Энэ өвөл чанга болж байна даа. Ихэнх нутгаар цас ихээр орж өвөлжилт хүндэрлээ. Хөөрхий малчид аль хэзээ зутраад эхэлчихсэн. Одоо тэдэнд туслах уур амьсгал ид газар авч байна. Гэхдээ нийслэл Улаанбаатарт ч байдал дээрдэх юм алга. Тухайлбал, хүн ам ихээр сууршсан Сонгинохайрхан дүүргийн иргэд л гэхэд тун эрсдэлтэй нөхцөлд өвлийн хахир улирлыг туулж байна.

 

Энэ дүүрэгт явган хүний зам бүү хэл авто зам нь цас мөсөндөө баригдсанаас осол аваар хамгийн их гардаг аж. Гулгаа ихтэйгээс Ханын материалын чиглэлийн 44 номерын автобус хүний алтан амийг хохироосон хэрэг гарч олон хүнийг хэртгийлгэсэн ч холбогдох байгууллагууд, дүүргийн удирдлагууд санамж авч арга хэмжээ зохиосонгүй өдий хүрлээ: Нэг ёсондоо нөхцөл байдалтай эвлэрсэн гэсэн үг юм уу даа.

 

Хамгийн гол нь иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу гэдэг асуулт хариултаа хүлээсээр өдөр хоног алдаж байна даа. Ер нь энэ дүүрэгт цас арилгах компанит ажил огт хийгддэггүй гэхэд болно. Жилийн жилд бахь байдгаараа...

 


Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд Сүхбаатар, Чингэлтэй мэтийн төвийн дүүргүүдийг бодвол гадуураа хашаатай, харьцангуй том талбай эзэлдэг. Дэргэд нь дүүргийн цагдаагийн хэлтсийн байр бий. Бас эрүүлжүүлэх газартай хөршлөнө. Ер нь л олон үйлчилгээ төвлөрсөн "нутаг". Энэ утгаараа хүн, машины хөл тасарна гэж үгүй.

 

Харамсалтай нь дүүргийн захиргаа орчин тойрныхоо газрыг мөснөөс нь салгах тал дээр даанч нэг санаачилга гаргасангүй байсаар шинэ оныг угтлаа. Ядаж эзэмшил болсон хашаан доторх талбайнхаа цасыг арилгасангүй.

 

-Манайх дүүргийн ард талын 53 дугаар байранд байдаг. Би хичээлдээ явахдаа хальтирч унах гээд их хэцүү байдаг. Ер нь гэрээс гараад сургууль хүртэлх зам маш их хальтиргаатай. Орчлон хорооллын хажуугаар гарахад машин зам нь, бас явган хүний зам нь тэр чигээрээ мөс. Ах эгч нийлээд байрныхаа гаднах талбайг цэвэрлэж болдоггүй юм байх даа. Над шиг хүүхдүүд нь хальтирч унах гээд ямар хэцүү байдгийг ойлгоосой. Хурдан хавар болоосой. (У.Төгөлдөр СХД-ийн 62 дугаар сургуулийн сурагч)

 


-Би дүүргийн буудлаас унаанд суудаг. Машин замтай ярих юм байхгүй. Аймаар хальтиргаатай. Автобусанд суухдаа арай гэж л ордог. Ядаж байхад автобусны жолооч нь сууж амжаагүй байхад хөдлөөд байдаг юм. Ажилдаа яарсан хүн сандарч гүйж байгаад хальтирч унавал яана. (СХД- ийн иргэн Ү. Урнаа)

 


-Ах нь ажилгүй. Гэр орноо тэжээхийн тулд архины шил, ундааны сав цуглуулж талхны мөнгөө олдог ухаантай. Өвлийн улиралд их хэцүү. Савж уначих гээд гадуур олигтойхон явж чадахгүй юм. Гай болж хальтирч унаад хөл, гараа гэмтээчихвэл сүйд болно шүү дээ. Ядарсан намайг үздэг, хардаг, асардаг эмнэлэг ч гэж хаа байх вэ дээ. Ингэж бодохоор хальтирч унахаас л их айх юм даа. (А.Сэрээнэн. СХД-ийн 27 дугаар хорооны иргэн)

