sonin.mn

Хааяа нэг зурагтын дэл­­гэцээр “Титэм үг” унш­сан шигээ суудаг өнөөх Н.Багабанди ойрдоо бүр сураггүй шүү. МАХН-аар “туг тахи­сан”-даа бантаад өнөө муу МАН-аа ч таг мартсан бо­лолтой. Эхнээсээ хор хол­бог­дол нь танигдаж  эхлээд байгаа монголчуудад ихээхэн хохиролтой Оюу толгойн гэ­рээг батлахад “том ах” Н.Багабандийн  оролцоо ихээ­­­хэн дэмжлэг үзүүлснийг монгол­чууд саяхнаас л анзаарч байгаа.



Мань эр ихээхэн хүчин зүтгэсэн гавьяа­гаа гадны ноёдоор үнэлүүлж   Оюу тол­гойн  ТУЗ-ийн  нэг  ги­шүүнээр гэнэт тодорч,  сар­даа 40 мян­ган ногоон ха­лааслаад сууж байна. Ойрдоо “Титэм үг”-ээ ч тэрлэхээ больж, монгол­чуудын ирээдүйн тухай ганц үг ганхийхээ больсон нь 40 мянган ногооноор амаа үдүүл­сэнтэй нь л холбоотой.
“Урт шар дээлтээс бол­гоомжил” гэж муур шиг мяраасаар байж  өнөө муу Н.Энхбаярыгаа намнаж, хар гэрт хийлгэж  аваад бага ч болтугай  уужирсан  болов уу.

 

Урт шар дээл гэснээс мань эр ч хааяа намирсан урт шар дээл өмсчихсөн тууж  явдаг байсан. Гэхдээ урт шар дээл нь цаадах Н.Энхбаярт  нь л зохихоос биш Нацаг гуайн бага хүүд ихээхэн да­раатайгаас гадна  нэмнээ өмсгөчихсөн аятай эвгүй гэдэг нь.  Урт шар дээлтэй хүнээс л болгоомжлох ёстой юм бол Н.Багабанди танаас ч бас болгоомжлох хэрэг гарах нь ээ дээ, янз нь.

 

Улсын Ерөн­хийлөгчөөр хоёр ч удаа залраад үзсэн нөхөр  га­даадын томоохон ком­панийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж суудаг нь хууль номынхоо хувьд болдог ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ямартай ч  “Цэцэн Сар­туул”-ын удмын хүү дот­роо юу бодож, яаж гэ­тэж, мярааж явдаг нь өөр шиг нь л нууцлаг байх юм даа. Монголчууд хэзээнээс “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээн хэлэлцэж, Монгол төрийн ноён нуруу, төрийн хар хайрцагны бодлогыг эрхэмлэн дээдэлсээр ирсэн.

 

Гэтэл Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа сон­гогдон ажилласан  энэ хүн гадны компаниас сард 55 сая төгрөгийн цалин авчихаад чимээгүйхэн шигдэж суугааг юу гэж үзвэл зохилтой вэ. Тун саяхан л “Бузар аргаар булга нөмөрч явснаас  ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” хэмээн “титэм”-дэж суусан Н.Багабанди хүү өнөөдөр “том ах” болж, булга байтугайг хөдөрч явна.

 

Хэлсэн ярьсан нь “хийгүй” байж дөнгөөд байдаг мань эр монголчуудын хувьд ихээхэн “хийтэй” болсон Оюу толгойн гэрээний талаар төдийгөөс өдий болтол “бүлх залгичихсан” аятай ганц үг амнаасаа унагалгүй өнөөдрийг хүртэл  тэсээд яваа. Ерөнхий сайд Н.Алтан­хуяг хүртэл “Оюу толгойн гэрээнд эргэж харах, сайтар нягтлах зүйл нэ­лээд байгаа” гээд байхад өнөөх Н.Багабанди  хүү л чимээгүй суугаад байгаа нь ихээхэн сонирхолтойгоос гадна бяцхан хардлагыг эрх­гүй  төрүүлээд байгаа юм.

 

Аль эсвэл “Тэнэг хүн хэн нэгэнд харагдах гэж урд нь бултганана. Ухаантай хүн харах гэж ард нь үлдэнэ” гээд суугаад байгаа юм болов уу. Ерөнхий сайд Оюу толгойн талаар  УИХ-д мэдээлэл хийхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын гишүүд багагүй бухимдаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Эрдэнэбат дарга “Оюу толгойд Монголыг төлөөлж суугаа Н.Багабанди, Ч.Ганболд нар өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийсэнгүй.

 

УИХ, Засгийн газарт ч ямар ч мэдээлэл гаргаж өгөөгүй. Энэ хариуцлагагүй нөхдийг Оюу толгойн ТУЗ-өөс та­таж, оронд нь Монголын төлөө цохилох зүрхтэй, ажлаа мэддэг хүнийг олж  тавья” гэж хэлж харагдсан. Н.Багабанди та Оюу толгойд  ажлаа мэддэггүй, хийдэггүй юм байна. Ойрдоо “Титэм үг”-ээ ч тэрлэхгүй болж. Ер нь, та байна уу.

Эх сурвалж: "Өглөөний сонин"