sonin.mn

 

Бид "Хөх толбо" сонины түрүүчийн дугаарт улс төрийн балайрал, улс төрийн их танхайрал гэсэн ойлголтуудыг зориуд дурьдсан. Ийнхүү дурьдах шаардлага зүй ёсоор тавигдлаа. Улс төрийн балайрал болон танхайрал зөвхөн 1990 оноос хойш төлөвшсөн гэж үзэх нь нэн учир дутагдалтай болчихоод байна.
 
 
Ийм хачирхалтай үзэгдэл 1990 оноос өмнө манай улс төрийн амьдралд оршиж байсан гэдгийг бид хэлэх ёстой. Улс төрийн соёл бүрэлдээгүй, улс төрийн ёс суртахуун амилаагүй нөхцөлд төрийн дээд төвшин ялангуяа гадны нөлөө улс төрийн бодлогоор дамжин хэрэгжих үед улс төрийн балайрал болон танхайрал төлөвшдгийг дурьдах нь зүйтэй байх.
 
 
Ардын хувьсгал 1921 онд яллаа гэж бид байнга ярьдаг. 1960 оноос социалист бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг хүн бүгд мэднэ. Гэтэл 1990 оноос өмнөх 70 жилд манай боловсролтой ёс суртахуунтай олон лийдрүүд 1921 -1924 онд, 1925-1940 онд олноороо цаазлагдаж байсан.
 
 
1941-1960 онд, 1961-1990 онд нам төрийн удирдах золбоолог лийдрүүдээс нэлээд нь хэлмэгдсэн. Бид үүнийг ийнхүү дурьддагийн учир нь капиталист биш замаар социализмын замаар урагшлахыг төрийн том бодлого болгож ард түмний их үйлс хэмээн тунхаглах явцад лут лут сэхээтнүүдээ Орос ах нарынхаа тулгалт шахалтаар цаазалж хэлмэгдүүлэх нь улс төрийн аймшигтай балайрал, улс төрийн дээд зэргийн танхайрал гэж хэзээ нэгэн цагт үнэлж цэгнэх л болно.
 
 
МАХН-ын дээд удирдлага болон Засгийн газар хэзээ ч Орос ах нарыг манай үндэсний лийдрүүдийг алж цаазлаад өгөөч гэж, нутаг зааж хэлмэгдүүлээд өгөөч гэж гуйж яваагүй.
 
 
Зөвлөлтийн дээд удирдлага ах дүүгийн найрамдал гэдэг нэрээр социалист бүтээн байгуулалт гэдэг уриан дор шал өөр бодлого явуулж байсныг түүхийн болон улс төрийн том судалгаа тогтоогдож эхлээд байна.
 
 
Ямар ч л байсан улс төрийн балайрал болон танхайрал жинхэнэ социализмтай ямар ч холбоогүй байсан бөгөөд харин Зөвлөлтийн дээд удирдлагынхны сэм амилуулж байсан далд колониалист бодлоготой шууд шүтэлцэж байсан гэдэг нь 1990 оноос хойш улам бүр тод томруунаар тодорч эхлээд байгаа.
 
 
Иймэрхүү балайрал танхайрлын цаана далд колониалист бодлого ямар их хорлонтойгоор хэрэгждэгийг манай амьдрал харуулсан. Тэгвэл түүхийн урт хугацаагаар асуудпыг хөндөхдөө бид 1921 онд Монгол Улс ямар байсан,
 
 
1990 онд Монгол Улс ямар дүр төрхтэй болов гэсэн шалгуураар түүхэн том үе шатыг цэгнэж дүгнэх явдал учир дутагдалтай болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай олонх судлаачид, улс төрчид, эдийн засагчид саяын дурьдсан шалгуураар Монгол Улсын асуудалд хандах гээд байгаа юм. 1921 онд гэхэд манай улс колони улс байсан.
 
 
1990 онд Монгол Улс бас л колони улс хэвээрээ үлдсэн. Тэгвэл 2013 онд гэхэд Монгол Улс гадны гурван давхар колоничлолд өртсөн улс болчихоод байна. Үүнээс үзвэл бид Монгол Улсын хувь заяаны асуудлыг огт өөр улс төр, эдийн засгийн шалгуураар цэгнэх шаардлагатай гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болох биз ээ.
 
