sonin.mn
МАН-ын үйл хэрэгт үнэнч гишүүн миний өчил
 
“Хайрт намын ачаар өөдлөн жаргасан” гэхэд одоогийн зарим хүмүүс дооглон инээж аядана. Үнэн юм үнэндээ сайхан даа. Би арван найман насандаа, багшийн сургуулийн сурагч байх үедээ МАХН-д элссэнээс хойш далан зургаан жил болж, 94 нас насалж энх тунх амьдарч байгаа өвгөн дөө. Багш нарын ачаар гайгүй суралцаж байсан тул тэд овоо үнэлж байсан болов уу. Анги даасан гавьяат багш Дэнсмаа нэг өдөр хичээл тарсны дараа намайг ангидаа үлдээж, “МАХН бол манай улс орныг удирдан жолоодогч бөгөөд эгнээндээ тэргүүний хүмүүсийг элсүүлдэг юм. Би чамайг ангийн сурагчдын дотроос сурлага, сахилга батаар сайн, бусдыгаа үлгэрлэж чадах тэргүүний сурагч гэж үздэг. Тиймээс чи МАХН-ын гишүүнд элсвэл сайн байна” гээд МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өгч, үүнийг сайн уншиж ойлгоод надад саналаа хэлэх үү? гэхэд би,
-За! гэж хэлээд уул дүрэм, мөрийн хөтөлбөрийг өвөртлөөд гарсан. Түүнийг хэд хоног уншаад, намын гишүүнд элсье гэж шийдэн Дэнсмаа багшид хэлбэл,
-Сайн байна. Намын хоёр гишүүнээр даалгадаг учир хэнээр даалгах саналтай вэ гэхэд би,
–Хорлоо багш, та хоёроор даалгавал болох уу гэвэл багш,
-Бололгүй яахав гэснээр би намд элсэх өргөдлөө бичиж, 1945 оны хоёрдугаар сарын 15-нд багш нарын намын үүрийн хурлаар “Намын зургаан сарын орлогч” гишүүнээр элсэж, хотын намын хорооны дарга Сосорбарам (генерал)-аас намын орлогч гишүүний батлахыг хүлээн авч билээ.
МАН бол Монгол улсаа харийн түрэмгийллээс чөлөөлж, тусгаар тогтнуулж монголын ард түмэнд эрх чөлөө эдлүүлэн, улс орноо удирдан хөгжүүлсэн гавьяатай. 1920 оны зургаадугаар сарын 25-ны өдөр хоёр нууц бүлгэмийн гишүүд нэгдэж, Монгол Ардын Намыг байгуулж, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, дүрмийн чанартай баримт бичиг болох “Намын хүний дагаж явах тангаргийн бичиг” гаргасан ба “ Монгол Ардын нам” хэмээх соёмбот тамгатай болсон нь түүхийн үнэн юм. 1921 оны гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Хувьсгалчдын зөвлөлгөөн, намын гишүүдийн хурлаар хөтөлбөр(тангараг)-аа бага зэрэг засамжлан “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг” хэмээн баталж Монгол Ардын намын Төв хороог сонгосон нь Монгол Ардын намыг зохион байгуулалтад оруулсан хэрэг юм.
Монгол Ардын нам үүсэн байгуулагдсан цагаас эх орноо харийн дайснаас чөлөөлж, ардчилсан засаг төрөө байгуулан бэхжүүлж, ард түмэндээ эрх чөлөө олгох, улс орондоо нийгэм улс төр, эдийн засаг, соёлын бүхий л өөрчлөлт шинэчлэлийг удирдаж хөгжүүлсэн 100 жилийн замналыг туулж ирсэн түүхэн гавъяаг Монголын ард түмэн дурсан бахархдаг.
 
