sonin.mn

Хөшөө дурсгал гэдэг тухайн улс үндэстний түүх соёлын томоохон өв болдог. Энэ ч утгаараа алдартан сайчууд, ихэс дээдсүүдэд хүртэл тэр болгон хөшөө дурсгал босгоод байдаггүй. Хөшөө дурсгая гэдэг нь хөдлөшгүй том гавъяаг эсвэл түүхэн замналыг үеийн үедээ дуурсгаж, мөнхжүүлэн үлдээх гэсэн зуун зууны ард түмний гэгээн хүсэл, ариун санаа юм.

 

Түүнээс биш хөшөө дурсгал нэмэгдэх тусам тухайн газар орны хөгжил дэвшил ахиад байгаа хэрэг огт биш. Сүүлийн үед манайхан их хөшөө дурсгал босгодог болжээ. Хаа сайгүй л хэдэн зуун саяын үнэтэй мунаг мунаг чулуунууд босгоод байдаг боловч түүнийхээ утга учир, уялдаа холбоог ойлгох, дээдлэх нь цөөн. Тэгсхийгээд мартагнадаг. Нөгөөх нь төд удалгүй хөшөө дурсгал ч гэхэд хэцүү, зарлалын самбар шиг эсвэл ургаа хад шиг юм болоод хоцордог.

 

Ард нь үлдэж байгаа нь уг хөшөөний үүх түүх бус түүнийг уулнаас авчруулж, бүтээлгээд хаячихсан хэн нэгэн дарга удирдлага, ноён эрхмийн нэр хүнд, нийтэд үнэлэгдэх гэсэн санаа төдийхөн аж. Гэтэл энэ нь хичнээн үнэтэй цэнэтэй, бэлэг дэмбэрэлтэй эд болохыг хэлээд өгөх газар байтугай учирлах хүн ч алга. Манай улсад түүх дурсгалын гэрч болсон хөшөө дурсгал их байдаг.

 

Түүнчлэн хамгийн их хөшөө дурсгалтай газар нь найрамдлаар овоглосон Дархан хот гэлцдэг. Тус хотод түүхийн бэлгэдэл, учир утгатай 80 гаруй хөшөө дурсгал байдаг аж. Тэд үүнийгээ хайрлан хамгаалдаг, арчилдаг, нутгийн иргэдээс нь гадна ирсэн явсан хүмүүс нь хүндэтгэн дээдлэдэг байна. Харин манай Хэнтий аймаг улсдаа үүх түүхийн ховор олдвороор, хөшөө дурсгалаараа нэлээд дээгүүрт ордог боловч

 

Хаан Чингисийн өлгий нутаг хэмээн зориод ирсэн хэнд боловч үзүүлж харуулаад байх гоц гойд, цогц сайхан зүйлс гарын таван хуруугаар тоологдох нь харамсалтай. Иймээс бид энэ удаагийн дутаараас эхлэн "Түүхийн жимээр" буландаа хөшөө дурсгалын талаар тодорхой хэмжээний цуврал материал бэлтгэн нийтлэхээр боллоо Өнгөрсөн зуунд Хан Хэнтий нутагт доорхи хөшөөнүүд сүндэрлэсэн байх юм.

Хэнтий аймгийн хөшөө дурсгалууд

• Өндөрхаан хот дахь Чингис хааны морьтой хөшөө

•Өндөрхаан хот дахь Чингис хааны 9 өрлөг жанжины хөшөө

•Өндөрхаан хот дахь Хардэл жанжин бэйс, Өвгөн ноён М. Пүрэвжавын хөшөө

•Өндөрхаан хот дахь Анхны хороон дарга М.Пунцаг жанжины хөшөө

•Өндөрхаан хот дахь Хэлмэгсэдийн хөшөө

•Өндөрхаан хот дахь Танктай хөшөө буюу Дайчдын хөшөө

•Өндөрхааны цэцэрлэг дахь Эрийн гурван наадмын хөшөө

•Өндөрхаан хот дахь Саальчин Цэвэлмаагийн хөшөө

•Дадал сумын Гурван нуур дахь Чингис хааны гэрэлт хөшөө

•Дадал суман дахь Боданчирын гэрэлт хөшөө

•Дэлүүн Болдогийн орой дээрх хөшөө

•Хэрлэнгийн хөдөө арал дахь Чингис хааны гэрэлт хөшөө

•Дэлгэрхаан суман дахь Монголын нууц тавчооны 750 жилийн ойд зориулан босгосон гэрэлт хөшөө