 
1921 онд Монгол Улс хөгжлөөр хамгийн их хоцорсон дайн дажингийн хөлд нэрвэгдсэн, хүн ам нь боловсролгүй, хүмүүсийн эрүүл мэндийн төвшин хэт доогуур, шарын шашны мунхруулганд дэндүү их өртсөн тийм улс байсан.
 
 
70 жилийн дараа 1990 он, 1991 он гэхэд манай улс капиталист биш замаар урагшилж социалист түүхэн замналаар дэвшсээр яваад эцэст нь 10 гаруй тэрбум долларын үнэтэй, эдийн засгийн далд дайнд өртөж, ажилгүйдэл ядуурал эхэлсэн хөгжлийн төвшингийнх нь үзүүлэлт 1989 онд нэг хүнд 1350 доллараар хэмжигдэж байсан бол эдийн засгийн нууц дайнд өртсөнөөс болж 1995 онд нэг хүнд ногдох үндэсний орлого 300 доллар болж 1945 оны хэмжээнд хүрч очсон байна.
 
 
Энэ бол хөгжил биш, энэ бол хорлонт сүйтгэл, бид Монгол Улсынхаа хувь заяаны асуудлыг том бодлогын төвшингөөс үнэлж цэгнэх явдлыг баримталдаг болох ёстой. Том гүрэн, жижиг буурай улс хоёрын харьцааны асуудлыг монголчууд бид олон жилийн туршид хэт явцуухан хүрээний үзүүлэлтүүдээр хэмжиж ирсэн шүү.
 
 
Том гүрэн далд хорлонт бодлого явуулж чаддагийг бид бүгд тэр бүр ухаарч ойлгохгүй явж иржээ. Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн төвшинг бараг 50 жилээр ухрааж Монгол Улс тэр чигээрээ улс төр эдийн засгийн хэлмэгдүүлэлтэд нэрвэгддэгийг ухаарах цаг аль хэдийн ирчихээд байна.
 
 
Ленин сайн хүн үү, аль эсвэл Сталин, Хрущев, Брежнев сайн хүн үү, аль эсвэл лут удирдагч уу гэж дүгнэхээсээ өмнө тэд улс төрийн ямар чиг шугам баримталдгийг манай улс төрчид, манай эх баригчид хамгийн түрүүнд олж харах ёстой.
 
 
Үүний нэгэн адил 1990 оноос хойшхи Ельцин, Путин ямар хүмүүс вэ, аль эсвэл Чан Зө Мин, Ху Жинто хэн гэгч лийдрүүд вэ, эцэг хүү Буш, Клинтон, Обама хэр зэргийн удирдагчид вэ гэдгийг харахын өмнө Орос гүрэн,
 
 
Хятад гүрэн, АНУ улс төрийн ямар бодлого явуулдгийг, энэ нь Монгол Улсад ялалт, ялагдал хоёрын алинийг авчрах бол, Монгол Улс хөгжих үү, аль эсвэл хөгийнжих үү гэдгийг Монголын төр манай эрх баригчид том намууд хамгийн түрүүнд анхаарах ёстой.
 
 
Энэ 23 жилд манай улсаар яаж тоглож эрдэс баялгийг нь үндэстэн дамнасан дээрэмчин компаниудаар монжуулдгийг жинхэнэ амьдрал ахуйгаараа амсаж ухаарч эхэлсэн монголчууд бид онол үзэл бодлого дээр эвлэрэн нэгдэж хамтын хариуцлагаа ухамсарлан улс төрийн том тэмцлийг өрнүүлэх учиртайг ойлгох явдал нэн чухал болчихоод байгааг энэ ташрамд сануулж хэлэх нь зүйтэй болов уу.
 
 
Дан ганц эдийн засгийн өсөлт Монгол Улсыг аварна гэдэг яг л мянгуужингийн үлгэр шиг болчихоод байна. Эдийн засгийн өндөр өсөлтийн цаана гадныхны аймшигт бодлого хэрэгжиж, бүр эцсийн дүнд Монгол Улсын их баялгийг хуу хамж цөлмөх мундаг шалгуурыг хүртэл харийнхан ичих нүүргүйгээр зарлан тунхагладаг болчихлоо.
 
