sonin.mn

Аав аа, ямар зурсан байна?

- Өө миний охин чинь ёстой мундаг зурдаг болсон байна шүү. За аав нь чихрээр шагная. Харин ээждээ хэлэв ээ, тэгвэл ч хоёулаа толгойгүй гэж мэд гээд аав шүүгээндээ хадгалсан тавагтай чихрээс авч өгнө. Тэр үед юм ховор, чихэр гэдэг нүдний гэм болсон байлаа.


Би ч өдөржин зураг зураад л, аав ч чихрээ нэг нэгээр нь өгсөөр байгаад нэг их удахгүй таваг хоосорч орхино.

Аав надад цагаан толгой зааж би сургуульд орохын өмнө уншаад сурчихсан юм. Аав ойрын хараа муутай болохоор томоо гэгчийн шил зүүгээд ном сэтгүүл их уншина. Харин би аавыг дуурайж яагаад ч билээ дээ өрөөсөн тал нь хагарчихсан ээжийн хуучин шилийг зүүгээд зузаан орос сэтгүүлүүдийнх нь нэгийг бариад ойлгож байгаа мэт өдөржин үсэглээд суучихдаг байж билээ.

“Аав” – Энэ богинохон боловч хүндтэй 3 үсэг хүн хүний амнаас өөрөөр унаж, хүн бүрийн хувь заяанд өөрөөр дуурсагддаг байх. Хорвоод ирэхдээ л аавгүй нэгэн байхад, үл хайхран үрээ орхидог эцэг гэж бий. Харин би 19 жилийн амьдралаа аавтайгаа хамт үдсэн азтай нэгэн…


Эцэг хүний нөмөр нөөлөг, хайр халамж, хатуу үг, хангай шиг түшиг гээд л аавд минь эр хүний бүх л сайн чанар бий. Бас ханиа хайрлах хүний сэтгэл, үнэнч зан гэж юу болохыг би ааваасаа л мэдэрсэн юм.

 

Шинийн нэгний өглөө Амар байна уу, миний хүү гээд үнсэхэд нь саяхан хуссан сахлы нь жаахан үс хацар ирвэгнүүлж, үл ялиг сархад үнэртдэгсэн. Булган малгай тэргүүндээ тавьж, алд цэнхэр хадгаа дэлгэсэн аав минь хайр энэрэл дүүрэн харцаар биднийг ивээнэ. За хүүхдүүд минь идээ будаагаа амсацгаа гээд ууцны махнаас хөшиглөж бидэнд өгнө. Одоо эргээд бодоход аавынхаа гараас аваад нүдээ анин залгидаг байсан тэр өөхнөөс илүү амттай нь хаа ч үгүй мэт.

 

Аав эзгүй цагаан сараар угтаа бол аав минь байсан юм. Харин надад аав минь эзгүй байсан юм шиг санагддаг юм. Өвчиндөө зовиурлаж, ой ухаан нь алга болж, үг хэлж чадахаа болиод сар болж байсан аав минь тэр шинийн нэгний өглөө гэнэт уйлж билээ. Тэр нулимс бол хязгааргүй их хайр, хэлэхийг хүсэвч хэлж чадаагүй үнэтэй сургаал нь байсан байх даа.

 

Сүүлийн удаа аавтайгаа золгох гэж орных нь хажууд өвдөг нугалан суухдаа бид бүгдээрээ уйлж билээ. Аав минь цагаан сарын баярт их дуртай байсан юм. Тэгээд л хөөрхий минь сүүлийн удаа шинэлж, хэдэн хүүхдийнхээ магнайг үнэрлэж, ханийнхаа цайны дээжийг амсах гэсэндээ ч тэр юмуу хэчнээн их өвдөж шаналж байсан ч сар шинийг үзэж билээ.

 

Харин сар шинээс хэдхэн хоногийн дараа бид хэзээ ч дахиж олдохгүй эрдэнэ болсон ааваа, ээж минь хорин хэдэн жил ханилж хоёр сэтгэл нь нэг болсон ханиа үүрд алдсан даа. Аав минь гал цог нь мөхсөн дөлгөөн нүдээрээ биднийгээ эцсийн удаа харахад би 19 настай байсан. Харин алдаж бүдэрч, онож зөвдсөн 19 жилийн амьдрал минь аав хэмээх эрхэм хүнтэй хамт элээгдсэн болохоор аз жаргалтай, гэвч аавынхаа энгэрт эрхлэх хүүхэд насны минь эцэслэл байж дээ.

 

Сар шинийн нэгэндээ золгоод үнсэх нь харагданаа

Дэлхийг дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа

Уйлаад ч уйлаад ч ирэхгүй зүүдний алсад мордохдоо

Үрээ орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь дээ

Аав минь их сайхан зурдаг, гарын уртай хүн байж билээ. Багад минь зургийн дэвтэр дээр хөөрхөн хүүхэлдэй, дэгдээхэй, хүүхэд гээд л олон ч зүйл зурж өгсөн . Харин зүрх сэтгэлд минь аав хайр энэрлийн зураг зурж өгсөн. Тэр зураг дотор минь оршдог болохоор би энэ орчлонд хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулах гэдэг ямар сайхан байдгийг мэдэрсэн юм. Зүрхэнд хайр энэрлийн цэцгийг та минь зураагүйсэн бол хэн нэгний зүрх сэтгэлд охин чинь тэр цэцгийг зурж хэзээ ч сурахгүй байсан ч юм билүү.


 

Эх сурвалж: "Хөдөлмөр"