sonin.mn

“Schulze Global” хөрөнгө оруулалтын компанийн захирал, Ази, Африкийн орнуудын эдийн засгийн шинжээч Александр Бенард Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бичжээ. Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. 2012 оноос түүхий эдийн ханш унаж эхэлснээр 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан тус улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон. Энэ уналт тус улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг ихээхэн хумьсан билээ. Ирэх жилүүдэд түүхий эдийн ханш сэргэж эхэлбэл Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал эрчимтэй нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ Монголын хамгийн том зэсийн орд болох “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт удахгүй дуусна. Энэ төсөл Монголын эдийн засгийг сэргээж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ асар их хэмжээний орлого бүрдүүлэх юм. Харин ойрын хугацаанд Монголын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдал томоохон асуудал болоод байна. 2016 болон 2017 онд эдийн засгийн өсөлт төдийлөн өндөр байгаагүй. Ерөнхийдөө Монголд ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах санхүүжилт хэрэгтэй байна. Тэр тусмаа БНХАУ-ын санхүүжилт чухал.

 

 

БНХАУ-ын улс төр, худалдааны бодлого Азийн зарим орнууд болон Африкийн эдийн засагт Бээжингийн байр суурийг улам бататгасаар байгаа юм. Хятадын дэлхийн улс орнуудад олгож буй зээл, тусламж “Бүс ба Зам” санаачилгатай холбоотой. Энэ санаачилгын хүрээнд тус улс Азид худалдаа, стратегийн ашиг сонирхлоо ахиулах зорилготой гэдгийг ажиглагчид онцолсоор байгаа юм.

 

 

 

Нөгөөтэйгүүр, Монголд хэрэгжиж буй ОУВС-гийн санхүүжилт хөрөнгө оруулагчдын, ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудын итгэлийг сэргээхэд дөхөм болох юм. Учир нь, БНХАУын хөрөнгө оруулалтаас хараат болсон орнуудад олон улсын байгууллагууд хөрөнгө оруулах сонирхол бага байдаг. Монгол Улс Ази, Африкийн зарим орнуудын гаргасантай адил алдаа гаргахгүйн тулд БНХАУ болон олон улсын байгууллагуудын зээл, тусламжийг аль алийг нь хослуулж, эдийн засгийн хямралаас гарах хүчин чармайлтынхаа гол чиглэл болгох хэрэгтэй гэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин