Манай сурвалжлах хэсэг энэ сарын 15-нд Налайх дүүрэгт ажиллалаа. Цаг наашилж хүн, малын зоо тэнийм налгар өдөр байсан ч Нийслэлийн захирагчийн шийдвэрээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 186 уурхайн амыг хаасан нь уурхайчдын амьжиргааг гал алдахад хүргэсэн учир уур уцаар, гомдол маргаан зэрэгцсэн өдөр байлаа.
 
 
Нийслэлийн захирагчийн энэ шийдвэр олон хүний амийг авч, олон арван хүнийг насаараа эрэмдэг зэрэмдэг болгоод байгаа эрсдэлтэй ажлын байрыг хааж байгаа гэдгээрээ уурхайчдын төлөө юм шиг боловч хэзээ, ямар аюулгүй ажлын байрыг бий болгож, хэдэн хүн ажилтай болгохоо төрийн албаныхан тэдэнд тодорхой хэлж чадсангүй.
 
 
"Нүхэнд ороод гарахад" өдөртөө 40-50 мянган төгрөг олдог ч хажууд нь хүн үхэж байна. Тэр үхэл маргааш, магадгүй хэдэн хормын дараа өөрт нь ирж магад гэдгийг мэддэг ч энэ ажлаа орхих сэтгэл байхгүй нь уул уурхайн аврах ангийн үүдэнд Нийслэлийн захирагчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа олноос илт байлаа.
 
 
Энэхэн зуур өвөө, эмээ маань "Хүн үхсэнээсээ, тэмээ сэгнээсээ айдаг" гэж ярьдаг байсан нь бодогдож энэ хүмүүсийн айх, цэрвэх гээч юм үгүй болж. Дасал болж боломгүй зүйлд дасч дээ. Энэ хүмүүсийг 400 мянган төгрөгийн цалин өгье, аюулгүй ажлын байранд ажилла гэвэл ажиллах болов уу? Өвгөдийн маань "өнөөдрийн өөхнөөс, маргаашийн уушги" ч гэж үг байдаг даа гэхчилэн эргэцүүлэл сэтгэлд хөвөрнө.
 
 
Өнөөх "баялгийн хараал" гээч нь биш үү гэх бодол ч толгойд орсноо нуух юун. Энэ хүмүүсийг яавал өөрсдийг нь тосч байгаа хатуу тавилангаас зайлуулах вэ, эрэмдэг зэрэмдэг болчихоод хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй болсон хүмүүст төрийн бодлого шийдвэр хэр наалдацтай байдаг юм бол гэсэн бодол тээж ослын уршгийг бие, сэтгэлээрээ эдэлж яваа хоёр залууг зорьж уулзсан юм.
 
 
Тэд Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан "Сартах" ХХК-д малтагчаар ажиллаж байжээ. Осол 2009 оны гуравдугаар сарын 17-ны 22 цагийн орчим уурхайн аманд нуралт үүссэнээс болжээ. Тэд дарагдаад Хажидсүрэн хоёр хөлөө бүдүүн гуяараа, Хүрэлбаатар баруун хөлөө өвдөгний дээгүүр нь тайруулжээ.
 
 
Тэд одоо 35 настай. Хоёулаа гэр бүлтэй. Гэр бүлийнх нь хүмүүс ажил хийдэггүй. Хүрэлбаатар халамжийн тэтгэврийн 103600 төгрөг л авдаг. "Гуйж ажилд орсон, ажилд ороод cap болж байгаа" гэх зэрэг шалтгаанаар/ шалтгаан биш шалтгаан юм даа/ түүний ослыг ҮО биш, ахуйн осол хэмээн бүртгэжээ.
 
Хажидсүрэн группийн 200 гаруй мянган төгрөгийн орлогоороо таван ам бүлээ тэжээдэг. Сартахын эзэн тэдэнд өвлийн нүүрсийг нь өгдөгт тэд баярладаг. Мөч дутуу болсон тэд "Гал алдахгүй байлгаж байгаа нь их юм" гэж хэлж байлаа. Хажидсүрэн "1999 оны зуднаар малгүй болоод Налайхын уурхайд ажилласан.
 