 


-Манай охин гуравдугаар ангид явдаг. Хоёр ч машин зам гарч байж сургуульдаа хүрдэг. Өдөр хичээл нь 15 цагт ордог болохоор арай гайгүй. Харин орой 18:45 цагт тардаг. Энэ л хэцүү дээ. Харанхуй болсон үед машин зам гарна гэдэг балчир насныханд хэцүү шүү дээ. Ядаж байхад зам гэж зүгээр л каток. Охины маань 62 дугаар сургуульд сурдаг. Харин Манай гэр Орчлон хороололд. Сургууль гэрээс нэг их холгүй ч зам гэдэг зүгээр л там. Дүүрэг, хороо үнэхээр санаачилга муутай ажиллаж байна. (СХД-ийн иргэн С. Доржбал)

 


-Манайх Орчлон хорооллын урд талын хуучин байранд амьдардаг. Хоёр хүүхэд маань 62 дугаар сургуульд явдаг. Уг нь зам шууд гараад чөлөөтэй явдаг өргөн талбайтай байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн зүүн талд явган хүний замыг хаагаад машины гараж барьчихсанаас хойш байдал өөр болсон. Хүн машин хоёр нэг замаар л явдаг боллоо.

 

“Дулаан гараж” гэсэн хаягтай намхан шар байшин бий. Ядаж байхад тэр гаражтай залгуулаад хашаа татчихсан. Тэр хашааг явган хүний замтай тулгаад босгосон гээд боддоо. Хамгийн нэгдүгээрт хүнээ болох ёстой шүү дээ. Орой үдэш байтугай өдрийн цагаар ч машинтай шүргэлцэх нь холгүй зам гардаг боллоо. Хүүхдүүдэд л санаа зовох юм.

 

Явган хүний замыг хааж барьсан тэр гараж, хашааны зөвшөөрлийг хэн өгсөн бол? Ямар нэгэн асуудалд гарвал тэр хүмүүстэй нь хариуцлага тооцно доо.
Сонгинохайрхан дүүргийн өвлийн амьдралын нийтлэг гэж болохоор дүр зураг энэ. Нэг талаас захын дүүрэг гэхээр л хөгжил муутай арчаагүй байх албагүй гэдэг өнцгөөс нь харин Сонгинохайрхан дүүргий сонгож бичлээ.

 

Нөгөө талаас хотын төвд байдал дээрдээ юмгүй байгаа гэдгийг захын дүүрэгтэй харьцуулах  илэрхийлэхийг зорьлоо Нэгийг бодогдуулахгүй байна гэж үү?
Өдөрт 180-220 хүн гэмтлийн эмнэлэгт хүргэгдэх байгаа талаар салбарын байгууллагууд мэдээлсэн Дийлэнх нь хальтиргаг гулгаатай зам дээр явганаас унаж бэртсэн хүмүүс гэсэн.

 

Дайн байлдаан болж байгааг дэлхийн халуун цэгийг санагдуулам ийм дүр зураг нийслэлчүүд хэдийнэ дассан гэлтээ дүлий дүмбэ оргисоор Хотын захирагчийн ажлын албанаас байгууллаг болгонд ойр орчмынхоо цасыг цэвэрлэх үүрэг өгсөн Гэвч байдал дээрдсэнгүй Төрийн ордон, Сүхбаатарын талбай, за тэгээд нэр хүнд бүхий томоохон үйлчилгээний төвүүдийг эс тооцвол хүрз шүүр бариад орчин тойрныхоо талбайг цас мөснөөс нь салгаж байгаа газар тун ховор байна.

Хотын эрх мэдэл бүхий хүмүүс аргаа бараад хальтиргаанаас салгаагүй байгууллагыг торгоно гэж анхааруулсан ч байдал дээрдсэнгүй Хавар хурдан болоосой гэж залбирахаас. Гэвч өвөл дахиад л ирнэ шүү дээ.


Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”