МАН бол ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, үндэсний эв нэгдэл, нийгмийн дэвшлийг хангах зорилго бүхий үндэсний ардчилсан нам мөн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, ард түмнийхээ түүх соёлын нандин өв уламжлал, эх оронч хамтач үзэл, хүмүүжил, хүмүүнлэг энэрэнгүй зан чанарыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсны ардчилал, зах зээлийн эдийн засаг зэрэг соёл иргэншлийн үнэт зүйлсийг мөрдлөгө болгон байдгийг би намын ахмад гишүүний хувьд сайшаан дэмжиж, оюун ухаан, хүч чадлаараа нэмэр тус болохыг хичээсээр ирсэн билээ. Монгол Улс нь, ЗХУ-ын сэтгэл харамгүй тусламжаар шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах салбар хөгжин, үндэсний сэхээтэн, мэргэжлийн боловсон хүчин төрж, шинэ үеийн аж үйлдвэр хөгжив. Анагаах ухаан хөгжиж ард иргэдээ олон зуун жилийн архаг өвчнөөс салган эрүүлжүүлж чадсанаас нялхсын эндэгдэл багасан, хүн амын дундаж наслалт 60-аас дээш болж, 600-гаадхан мянга байсан хүн ам хөгжлийн энэ хугацаанд гурван сая гаруйгаар өсөн, Монгол үндэстэн нийтээрээ бичиг үсэгтэй болсон нь дэлхийн улс түмэнд гайхагддаг юм. Боловсролын салбар хөгжиж, манай олон мянган залуус төрөл бүрийн мэргэжил эзэмшиж эх орныхоо боловсрол, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр бүтээлтэй ажиллаж байна. Орчин үеийн урлаг, биеийн тамир, спорт хөгжин олимп, дэлхийн аварга төрж эх орныхоо алтан соёмбот далбааг дэлхийн тавцанд мандуулж Монгол Улсынхаа нэр алдрыг алдаршуулсаар байна. Манай улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэж дэлхийн 150-иад оронтой дипломат харилцаатай олон байгууллагын гишүүн болж дэлхийн улс түмэнтэй хөл нийлүүлэн хөгжиж байгаа зэрэг Монгол эх орныхоо хөгжил бадралыг өчүүхэн мөхөс өвгөн би тоочин магтаад барахгүй. МАН-ынхаа бодлого шийдвэрийг амьдралынхаа турш үнэнч шудрагаар тууштай биелүүлэхийн төлөө зүтгэн эх орныхоо соёл гэгээрэл, аюулгүй байдлыг сахин хамгаалах ажил үйлст тавиад жил алдаа эндэгдэлгүй үр бүтээлтэй ажилласаар ирснээ МАН-ын зөв мэргэн удирдлага, туслалцаа, хайр халамжийн ач гавьяа хэмээн үзэж, насан туршдаа баярлан бахархаж яваагаа хэлэх юун. Би ажиллаж байсан байгууллагуудын дэргэдэх намын хороо, үүрүүдэд намын ямар нэгэн сонгууль хүлээж явсан ба НАХЯ-ны Намын хороонд зааварлагчаар ажиллан намын ажлын зохих туршлагатай болсон доо.
 
 
 
1957 онд МАХН-ын 12 дугаар Их Хуралд зөвлөх эрхтэй төлөөлөгчөөр сонгогдон оролцсон нь миний амьдралд тэмдэглүүштэй үйл болсон билээ. Эцэст нь би, намын нэгдлийг чанд сахин хамгаалах нь гишүүн бүрийн үүрэг гэдгийг хатуу ойлгож явснаа хэлэх гэсэн юм.
 
 
 