 
Таван хүүхэдтэй айлын отгон хүү. Гурван хүүхэдтэй, бага нь хоёр ихэр, найман настай. Хөлтэй байхдаа ажлын хажуугаар хаягдал төмөр цуглуулж тушаахаас эхлээд мөнгөөр тасардаггүй байсан. Одоо ах дүү нар харж ханддаг ч тэд өөрсдөө мөр мөрөө хөөсөн амьдралтай. Насан туршдаа надад илүүчилж явна гэж юу байхав дээ.
 
 
"Сартах" ХХК-иас ямар ч байсан түлш тасалдаггүй юм даа. Шавар байшин маань өвөлдөө их хүйтэн болохоор мөнгөөр түлш авахгүй байгаа нь их юм шүү. Осолд ороод хоёр cap ухаангүй байсан. Хоёр хөлгүй болоод дөрвөн жил болж байна. Группийн хэдэн төгрөгөө авах гэж сардаа нэг удаа л гэрээс гардаг.
 
 
Гэрээс гараад над шиг тэргэнцэртэй хүнд зориулсан зам гарц байхгүй. Эмнэлэгт хэвтээгүй, сувилалд хэвтэж сувилуулаагүй гээд групп сунгахгүй гэх. Сувилалд явъя гэхээр тэнд над шиг хүнд зориулсан бие засах газар ч байхгүй. Тахир дутуу хүнд бие засах гэдэг хамгийн хэцүү байдаг. Суугаагаар хийж болох ажил байвал ямар ч хамаагүй ажил хийх юмсан.
 
 
Гэрийн шаахай хийх, эсгий олбог ширэх гээд ойр зуурын ажил оролддог. Хийж байгаагүй юм болохоор дадлагажихгүй л байна. Үүнийг зааж сургадаг хүн нь мань мэтэд олдохгүй. Сургалтын зар сонсоод яваад очъё гэхээр мөн л босгоо давж орж, гарах гээд бөөн бэрхшээл. Санаагаар болдог бол төсөл энэ тэр гэлгүй над шиг хүмүүст ажлын байр гаргаад ажил хийлгээд цалинжуулдаг байвал хамт олны дунд сайхан байхсан.
 
 
Сартахад гурван жил хамт ажилласан болохоор тэр хүнийг шоронд хийгээд яахав гэж бодоод "Намайг битгий хаяарай" гэж хэлээд л гуйгаад байсан бичигт нь гарын үсэг зурсан. Ослын үеэр шороонд 22 цаг дараатай хэвтсэн. Аврахынхан цооногт /нүхэнд/ ороод жоохон шороо шавар нурахаар л пир хийгээд гараад зугтчихна.
 
 
Нуралт таазан, хавсан гээд янз бүр байдаг. Чадварлаг аврагч байсан бол намайг богино хугацаанд гаргаж авч чадах байсан. Аврахынхан ар гэр болоод бусад хүмүүсийг оруулахгүй. Өөрсдеө ухаж гаргаж чадахгүй. Мэдээж тэд хүнийг аврах үүрэгтэй ч өөрсдийгөө хамгаалах ёстой, бас ажиллагаа нь дүрэм журамтай байдаг л байх.
 
 
Миний бодоход уурхайд ажиллаж байгаа хүмүүсийг аврах ажилд дайчилж баймаар, аврахынхан туршлагажмаар юм билээ. Зарим нөхцөлд дүрэм журам хараад байхгүй санаачилга гаргаж баймаар юм байна лээ. Юу гэхэв дээ, 22 цаг шороонд дараатай хэвтэхдээ юу эсийг бодох вэ. Харамсдаг юм аа" хэмээн ярьсан.
 
 
Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. "Чи юу мөрөөддөг вэ мөрөөдлөөсөө хуваалцаач" гэхэд сайхан байшинтай болох юмсан гэж боддог хэмээн энд тэндээсээ нурсан шавар байшингаа тойруулан харж хэлсэн. Ийнхүү дээрх нэг удаагиин ослоор нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эрэмдэг болсон учир "Уурхайн эзэн шоронд орно" гэж Хажидсүрэн ойлгож.
 
 
Гэтэл 2008 оноос хэрэгжиж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар Үйлдвэрлэлийн осол /ҮО/ гаргачихаад түүнийг нуусан бол, нуусан гэдэг нь тогтоогдвол 250 мянган төгрөгөөр л торгуулна. Харин ҮО гаргасан бол 1,5-3,0 сая төгрөгөөр торгуулах, эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг хариуцах ёстой.
 
 
Одоо Сартахын эзэн Чулуунбаатар Баянхонгорт ямар нэг уурхай эрхэлж байгаа сурагтай. Бие сэтгэлийн зовлон эдэлж суугаа энэ залууд газар дэлхийн хишгээс гар тэнийлгэж байшин барьж өгч мөрөөдлийг нь биелүүлчихвэл буян болохсон.
 
 
Цэл залуугаараа хоёр хөлгүй болсон ч Монгол эр хүний уужим сэтгэлийн хат зааж, нөхрийг шоронд хийгээд ч яахав хэмээн бодсон тэр хүний хорвоод өөрийнх нь голомтыг залгах үрдээ хүний дайтай, халуун дулаан амьдрах гэр орон мөрөөдөж сууна. Харин Хажидсүрэнтэй хамт осолд орсон С.Хүрэлбаатарынд очиход өөрөө эзгүй байсан.
 
 
Гар нь улаан шороо болчихсон гаднаас орж ирсэн тэрээр тоосго ачаад ирж байна гэлээ. Нэг ширхэг тоосгыг таван төгрөгөөр ачдаг гэнэ. "Унаж ойчоод дахин бэртэх вий гэж айхгүй байна уу" гэхэд "Айлаа гээд яахав дээ тал ч гэсэн талхны мөнгө олж амьдрах хэрэгтэй байна. Аавынхаа хашаанд, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
 
 
Суугаагаар хийдэг ажил байвал юу ч хамаагүй хиймээр л байна" хэмээн ярьсан. Энэ бол нэг удаагийн осол шүү дээ. Хоёр залуугийн амьдрал ажил хийгээд олж байсан мөнгөөр нь дутагдаад зогсохгүй, Хүрэлбаатар эхнэрийн хамт сэтгэл санаа, үр хүүхдээ хайрлаж хамгаалах, бусад аавын адил хүүгээ өргөн эрхлүүлэх чадалгүй гээд бидний тоочиж мэдэхгүй өчнөөн зовлон байгаа.
 
 
Түүнчлэн тэдний ээж аавд "Хүү минь амьд байгаа нь их юм гэж бодох нэг үе байхад хүүгээ ийм болохыг харахын оронд үхэж байх минь яав даа хэмээн халаглах өдөр ч байдаг" гэнэ. Тэдэнд хөл ургуулж чадах шидтэн гэж энэ хорвоод үгүй. Харин тэд гурил будаа гуйж биш хоёр гараараа ажил хийж, нар салхинд гарч, хүмүүсийн дунд хүний жишгээр ажиллаж амьдрахсан хэмээн хүсч байна.
 
 
Тэдний төлөө Монголын төр, Шинэчлэлийн Засгийн газар юу хийж байгаа ямар бодлого баримталж байгаа юм бол гэсэн бодол тээж тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргыг зорилоо. Налайх дүүрэгт 4,0 мянган иргэн идэвхтэй ажил хайж байгаа аж.
 
 
Хүн ам зүйн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах чиг үүрэг бүхий хэлтэстэй болсон. Энэ албаны ажил хөгжлийн бэрхшээлтэй болчихоод ядарч суугаа залууст маань хэрхэн хүрч байгаа талаар Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Нямсүрэнтэй ярилцлаа. 
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар танай хэлтэс ямар ажил хийж байна вэ?
 
