sonin.mn
Хөгжлийн банкнаас зээл авсан гэх компанид би нэг ч хувь эзэмшдэггүй...
 
УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй зээлтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.
 
-Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн. Нэг ёсондоо улс төрд шинэ хүн. Эндээс яриагаа эхлүүлэе гэж бодлоо. Ер нь улстөрч байх ямар байна даа?
 
Бизнесмэн байх, улс төрд хөл тавих хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй л дээ. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш иргэдийн амьдралд хэрэгтэй, бодит үр дүн авчрах цөөнгүй хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт орж ажиллалаа.  Тухайлбал, эрүүл мэндийн багц хууль, шүүхийн тухай хууль зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт хийгдсэн. Одоо банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд явж байна. Энэ бүхнээс харахад бизнесийн салбарт тодорхой бүлэг, хэсгийг чиглүүлж ихэнхидээ бие даан шийдвэр гаргадаг байсан бол одоо асуудлыг илүү олон нийтийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлж, хамтын шийдвэр гаргаж байна. Гэхдээ нэг асуудал нь ард иргэд рүүгээ чиглэсэн ажил, аливаа шийдвэрүүд хэн нэгний амин хувийн эрх ашгийг хөндөж, түүнээс үүдсэн нилээдгүй эсэргүүцэлтэй тулгардаг юм байна.
 
-Банкны тухай хуулийн төсөл нилээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Ямар учиртай өөрчлөлт оруулах гээд байна вэ?
 
Иргэд хөрөнгийн биржээр дамжин хүссэн банкны хувьцаа эзэмшигч болж, хяналт тавих эрх нь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл банкны хувьцаа эзэмшилд тавигдах тоо хэмжээний хязгаарлалтыг тогтоож өгснөөр одоогийн цөөн хүнд төвлөрсөн эрх мэдлийг саармагжуулж, чөлөөт өрсөлдөөнийг идэвхижүүлж, дагаад банкны хууль эрх зүйн орчин сайжирна.
Үр дүнд нь банкууд юм бүхэнд оролцож, улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байдал арилна. Цаашлаад зээлийн хүү буурах үндэс суурь бүрэлдэж, иргэдэд очих зээлийн хүртээмж сайжирна. Ер нь бол гол салбарууддаа шударга ёсыг тогтоох гээд зориод байна л даа. 
Харамсалтай нь сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бодит байдлыг зориуд мушгин харлуулж, сөрөг дайралтуудыг хийж энэ хуулийн төслийг гацаах гэсэн захиалгат ажиллагаа эрчимтэй явагдаж байгааг Та бүхэн анзаарсан байх.
 
-Таны хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл авчихлаа гэх мэдээллийн талаар хэлж байна уу?
 
Би 20 шахуу жил бизнес эрхэлсэн.1990 оны өмч хувьчлалын дараа бизнес эрхлэх боломж хүн бүхэнд нээлттэй болсон. Миний ойр тойрны хүмүүс бизнес эрхлэхээр яагаад надтай хамааруулж харлуулах гээд байгааг ойлгохгүй байна.  Онцлон хэлье, би Хөгжлийн банкнаас зээл авсан гэх “Вертекс” компанид нэг ч хувь эзэмшдэггүй. Зээлийн хувьд, тухайн компанийн зүгээс ч банкнаас тавигддаг шаардлага, зохих журмын дагуу барьцаа хөрөнгөө байршуулж, бизнесийн зээл авсан. Одоогоор эргэн төлөлт нь хэвийн явагдаж байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирүүлсэн.
 
-За тийм байдаг юм байж. Тэгвэл та Зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн байсан. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү?
 
-Тогтоолын төсөлд жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдийн бизнесийн зориулалтаар авсан зээл хамрагдахаар тусгасан. Өөрөөр хэлбэл 2.5 тэрбумаас дээш ямар ч  зээл энэ тогтоолын төслийн хөнгөлөлтөнд хамрагдахгүй.
Манай Баянгол дүүрэгт гэхэд л 6,000 гаруй жижиг дунд үйлвэрлэл, худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчид байдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг улирал шахуу  үйл ажиллагаа нь бүрэн зогссон.  Ямар ч орлогогүй болсон иргэд өнөөдөр яаж зээлээ, зээлийн хүүгээ төлөх юм бэ? Намайг бизнесийн салбараас сонгогдож гарсан гишүүний хувьд жаргал, зовлонг нь илүү ойлгох хүн гэдэг утгаар иргэдийн зүгээс санал, хүсэлтүүд маш ихээр ирдэг.
УИХ-ын гишүүн бол ард иргэдийн төлөөлөл. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хүлээн авч, ямар нэг гарц, шийдэл гаргахын төлөө явах ёстой биз дээ. Тиймээс энэ тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн тодорхой судалгаа, мэдээлэлд  үндэслэн боловсруулж өргөн мэдүүлсэн. 
 
 
 
Дахиад хэлэхэд, банкны тухай хууль болон тогтоолын төсөл хоорондоо ямар ч хамааралгүй. Харин гарах үр дүн нь нийгэм болоод улс төрд шударга ёс, тэгш боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас над руу чиглэсэн дайралтуудад тэр болгон хариу өгөх гэж яарсангүй. Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа илүүтэйгээр анхаарал хандуулан ажиллаж байна.
 
 
 
-Та дайралтуудтай нүүр туллаа гэж байна. Шантрахгүй цааш явж, эхлүүлсэн ажлаа дуусгана биз дээ?
 
-Би хүмүүст мөнгө тараая гэсэн хууль санаачлаагүй. Бид улс эх орондоо өөрчлөлт авчирмаар байвал хүнээ хөгжүүлэхээс өөр сонголтгүй.  Сонгуулиар гурван зүйлийн талаар л би онцолж ярьсан, сонгогчиддоо амалсан.  Нэгдүгээрт, хүний хөгжил, боловсролын тэгш хүртээмж, хоёрдугаарт, хүн ардын эрүүл мэнд, гуравдугаарт, бизнесийн орчныг сайжруулах, эрүүлжүүлэх. Тийм ч учраас энэ хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар хичээн ажиллаж байна. Ард иргэдийн зүгээс өндөр хүлээлт үүсгээд буй зээлийн хүүг бууруулахтай холбоотой энэ мэт чухал ажлуудыг улс төрийн явуургүй үйл ажиллагаа болгон сарниулахгүй байгаасай гэдгийг л туйлаас их хүсч байна. Мэдээж улс төрчийн зүгээс ирэх дайралтуудыг  мэдэрч байна, гэхдээ шантрах байсан бол энэ замыг сонгохгүй байсан.
 
 
Ярилцсанд баярлалаа.