1925 онд хуралдсан Намын Их хурлаас намын нэрэнд “Хувьсгалт “ хэмээх үг нэмэн 1921 оны гуравдугаар сарын 1-нд Троицкосавскт болсон зөвлөлгөөнөөр Монгол Ардын Хувьсгалт Нам байгуулагдсан гэж үзэж байхаар тогтож, түүнийг “Намын Анхдугаар Хурал” хэмээн үзсэн нь уг чанартаа Коминтерний явуулга тулгалтаар Монгол Ардын намыг зөвхөн хүчирхийлэл хэрэглэхийг зөвтгөсөн утгаар ашиглах гэсэн үндсэн дээр “Хувьсгалт” гэсэн үг нэмэн оруулсан хэрэг. Ер нь тэр үеэс авахуулаад хоосон хувьсгалч, урьдын харгис дайснуудыг улаан хувьсгалаар сөнөөн дарцгаая хэмээн сэтгэл нь хөөрч омогшсон залуус уриа лоозон хашгирч, тайж нар болон ноёд түшмэл явагчдыг занан давшилж байсан даа. Тийм байдлыг нүдээр үзэж, чихээрээ сонссон гэрч нь би юм. Нэг зун манайхтай ойрхон зусаж байсан Загд тайж гуай манайд ирээд, “ Хэдэн хүмүүс “Чи харгис” гэж занаад гарав. Намайг хүмүүсийг харгислаж байгаагүйг та нар мэднэ дээ” гээд нулимсаа унагаж байсныг санаж байна. Ингээд бодохлоор “Хувьсгалт” гэдэг үг бол Монголд хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт явагдахын анхны дохио удиртгал хөгжим болж байсан бололтой. Иймээс ч намын нэрэнд “Хувьсгалт” гэдэг үг байгаа нь гадна дотны хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг байсан нь нууц биш ээ.
 
 
 
Намын нэрээс “Хувьсгалт” гэдэг үгийг хасаж, “Монгол Ардын Нам” хэмээх уугуул нэрийг хэрэглэх болгосон МАХН-ын Их Хурлын шийдвэр зөв байв. Намын гишүүд болон Монголын олон түмэн иргэд ч дэмжсэн дээ. Намын нэрнээс “Хувьсгалт” хэмээх үгийг хассанаар Монгол Ардын Нам улс орноо удирдан хөгжүүлэх өөрийн зорилго бодлогоосоо гажиж өөрчлөгдсөн зүйл байхгүй.
 
 
 