•Хар зүрхний Хөх нуур дахь дурсгалын хөшөө

•Батноров суман дахь Хүлэг Боорчийн Гэрэлт хөшөө

•Батноров сумын Идэрмэг багийн нутаг дахь " Морин соёлын дуулал" гэрэлт хөшөө

•Дархан суман дахь Төрийн шагналт, зохиолч Р. Чойномын хөшөө

•Мөрөн суман дахь зохиолч Д. Содномдоржийн хөшөө

•Өмнөдэлгэр суман дахь Хилчин баатар X. Дамбын хөшөө

•Өмнөдэлгэр суман дахь Айл харганы гэрэлт хөшөө

•Баянхутаг суман дахь Босоо хэмээх Самдан аваргын хөшөө

•Биндэр суман дахь Чингис хааны Их хуралдай зарлаж байсан газар босгосон Чингис хааны хөшөө

•Галшар суман дахь Морины хөшөө

•Галшар суман дахь Өвгөн ноёны гэрэлт хөшөө

•Норовлин суман дахь яруу найрагч Ц.Нэргүй агсаны хөшөө

•Баян-Овоо суман дахь Гүрмийн нуурын дуун хөшөө

 

Cop болохоор сайхан бүтээлүүд үүгээр зогсохгүй. Гэвч эдгээр хөшөө дурсгалыг хэн хариуцдаг, хэрхэн арчилж хамгаалдаг нь тодорхой бус. Хэнтий аймгийн хөшөө дурсгал сүндэрлэсэн газруудын хаана нь ч очиход үүх түүхийн ховор дурсгал болох дээрх хөшөөд хүйт даасан, хөсрий чулууд болон хувирч, зарим нэг нь бүр зарлалын самбар, ургаа хад мэт болж буйг дээр дурьдсан. Нутгийн иргэд, хүүхэд залуучууд хөшөө байрлах саад, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газрууддаа очих хамгаас дуртай. Гэсэн хэдий ч тэдгээрийг ямар учраас хэзээ, хэн, юугаар, яаж бүтээсэн.

 

Ямар утга учиртай, үүх түүхтэй, ямархан агуулгатайг битгий хэл тийшээ яах гэж зүглэж буй, хэний юуны хөшөө болохыг ч ихэнх нь  огтхон ч мэддэггүй. Мэдээж тухайн бүтээлийн үнэ цэнэ болоод утга агуулгыг мэдэхгүй хүн яаж түүнийг хайрлан хамгаалах билээ. Хүүхдүүд хөшөөн дээр элдвийн зураг зурж, эрээчиж сараачих, залуус ойр орчмоор нь шар айраг, ундаа ууж хог тарих, нутгийн "индианууд" нь хатуу юм балгаж суудаг архины мухлаг, дэрлээд унтчихдаг гэх зэргээр нутаг усныхаа түүх соёлын үнэт өвийг гутаан доромжилж, элээсээр өдий хүрчээ.

 

Хэдэн жилийн өмнө дөө. Ямар сайндаа л Чингисийн хөшөөнийхөө сэлмийг туучихсан байхав дээ. Харсаар байж засаг захиргаа нь ч үүнийг нэг их тоож авч хэлэлцдэггүй бололтой юм. Аймгийн төвийн цөөхөн хэдэн хөшөөнүүдийн дүр зураг үнэхээр эмгэнэлтэй. Хэрэв та анзаараагүй бод дэргэдүүр нь өнгөрөхдөө нэг тогтоогоод харчихад гэмгүй.

 

''ЕБС-ийн хүүхдүүдэд багаас нь энэ тал дээр нь зааж сургаж, үүх түүхийг нь үзүүлж харуулж байвал их зүгээр юм. Угтаа ухамсарт нь суулгах хэрэгтэй байгаа юм даа" гэх настнуудын яриа туйлын зөв аж. Үүх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үнэн үг ажээ. Бид нутаг орныхоо үүх түүх, хөшөө дурсгалыг мэдэж байж, үнэ цэнийг нь ухаарч хүндэтгэн дээдлэх буюу. Эндээс үүдээд олон сайхан арга хэмжээ үйл ажиллагаа зохиож болох санаа байгаа юм.

