sonin.mn
Коронавирусний халдварын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах ёстой.Цар тахалтай холбоотойгоор дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын зээлийн төлбөрийг 2021 оны 6 дугаар сарыг дуустал хойшлуулна. Ковид-19-ийн цар тахал эцэс болсны дараа G20 бүлгийн улс орнууд хүчтэй, тогтвортой бөгөөд тэнцвэртэй эрин үеийг цогцлоох хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ бол ням гарагт дууссан “Их20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаарх “Эр-Риядын Тунхаглал” дахь хамгийн онцлууштай өгүүлбэрүүд юм.
Эдийн засгийн чадавхиар дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтыг Арабын орнуудын дотроос Саудын Араб улс анх удаа зохион байгуулж, цар тахлаас үүдэн улс орнуудын удирдагчид цахим хэлбэрээр хуралдлаа.
 
 
Энэ удаагийн онлайн саммитаар хэлэлцсэн гол асуудал нь дэлхий дахиныг бүхэлд нь хамраад буй Ковид-19-ийн цар тахалтай тэмцэх, түүний үр дагавар, хор уршгийг даван туулах тухай байв. Хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид байдлыг тогтворжуулахын тулд уг асуудалд олон талаас нь бүтээлчээр хандах нь чухал гэдгийг оролцогч талууд мэдэгдсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
 
 
 
 
Саудын Арабын шинжээчдийн тооцоолсноор, “Их20”-ийн орнууд эдийн засагт учруулсан цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд асар их хэмжээний буюу 11 их наяд доллар зарцуулаад байгаагаас 21 тэрбум доллар нь Ковид-19-ийг эмчлэх эм, урьдчилан сэргийлэх вакцин гарган авахад засгийн газруудаас үзүүлсэн дэмжлэг юм.
Коронавирусний цар тахал, дэлхийг хамарсан хөл хорионоос үүдэн эдийн засгийн идэвхжил саарсан нь “Их хямрал”-ын үеэс хойш үзэгдээгүй тогтолцооны хямралыг өдөөсөн хэмээн Оросын Ерөнхийлөгч В.Путин үүссэн нөхцөл байдлыг тодорхойлон дүгнэлээ. Тэрбээр хэлэхдээ, дархлаажуулалтын вакцин нь бүх нийтийн хүртээл болох ёстой гэдгийг дурдаад Оросын эрдэмтдийн гарган авсан вакциныг хэрэгцээ шаардлагатай байгаа улс орнуудад нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, өнөөгийн нөхцөл байдалд олныг хамарсан ажилгүйдэл удаан хугацаагаар үргэлжлэх нь хамгийн том эрсдэл үүсгэх бөгөөд үүнийг гаргуулахгүй байх нь “Их20”-ийн үүрэг мөн.
 
 
 
“Их20”-ийн уулзалтад сүүлчийн удаа оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ, цар тахлыг даван туулахын тулд хамтран ажиллах, цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангахын тулд яриа хэлэлцээ хийх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахын тулд авсан арга хэмжээнүүдийн тухай, коронавирусний халдварыг эмчлэх инновацийн аргуудыг нэвтрүүлсэн тухай, вакцин, эм гарган авах судалгаа шинжилгээний ажлыг асар хурдтайгаар хийж байгаа тухай ярив. Түүнчлэн коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтад хамгийн түрүүнд АНУ-ын иргэд хамрагдана гэж бодож байгаагаа Трамп илэрхийлсэн тухай Европ дахь Америкийн мэдээллийн Politico Europe байгууллага мэдээлсэн байна.  
 
 
 
Саммитын үеэр Д.Трамптай холбоотой нэгэн дуулиан дэгдсэн нь, тэрбээр үг хэлснийхээ дараа бусад орны удирдагчдын ярихыг сонсолгүйгээр гольф тоглохоор явсан тухай шүүмжлэл юм. Трамп өөрийнх нь талаар худал мэдээлэл цацсан либерал хэвлэлүүд, ялангуяа телевизийн СNN сувгийг зэмлэн буруутгасан байна.    
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ “Ковид-19-ийн шинжилгээний дүнг агуулсан QR кодын дэлхий дахиныг хамарсан системийг бий болгоё” гэсэн саналыг дэвшүүллээ. “Нуклейн хүчлийн шинжилгээнд үндэслэсэн QR  код бүхий эрүүл мэндийн сертификатыг харилцан зөвшөөрөх глобал механизмыг бид санал болгож байна” гэж тэрбээр хэллээ. Тус улсад “эрүүл мэндийн код”-ын систем аль хэдийнэ нэвтэрч, иргэн бүр “улаан”, “шар”, “ногоон” өнгийн QR-кодтой болсон бөгөөд олон нийтийн газарт явах үед уг код “ногоон” байх ёстой ажээ.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ, вакцинаас гадна эмнэлгийн анхан шатны тусламж, эмчилгээний тал дээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган мэдэгдэхдээ, Туркийн эрдэмтэд коронавирусний эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж байгаа бөгөөд уг вакциныг дэлхий дахинд хүртээмжтэй байлгахыг зорьж байна гэв.
 
 
 
 
 
Зээлийн төлбөрийг хойшлуулсан нь
 
 
 
“Бид Африк болон арлын хөгжиж буй жижиг улс орнуудад онцгой асуудал үүссэнийг анхааралдаа авч, эрүүл мэндийн салбар болон нийгэм-эдийн засагт үзүүлэх Ковид-19-ийн олон талын нөлөөлөлтэй тулгарч буй хөгжиж буй болон буурай хөгжилтэй бүх орнуудад урьдын адил тусламж үзүүлэх шийдвэр төгс байна” гэж Эр-Риядын Тунхаглалд дурджээ.  
 
 
 
Энэ оны 4 дүгээр сард G20-ийн удирдагчид гадаад өрийн төлбөрөө хийх хугацааг он дуустал хойшлуулах боломжийг дэлхийн хамгийн ядуу буурай орнуудад олгосон ба үүний дараа “Их20-ийн Сангийн сайд нар хуралдаж, дурдсан хугацааг 2021 оны 6 дугаар сар хүртэл сунгах санал гаргасныг Эр-Риядын уулзалтын үеэр дэмжлээ. 
 
 
 
 
 
 
 
2020 оны 11 дүгээр сарын 13-ны байдлаар буурай хөгжилтэй 46 улс DSSI буюу “Орлого багатай орнуудын өр төлөлтийг хойшлуулах санаачилга”-д хамрагдаж, 2020 онд төлөх ёстой 5,7 тэрбум долларын зээлийн өр төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргаад байна. Түүнээс гадна, G20-ийн Сангийн сайд, Төв банкуудын ерөнхийлөгч нар ОУВС, Дэлхийн банкны 2021 оны хаврын уулзалтын өмнө дахин цугларч, өр төлбөрийг дахин 6 сараар хойшлуулах эсэхийг тухайн үеийн санхүү-эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэнэ гэдгийг “Эр-Риядын Тунхаглал”-д дурдсан байна. Үүнтэй холбогдуулан Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман хэлэхдээ, буурай орнуудын төлөх өрийг хойшлуулсан нь дэлхий даяар 1 тэрбум гаруй хүний амьдрал ахуйд тус дэм болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.  
G20-ийн удирдагчид цар тахал, ядуу буурай орнуудыг өрийг хойшлуулах гэсэн хоёр асуудлаас гадна өөр бусад олон сэдвээр ярилцав. Тухайлбал, олон жилийн турш яригдаж буй Дэлхийн Худалдааны байгууллагыг /ДХБ/ өөрчлөн шинэчлэх гэсэн асуудал бий. Тус байгууллага нь дэлхийн худалдааг либералчлах, өрсөлдөөний нөхцлийг шударгаар тогтоох, худалдаанд учирч буй саад тотгоруудыг арилгах зорилтуудаа биелүүлж чадахгүй байгааг олон гишүүн улс орнууд шүүмжилдэг бол ДХБ дэлхийн худалдааг зохицуулдаг гол хэрэгсэл байхаа больсон гэж шинжээчид дүгнэдэг.   
 
 
 
Тэр ч байтугай Д.Трамп улс орноо ДХБ-аас гаргана гэж мэдэгдэж байсан. Учир нь, тус байгууллагын гишүүн зарим улс аль хэдийнэ баян чинээлэг болсон атлаа хөгжиж буй орны статустай хэвээр байж, тус байгууллагаас хөнгөлөлт эдэлсээр байгааг Америкийн Ерөнхийлөгч шүүмжилсэн хэрэг.  
 
 
 
Бразилын Ерөнхийлөгч Ж.Болсонару-гийн үзэж байгаагаар, ДХБ-ыг шинэчлэх хэрэгцээ шаардлага цар тахлаас өмнө бий болсон бөгөөд тус байгууллага цаашдаа дэлхийн эдийн засгийг сэргээх гол элемент болно.  Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ “ДХБ-ыг орлох өөр хувилбар одоогоор байхгүй” гэдгийг хэлсэн байна.
Өөр нэгэн асуудлыг дурдахад, ,G20 бүлгийн удирдагчид уур амьсгалын асуудлыг шийдвэрлэх нь хойшлуулшгүй зорилт мөн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Жо Байден Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдэнэ гэсэн хүлээлт бий болжээ.
Цахим уулзалтын төгсгөлд Саудын Арабын хаан Салман Аль Сауд ирэх онд G20-ийг даргалах эрхийг Итали улсад шилжүүлэн өгсөн ба дараагийн дээд хэмжээний уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Гэхдээ Италид болох саммит дахиад цахимаар явагдах уу, эсвэл тухайн үед дэлхий дахин коронавирусийг ялан дийлчихсэн байх уу гэдэг талаар шинжээчид таамаглал дэвшүүлсэнгүй.
 
 
 
 
Товч тодруулга: Одоогийн байдлаар G20 /The Group of Twenty, major advanced and emerging economies/ бүлэгт Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, Мексик, Саудын Араб, АНУ, Турк, ОХУ, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн 19 улс ба Европын Холбоо багтдаг. Дэлхийн хүн амын 2/3 нь амьдардаг тус бүлгийн орнуудад дэлхийн ДНБ-ний 80 хувь, дэлхийн худалдааны эргэлтийн ¾ нь ногдож байна. 
 
Б.Адъяахүү