МАХН явж ирсэн түүхэндээ алдаа завхрал гаргаж, дотроо санал зөрөлдөж байсан ч салж задарсан тохиолдол байгаагүй, чиг баримжаагаа алдаагүй, алдаа дутагдлаа дор бүрд нь засаж залруулан улс орныхоо үйл хэргийг удирдан жолоодсоор 100 жилтэйгээ золгох гэж байгаа билээ. Гэтэл Намын дарга байсан Намбарын Энхбаяр, намын нэрнээс “Хувьсгалт” гэдэг үгийг хэрэглэхгүй анхныхаа уугуул “Монгол Ардын Нам” хэмээх нэрээ хэрэглэх болсон Намын Их Хурлынхаа шйдвэрийг эсэргүүцэн “МАХН” гэгчийг байгуулж, уугуул намаа хагалан бутаргах гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулж, намын нэгдлийг хамгаалах үүргээсээ няцаж зөрчсөнийг яагаад ч зөвтгөж болохгүй. Н.Энхбаяр болон түүнийг дагалдагч нөхөд хэрэв намын шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол түүнийгээ намын дотор, гадна бүхий л арга хэлбэрийг ашиглан засаж залруулах талаар зөв зарчимтай ажиллах боломж нээлттэй байсан. Гэтэл тэд ийм үйл хэргийг хүсээгүй явдал бол намын нэрээс “Хувьсгалт” гэдгийг хассаныг зөвхөн шалтаг болгож, амин хувийн алдар нэр, өндөр албан тушаал горилсон далд бодолдоо хөтлөгдсөн гэхээс өөрөөр үзэх үндэс алга байна.Түүхийг мэдэхгүй байж болох боловч худал хэлж гуйвуулж болохгүй. МАХН гэгчийн дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН –ын үүсэл хөгжил, хуваагдал зөвхөн өнөөдрийн асуудал биш, тэртээ 1920 онтой шууд холбоотой, үүнээс эхлэлтэй. Хувьсгалын төлөө зөрчил тэмцэл 100 жилийн босгыг давж байна” гэснийг зөвшөөрч болно гэж үү. Тэрээр, “Ардын нам гэсэн нэр нь Хятадын гоминданы Намын шууд нөлөө байсан нь огтхон ч эргэлзээгүй. Бүр 1920 онд жанжин Д. Сүхбаатар МНРП буюу МАХН ын 100 дугаартай батлахыг Эрхүү хотноо гардан авч байснаар батлагддаг юм” гэж худал залжээ. Түүхээс үзвэл МАН гэдэг нэрийг 1920 онд хоёр бүлгэм нэгдээд өгсөн юм. 1921 онд МАН-ын Төв Хороо Засгийн газар нийслэл хүрээнд ирсний дараа олноо өргөгдсөний арван нэгдүгээр оны найман сарын есөнд Ардын Намын гишүүний 100 дугаартай бат илэрхийлэх тэмдэгт бичгийг, гишүүний хэргийг эрхэлсэн түшмэл Түддэн гарын үсгээ зурж Д.Сүхбаатарт олгоход “Монгол Ардын Намын гишүүн Д.Сүхбаатар” хэмээн гарын үсгээ зурсан баримт хадгалагдаж байдаг. Ц.Оюунбаатарын “Бүр 1921 оноос эхтэй Ардын Нам, болон Хувьсгалт намын хоорондын ялгаа, зөрчил нэгэн зууны өмнөөс эхтэй нь нэгэнт ойлгомжтой болжээ” гэдгийг хэн зөвшөөрөх билээ. МАХН гэгчийн нөхөд “бид бууриа сахиж үлдсэн” гэдэг. Намаасаа салж явсан нь бууриа сахисан болох уу. Энэ нам гэгч нь намынхаа түүхийг байгуулагдсан 2011 оноос эхлэн бичих байх л даа.
МАН-ын түүхэнд тэдний үйл явдал огт хамаарахгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Би, МАХН гэгчийг хууль бус нам гэж үздэг юм. МАХН гэгчийн нөхөд МАН-аас салан одсоноос авахуулаад МАН-ын үйл ажиллагааны эсрэг гүтгэн муучилж нэр сүрийг гутаах, Монголын ард иргэдийг хагаралдуулж, эв нэгдлийг бусниулах зорилго бүхий элдэв оролдлого хийж байгаагаас өөр эх орон, ард түмэнд тус нэмэр болох ямар үр дүнтэй үйл хэрэг явуулав гэдгийг Монголын ард түмэн үнэнээр дүгнэх байх л даа. Тэдний “ Дээд хууль” гэдэг нь одоо Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн эсрэг зүйлс гэхээс аргагүй. “Ард түмний Хуралдай” гэнэ. Тэр чинь ард олны эв нэгдлийг сарниулж талцуулан, сэтгэл санааг хоёрдуулах гэснээс өөр ямар үр дүн Монгол түмэндээ үзүүлэв ээ. Энэ намыг ганц хүн Н.Энхбаярын нам гэдэг нь үндэсгүй биш байх. Ингээд бичээд байвал нэлээд хуудас болмоор байна. Н.Энхбаяр бол нам, ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээж, хэд хэдэн өндөр албан тушаал хашиж явсан боловсрол туршлага, оюуны өндөр чадавхи, тэмүүлэлтэй хүн. Тиймээс ч би хүндэтгэж явдаг байв. Одоо Монгол орны нийгэм, улс төрийн амьдралд зөвшилцөл, эв нэгдэл л хамгийн чухал хүчин зүйл болсоор байгааг тэр ухаарах баймаарсан. МАН ба МАХН-ын тухайд хамтач, эв нэгдэл гэдэг нандин үйлст чин сэтгэл гарган зориглохоос өөр гарц харагдахгүй байна. Хоёр намын удирдлагууд намын түүхэн уламжлал, Монгол орныхоо ирээдүйн эрх жаргал, сайн сайхныг эрхэмлэн оновчтой мэргэн үйл ажиллагаа явуулах байх хэмээн Намын ахмад гишүүний хувьд итгэн хүсье.
 
Болгоохтун, Эрхэмүүдээ!
 
 
Доктор, профессор, зохиолч, СГЗ,
Дамбын ЦОГТ-ОЧИР