг саналыг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх юм байна.
 
 
 
ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг мөн энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах санал гаргажээ.
 
Харин шатахууны суурь үнэд нөлөөлөхүйц буюу нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортолдог Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг гарагийн зохицуулалттай болгохыг УОК-оос дэмжжээ. Тодруулбал, сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх зохицуулалт төлөвлөжээ.
 
 
Өнөөдрийн байдлаар Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 орчим тээврйн жолоочоос COVID-19 илэрчээ. Тэдгээрээс гурав нь өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан бөгөөд үлдсэн 37 жолоочийг ХӨСҮТ-д тээвэрлэн эмчлэх юм. Цаашид халдвар илэрсэн жолоочийг ХӨСҮТ рүү тээвэрлэх явцад халдвар хамгааллын эрсдэл учрахаас болгоомжилж дээрх саналыг гаргаж буйг мэдээлэлдээ тодотгов. Гэхдээ Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах, зорчих хөдөлгөөнийг хаагаагүй гэдгийг нэмж тайлбарлав. 
Засгийн газрын хуралдаанаар дээрх саналыг хэлэлцэж, Алтанбулаг боомтыг хаах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 
 
С.Мөнхбаатар
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг