sonin.mn
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2021.01.27/ 18 цаг 27 минутад ирц бүрдсэнээр хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн болохыг танилцуулав.
 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, П.Анужин нар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Тухайлбал, Б.Дэлгэрсайхан гишүүн хуулийн төслийн 18.1.5-д “Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон төлөвлөх боломжгүй орлогыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлогод тооцох...” гэж зааснаар Батлах хамгаалах салбарын орлого буурна. Иймд тусгайлсан чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байгуулах нь зүйтэй, эсэх талаар тодруулав. Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр хийсэн тайлбартаа, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтэд бие даасан эрх зүйн зохицуулалт оруулж буй тул бусад аж ахуйн нэгж байгуулах шаардлагагүй гэв. Ийнхүү Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж дууссан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөхийг хэлэлцлээ.
 
 
 
Төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна.
 
 
 
Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрзг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25%, Үйлчилгээний хураамж 0.75%, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5% байна гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Баделхан нар Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодоор хэлэлцэж, гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжин, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан уг вакциныг нэн яаралтай оруулж, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэхийн сацуу зөвшилцөхийг дэмжиж буйгаа хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд энэхүү вакцинжуулалт КОВИД-19 вакцины КОВАК хөтөлбөртэй уялдаж буй эсэх, Дэлхийн банкаас гадна бусад байгууллагуудтай хамтран ажиллаж буй эсэх, мөн төслийн хүрээнд нийт хүн амын жар хүртэл хувийг хамруулна гэж заасан нь хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар тодруулав.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн тайлбартаа, вакцин оруулахаар гурван чиглэлээр ажиллаж байна. Цар тахалтай холбогдуулан АНУ болон Европын Холбооны гишүүн орнууд өөрийн улсад үйлдвэрлэсэн вакцины экспортыг хязгаарлах шийдвэр гаргаад байна. Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас вакцин оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Бусад орнуудын хамтын ажиллагааны хувьд БНХАУ үнэгүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн. Хүн амын жар хүртэл хувийг хамруулна гэдэг нь бид хүүхдийг вакцинд хамруулахгүй, учир нь дэлхийн жишигт хүүхэд дээр вакцин туршсан туршлага байхгүй гэв.
 
 
Ийнхүү “Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.