Газрын ховор элементгүйгээр машин, гар утас гээд л та бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй.

Хүн бүрийн мэдээд байдаггүй энэ 17 бүлэг элемент дулаан, цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа таны дуу сонсч яваа шүдэнзний хайрцагнаас ч жижигхэн iPod-оос эхлээд дэлхийн нэлээд хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог байна.

 

Газрын ховор элементүүдэд лантан, цери, празеодим, неодим, проимети, самарц, европи, гадалони, терби, диспрози, гольми, эрби, тули, иттерби, лютеци гэсэн лантаноидууд болон иттри, сканди багтдаг байна.

 

Эдгээр 17 элемент нь дулаан, цахилгааныг төгс дамжуулдаг ижил шинж чанаруудтай гэдгээрээ өдгөө дэвшилтэт технологи дээр суурилсан орчин үеийн хүмүүсийн амьдралын нэгэн амин чухал эд эс болсон байна.

 

АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40-өөд хувь нь Хятадад (Өвөрмонголд), үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг байна.

 

Гол хэрэглэгч нь АНУ, Япон, Франц, Герман зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн талбарт тэргүүлэгч орнууд. Дэвшилтэт технологиуд үүсч хөгжөөд, мэдээллийн технологийн эрин эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэтэл газрын ховор элементүүдийн асуудал яагаад өнөөдөр хурцаар тавигдаж эхэлсэн юм бол.

 

Үүний хариултыг ойлгоход төвөггүй. Учир нь, нийт нөөцийн 37 хувь Хятадын Өвөрмонголын газар нутагт байдаг ч тус улс дэлхийн нийт хэрэгцээний бараг 97 хувийг хямд үнээр хангасаар ирсэн байна. Нэг ёсондоо газрын ховор элементийн талбарт монополь тоглогч байсан гэсэн үг.

 

Тиймдээ ч Хятадын Ерөнхийлөгч асан Дэн Сяопин нэгэнтээ "Ойрхи Дорнод газрын тостой бол Хятад газрын ховор элементүүдтэй" гэж хэлж байжээ. 2009 онд л гэхэд дэлхийн хэмжээнд 124 мянган тонн газрын ховор элементүүд зах зээлд нийлүүлсний 120 мянгыг нь Хятадад олборложээ.

 

Гэвч өнгөрсөн жилээс тус улс экспортын хэмжээгээ эрс хумиж, ховор элементийн зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Тус улс энэ жил экспортоо огцом буюу 70 хувиар бууруулж, 2012 он дуусахад бүрэн зогсоох тухай ярьж байжээ.

 

Энэ зорилгынхоо хүрээнд газрын ховор элементүүдийн экслортын татварыг өсгөж, томоохон уурхайнуудаа хаагаад байгаа. Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээрх зарим ховор элементийн үнэ ганцхан жилийн дотор даруй гурав дахин өссөн байна.

 

Хятадын хийж буй энэ алхмыг зарим ажиглагч Хятад улс ирээдүйдээ зориулан нөөцөлж байна гэж тайлбарлаж байгаа бол өөр бусад нь энэ зах зээлд монополь байдлаа ашиглан газрын ховор элементүүдийн үнийг өсгөх гэж байна гэж шүүмжилж байгаа.

 

Хамгийн том нийлүүлэгч экспортоо ингэж огцом хумиж байх зуур сүүлийн арван жилийн турш жилд 8-11 хувиар өссөн газрын ховор элементийн эрэлт ирэх жилүүдэд илүү хурдан, 2012 он гэхэд 2008 оныхоос 77 хувиар өссөн байна гэж Дэлхийн худалдааны байгууллага мэдээлж байна.

 

Дэлхийн хүн ам асар хурдтай өсч, хэдхэн жилийн дотор долоон тэрбумд хүрчихээд байхад хэрэглээ нь дагаад өсөх нь ойлгомжтой. Тиймээс Хятадын гэнэтийн хатуу бодлогын гэрэлд цохиулсан дэвшилтэт технологийн салбарын гол тоглогчид өөр арга зам хайн тал тал руу сандралдан гүйж эхэлсэн байна.

