sonin.mn

Би автобусанд суухдаа кондуктор нь билет тасалж байна уу, үгүй юу гэдгийг үргэлж анзаардаг. Өгөхгүй бол “яагаад өгөхгүй байна...” гэх зэргээр хүний дургүй хүргэдэг илүү зантай л даа. Тийм болохоор миний явдаг чиглэлүүдээс аль нь билет тасалдаг, аль нь тасалдаггүйг андахгүй. Би хотын баруун дүүрэгт амьдардаг. Цахилгаан тээвэр компанийн унаанууд энэ талаар ямар ч асуудалгүй.

 

Харин Зүүн салаа-23 чиглэлийн автобуснууд билетийг үл тооно доо. Өнөө өглөө л гэхэд /2013- 01-07/ Зүүн салааны 06- 020 дугаартай автобусанд миний өмнө орсон хүмүүст билет өгөхгүй болохоор нь “билет өгөхгүй байгаа юм уу" гэчихэв. Кондуктор залуу халааснаасаа билет гаргаж ирээд “энийгээ авчаач” гэхээр нь би “өгчөөч” гэж хэдэрлээд өнгөрсөн. Энэ чиглэлийн нэг кондуктор надад “Эхний тойрогт билет өгдөггүй юм шүү дээ эгч ээ” гэж байсан юм даг.

 

Тэгэхээр тэр хүү билет өгөх ёсгүй гэдэг ойлголттой болчихож. Бас нэг нь “Та нар аваад л хаячихдаг шүү дээ гэж загнах хүн ч байдаг. Үүргээ биелүүлсэн билетийг гээхэд нэг их асуудал байхгүй л дээ. Хүмүүсийн мөнгийг ямар нэг баримт өгөхгүйгээр хурааж авах наанадаж бүдүүлэг, цаашлаад далд эдийн засаг л цэцэглүүлж байгаа хэрэг гэдгийг мэдсээр байж манайхны ихэнх нь дуугүй өнгөрдөг.

 

Шаардлага тавихаас нэрэлхдэг. Хөлдүү автобусанд ядарч яваа хүн 400 төгрөг халааслаа л биз. Би л очих газраа очвол барав гэсэн аминч бодолтой. Энэ бүхнийг нуршсан учир гэвэл, саяхнаас нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэх тухай асуудал ярьж, уг үйлчилгээг эрхлэгчид янз бүрийн тоо, тооцоо баталгаа гаргаж байна. Түүгээр бол нийтийн тээвэр элгээрээ мөлхөсөн юм байх.

 

Гэтэл санхүү тооцооны хамгийн наад захын хэрэгсэл, баримт болох зорчигчийн билетээ таслахгүй явж байгаа автобус, кондуктор өдөр тутам тааралддаг нь дээрх нэг хэмжээгээр  ташаа юм байна гэсэн бодол төрүүлж байгаа юм. Нотолгоо баталгаан дээр суурилсан биш таамаг багцаа, үндэслэл муутай гэдэг нь тодорхой байна.

 

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга    Х.Булгаагаас зорчигчийн билетний учир холбогдлыг лавлахад:
-Та нийтийн тээврийн үйлчилгээ авсан л бол үйлчлүүлсэн баримтаа авах ёстой. Кондуктор танд заавал билет өгөх ёстой. Энэ үүргийг холбогдох дүрэм журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд гэрээгээр хүлээсэн байдаг.

 

Нөгөө талаар билет тасалснаар бид тухайн компани хэдэн зорчигч тээвэрлэсэн, ямар ашиг олоод ямар зарлага гаргасан, зорчигчийн хэд нь том хүн, хэд нь хүүхэд байгаа зэрэг тээвэрлэлтийн үндсэн мэдээ тайлан гаргадаг. Билет таслалтын тоо нь тухайн чиглэлийн ачаалал, хэрэгцээ, хүртээмж ямар байгааг харуулах гол үзүүлэлт болж хотын нийтийн тээврийн ойрын болон хэтийн төлөвлөлт хийхэд ашиглагддаг. Микро автобус ч билет таслах ёстой.



Билет бол үнэт цаас гэсэн юм. Тэгэхээр зорчигчдод билет өгөхгүй байгаа нь наанадаж компанийн орлого ашиг бүрэн тооцогдохгүй цаанадаж    нийтийн тээврийн талаар гаргасан судалгаа хэтийн хөгжлөө тодорхойлоход үнэн бодит мэдээлэл болж чадахгүй байх нь. Автобусаар зорчигчдод заавал билет таслах хэрэгтэй юу гэсэн асуулт нийтийн тээврийн компанийн зарим ажилтанд тавьсан чинь автобусныхаа үйлчилгээг захын хорооллын ТҮЦ-тэй зүйрлэж байна лээ.

 

ТҮЦ-нээс юм авахдаа баримт нэхдэггүй биз дээ. Тэгвэл яагаад автобуснаас билет нэхээд байгаа юм. ТҮЦ баримт өгдөггүй ч гэсэн хөгжсөөр жижиг дэлгүүр, цаашлаад найман нэрийн дэлгүүр болдог гэж байлаа. 2012 оны 3 дугаар улирлын байдлаар нэг зорчигч тээвэрлэхэд 30-40 төгрөгний алдагдалтай байна гэсэн тооцоог Нийслэлийн    нийтийн тээврийн газар гаргасан байна.

 

Хэрэв зорчигч бүр билет авдаг байсан бол энэ тоо арай өөр гарна байх. Тэдний ажилтны хэлснээр компаниудын гаргаж байгаа зардлын 30-40 хувийг зөвхөн шатахууны зардал эзэлдэг. Цалинд 30 хувийг зарцуулдаг. Үлдсэн 20 орчим хувийг үйл ажиллагааны болон бусад зардал эзэлж байдаг гэсэн юм. Тэгвэл бидний нэг удаа үйлчлүүлэхдээ төлдөг 400 төгрөгний 120 нь шатахуунд, 90 орчим нь тухайн үйлчилж байгаа кондуктор, жолоочийн цалинд очдог байх нь.

 

Цаашлаад компанийн улсад төлж байгаа татвар дотор тодорхой хувийг эзлээд явж байх нь. Харин билет аваагүй бол энэ бүхэнд юу ч нялзахгүй. Нийтийн тээврийн хэрэгсэл зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчих онцгой эрхтэй болсноор өдөртөө дунджаар 8-10 рейс хийдэг байсан бол 10-12 рейс хийх болж орлого нь ч нэмэгдсэн гэсэн. Гэсэн ч жавар хургасан, бохир, соёлгүй хэвээр байна. Тэгэхээр эхлээд санхүүгийн сахилгатай. Дүрэм журмаа мөрддөг болчихоод дахин тооцоо хийвэл яасан юм бол...


Эх сурвалж: "Хөдөлмөр"