-Хэлтэс маань нэг талаас нь харвал шинэ. Арай өөр өнцгөөс харвал өмнөх Засгийн газар нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний харилцаатай хамтад нь авч явж ирсэн болохоор цоо шинэ бүтэц бас биш.
 
Шинэчлэлийн Засгийн газар хүндээ чиглэсэн үндсэн гэх найман хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, тэд юу хүсч тэдэнд ямар хэрэгцээ байгааг судлахаар төлөвлөж байна. Судлахдаа асуулга бөглүүлэх биш тэдэнтэй уулзаж ярилцах ажлыг зохион байгуулна.
 
 
-Энэ уулзалт хэзээ болох вэ?
 
-Хоёрдугаар улиралд зохион байгуулна.
 
 
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөвлөсөн мөнгө хэр байна вэ?
 
-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзаж тэдний гаргасан саналыг боловсруулж хийх ажлын төлөвлөгөө болон төсвөө дээш нь явуулна. Тэндээс хэлэлцээд хөрөнгө мөнгийг шийдэж өгнө. Одоогоор манайд санхүүжилт нь ирээгүй. 
 
 
-Энэ оны эхний хагас жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дорвитой ажил байхгүй юм байна гэж ойлголоо. Тэгтэл тэдний хувьд хар өдрүүд, гутрал, зовлон үргэлжилсээр л байна, яалтай билээ?
 
-Өнгөрсөн он жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж дэмжлэг үзүүлсэн. Тэр бүхэн жинхэнэ эзэндээ хүрсэн эсэх, хэр өгөөжтэй байгааг хянахын тулд бид тэдэнтэй уулзаж ярилцах юм.
 
 
Товчоор хэлбэл хийсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлынхаа талаар тэдний саналд тулгуурлаж ажил болгохыг зорьж байгаа. Манайд ирж байгаа мэдээлэл, саналаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зээл хөнгөлөлттэй ч гэсэн зарим талаараа дарамт болох тал байдаг юм байна. Тиймээс бид тэдэнд өгөөжтэй дэмжпэг үзүүлэхийг хичээнэ.
 
 
-Дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн талаар ямар ажил хийж байна?
 
-Манай дүүрэгт албан ёсны бүртгэлтэй 80-н аж ахуйн нэгж байдаг. Өнөөгийн нийгэмд нэг талаас ажил олгогч чадварлаг, үнэнч хөдөлмөрч, үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллах ажилчдыг хайж байгаа бол иргэд өндөр цалинтай, байнгын ажлын байрыг хайж байна.
 
 
Тиймээс талуудын хамтран ажиллах боломжийг бий болгох зорилгоор бид уулзалт зохион байгуулсан. Уулзалтад 80-н аж ахуй нэгжийн удирдлага, ажил хайж байгаа иргэд, уурхайд хувиараа олборлолт хийдэг 500 хүнд урилга өгсөн боловч уурхайчдаас 110 орчим хүн ирж оролцсон.
 
 
Үүний үр дүнд одоогоор 206 иргэнийг сонгосон, захиалгат мэргэжлээр нь мэргэшүүлэх сургалтад хамруулж ажлын байраар хангахаар боллоо. Хэдэн мянгаар тоологдохгүй тоо ч амжилт л гэж үзэж байгаа.
 
 
Иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, ядуурлыг бууруулахад тэтгэмж, тэтгэлгийн аргаар бус хөдөлмөр эрхлэлт бүтээн байгуулалтад иргэдээ оролцуулах арга замыг чухалчилж байна. Дүүрэгт маань төмөрлөгийн үйлдвэр, нүүрсний уурхай, тоосгоны үйлдвэр бий.
 
 
Гэтэл эдгээр үйлдвэр ажилчиддаа бага цалин өгдөг, аюулгүй ажиллах орчин бүрдүүлээгүй зэрэг нь санаа зовоож байна. Тиймээс бид удахгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа эзэд, ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж хуулийн хүрээнд шаардлага тавих зэрэг ажлыг төлөвлөж байгаа.
 
 
Д.Энхтэгш
 
Эх сурвалж: “Хөдөлмөр сонин”