 

АНУ, Герман, Канад. Австрали зэрэг улс шинэ шинэ нөөц хайж, уурхай нээх аянд мордоцгоосон бол Япон улс цахилгаан машин, салхин сэнс үйлдвэрлэхэд ордог газрын ховор элементүүдийнхээ хэмжээг бууруулах, орлуулах эх сурвалж бий болгох ажилд ханцуй шамлан оржээ.

 

Японы Засгийн газар энэ ажилдаа хэдийнэ нэг тэрбум ам.доллар төсөвлөсөн байна. Гэсэн ч энэ арга зам нэг л бүтэлтэй болохгүй байгаа бололтой. "Тоёота" компанийн мэдээлснээр, бидний сайн мэдэх Prius машины батерейг үйлдвэрлэхэд 10-15 килограм лантан ордог байсан бол уг автомашины шатахууны хэрэглээг илүү багасгахын тулд лантаны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэнэ.

 

Ингээд бодохоор дэвшилтэт технологи, автомашин, электрон барааны үйлдвэрлэл дээр тогтдог Японы хувьд газрын ховор элементийн төлөө үхэн хатан зүтгэх нь ойлгомжтой. Европын хувьд тулхтай ногоон эдийн засгийг бүтээж өөрсдийн уриалан дуудаж, манлайлдаг ногоон бүхнийг бий болгохыг хүсвэл мөнөөх л газрын ховор элементэд мөнгө хайрлахгүй зарцуулах хэрэгтэй болно.

 

АНУ газрын ховор элементгүй бол Цахиурын хөндийд юу болох бол. Дэвшилтэт технологийн талбарт тоглогч бусад орны хувьд ч газрын ховор элементүүдийн хойноос хөөцөлдөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Тэгвэл тэдгээр эрдэнэсийн эрэлчдийн хараандаа авсан газрын нэг нь Монгол Улс. Манай улсын нутаг дэвсгэрт 60 гаруй газарт ховор элементүүдийн орд илрээд байгаа аж.

 

Хэдийгээр нийт хэмжээг хараахан нарийн тооцож гаргаагүй байгаа ч хамгийн том нь болох Өмнөговийн Мушгиа худаг хэмээх орд Өвөрмонголын Баян-Овоогийнхтой бараг дүйцэхүйц буюу 200 сая орчим тонн газрын ховор элементүүдийн хүдрийн нөөцтэй юм байна.

 

Энэ бүхнээс үүдээд бүр "ховор элементүүд Монголд ховор биш" гэсэн үг хүртэл гарчихаж. Гаднынхан манай "ховор биш" элементүүдийг хараандаа аваад зогсохгүй хэдийнэ хамтран ажиллах саналаа тавьчихаад байгаа. Хятадын экспортын 65 хувийг авдаг Япон улс л гэхэд манайх руу хэдийнэ хандаад байгаа.

 

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 2-нд Ерөнхий сайд С.Батболдыг Японы улсад айлчлах үеэр тус улсын Ерөнхий сайд байсан Наото Кан газрын ховор элементийн талбарт манайхтай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, хайгуулын төсөл эхлүүлэхээр зөвшилцсөн.

 

Үүнийгээ дараахан нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үөэрээ ч дахин бататгасан. Үүнээс гадна АНУ-ын "GTSO" компани Монголын талтай хамтран ажиллахаар хэдийнэ тохиролцоод, Төв аймгийн Авдрантаас илэрсэн ховор элементүүдийг шинжлэхээр өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгос pуy авсан тухайгаа мэдээлж байсан.

 

Хамгийн сүүлд Германы Канцлер хатагтай Ангела Меркель Монголд хийсэн айлчлалынхаа үеэр сэргээгдэх эрчим хүчний салбарт зайлшгүй шаардлагатай байгаа газрын ховор элементүүдийг Монголоос нийлүүлж хамтран ажиллахаа хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

 

Цаашлаад маргааш Улаанбаатарт эхлэх "Metals Mongolia" уул уурхай, металлургийн олон улсын бага хурлын үеэр Монголын газрын ховор элементийн талаар тусгайлан авч хэлэлцэх гэж байгаа сурагтай. Энэ бол зөвхөн эхлэл. Газрын ховор элемент ховордох цагаар Монголын эрэлт улам өссөөр.


Б.Нарантуяа

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”