 

Хамгийн энгийн нэг санаа байна л даа. Уг нь "Хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр" гэж нэг өдөр байдгийг мэддэг бол бид залуусаа, хүүхдүүдээ, иргэдээ уриалаад сайн дурын бяцхан ч болтугай үйл ажиллагаа зохион байгуулахад хүмүүс нэлээд зүйлийг ойлгох биз ээ.

 

Эл өдөр жил бүрийн 4-р сарын 18-нд тохиодог бөгөөд улс орнууд тус өдрөөр хөшөө дурсгалынхаа түүхийг судлах, хамгаалах ажилд түлхүү анхааран тэмдэглэдэг билээ. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш ойлгодоггүй гэж. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн их ой тохиож буй өнөө жилийн бүтээлч ажлуудын нэг нь ч болтугай энэ зүгт чиглээсэй.



-Алдарт Саальчин Найданжавын Цэвэлмаагийн хөшөө

Биндэр сумын уугуул тэрээр Хөдөлмөрийн баатар Хомбоодойн туршлагаар үнээ хайдагшуулан нутгийн үнээ бүрээс 1000-аас дээш литр сүү саасан анхны мянгат саальчин. Хөдөө аж ахуйн салбарт социалист хөдөлмөрийн бригадыг анх санаачилж байгуулсан. 18 насандаа Сүхбаатарын одонгоор шагнуулж АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Олон улсын ардчилсан эмэгтэйчүудийн 6-р их хуралд / Копенгагед/ төлөөлөгчөөр оролцож тус холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан. Харамсалтай нь ид хийж бүтээх идэр залуу 20 хүрэх насандаа хүнд өвчнөөр таалал төгссөн тул түүний хөшөөг Өндөрхаан хотноо одоогийн Баян-Эрдэс ХХК-ийн өмнөх талбайд мөнхөлжээ.



-Өндөрхаан хот дахь Хардэл жанжин бэйс өвгөн ноён М. Пүрэвжавын хөшөө

Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авъяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Сэцэнхан аймгийн Бишрэлт вангийн хошууны хошуу ноён, Сэцэнхан аймгийн туслагч жанжин, Хардэл жанжин бэйс олноо "Өвгөн ноён" хэмээн алдаршсан Мижүүрдоржийн Пүрэвжавын хөшөө Их эзэн богд Чингис хааны нутаг Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо сүндэрлэн босчээ.

 

Энэхүү хөшөөг хойчийн залууст алдар гавъяаг    нь мөнхлөх зорилгоор "Хардэлбэйс сан"-гийн тэргүүн МУМ Уяач Б.Билэгдэмбэрэлийн санаачлагаар босгосон бөгөөд хөшөөний суурийг Өвгөн ноёны төрсөн нутаг Галшар сумаас дээжлэн авсан байна. Хөшөөг Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уран барималч Н.Батжаргал урлажээ.



-Чингис хааны цэцэрлэгт хүрээлэн буюу Өндөрхаан хот дахь Чингис хааны 9 өрлөг жанжины хөшөө

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил 2006 оны 6-аар сарын 11-ний өдөр Чингис хааны цэцэрлэгт хүрээлэнг нээсэн. Эзэнт гүрний байлдан дагуулсан орнуудын газрын зургийг 16x4 м-ийн самбарт байрлуулж, Их 1 хааны 9-н өрлөгийг дүрслэн, алтан ургийн хаадын нэрсийг сийлбэрлэсэн. \Зураач Б.Хонгорзул\



-Чингисийн морьтой хөшөө

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан их эзэн Чингис хааны морьтой хөшөөг босгожээ. Хүрэлээр хийсэн тус хөшөөг тусгайлан баруун хойд зүгт харуулан байрлуулсан    нь Бурхан Халдун уулаа харж байгаагаар бүтээсэн хөшөөний баруун хойд зүгт Бурхан Халдун уулаас тусгайлан авчирсан чулууг байрлуулсан. Дашрамд сонирхуулахад, Өвөр Монголын Хайлаар хотынхон Бурхан Халдун уулын чулууг дээдлэн шүтэж хиймэл уул байгуулан оройд нь залсан байдаг. Хөшөөний дор

"Биеийн хүчээр ганцыг ялъюу.
Сэтгэлийн хүчээр олныг ялъюу"

гэсэн Их Хааны хэлсэн үгийг сийлсэн байдаг. \Зураач Ж.Нанзаддорж\

 

Д.Бат-Эрдэнэ

Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"