 
"Хөх толбо" сонины энэ оны №7-д "Монголд зарсан нэг доллар 57 дахин өсөх болно" гэсэн гарчгийн дор бид бүгдийн зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн чухал мэдээлэл нийтлэгдлээ. Тухайлбал: "Монгол Улс Хятадын нөөцийн сав гэсэн үг. Монгол Улсад оруулсан нэг доллар 50 доллар болж өснө.
 
 
Өнөөдөр Монголын эдийн засагт оруулсан нэг доллар 57 дахин өснө" гэжээ. "Хятадын нөөцийн сав болох Монголд хөрөнгө оруулалт хийснээр таны нэг доллар 25, 50 дахин биш, 57 дахин өсөх болно гэдгийг анхааруулсан аж.
 
 
Өөрөөр хэлбэл нэг доллар зарж 57 доллар олж болно гэсэн бизнесийн мундаг уриа дэлхий дахинаа цуурайтаж эхлэв. Тодруулбал "Таны мөнгийг 57 дахин өсгөх батлагдсан бодит боломжийг санал болгож байна" гэсэн томоос том дэнчинт тангарагийг Бриан Хикс тавиад байгааг дурьдаж хэлье.
 
 
Нэг доллараар 57 долларын их ашиг олох лут уриа нь манай эрх баригчид болон олигархиудад үл ойлгогдох зүйл болж үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Яаж нэг долларыг 57 доллар болгох тэр арга ухааныг гадныхан олчихоод байхад манай улс төрчид, эрх баригчид олигархиуд нэг л ухаарч ойлгохгүй явааг нь бид анзаарч мэдсэн.
 
 
Харийн бизнесменүүд яаж ашиг олох аргаа мэддэг ч гэсэн үүнийг далд колониалист мөлжлөгийн төвшинд бас л сайн ойлгоогүй яваа. Тэгвэл манай бизнесменүүд, манай эрх баригчид нэг долларыг 57 долларын ашиг болгох арга ухааныг мэдээгүйгээс гадна далд колониалист мөлжлөгийг огт ухаарахгүй яваа.
 
 
Гадныхан манай бизнесменүүдийг, манай эрх баригчдыг хэт басамжилж Монгол Улсын эрдсийн их баялгийг яаж шомбодох тийм лут тоон илэрхийлэлт итгэлцүүрийг гаргаж тавьсандаа тун их олзуурхаж байгаа бололтой.
 
 
Тэр ч байтугай ийм мундаг ашиг олох боломжоо бататгахын тулд нэр төрөөрөө, компаниараа дэнчин тавьж тангараглаж байгааг нь харахад тэд монголчууд биднийг хэт их доромжлон басч байна гэдэг нь харагдаж байна.
 
 
Бид нэг доллараар 57 доллар олдог тэр тийм арга заль зөвхөн Оюутолгойн ордын техник эдийн засгийн үндэлслэлд байсныг, бас Эрдэнэтийн ордын техник эдийн засгийн үндэслэлд далдлагдан нуугдаж байсныг олж мэдсэн юм.
 
 
Тэгэхдээ 5 жилийн өмнө биш, хорин жилийн өмнө бүр 35 жилийн тэртээд нэг доллараар 57 доллар олдог тэр аргачлалыг олсон учраас бид 1990 он гэхэд далд колониализмын эсрэг ардчилсан хувьсгалыг чиглүүлсэн онол бодлогоо гаргасан юм.
 
 
Одоо бид нэг доллараар 57 долларын шиг олох арга ухааныг задалж хэлье. 1978 онд Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол Улсын үндэсний орлого-хоёр дахин өсөхгүй, харин 20 хувиар өснө гэсэн тооцоо хийгдсэн.
 
 
Гэтэл Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтанд орвол Монголын үндэсний орлого хоёр дахин биш бүр тав дахин өсөх хувилбар далдлагдаж байсныг бид олж тогтоосон. Өөрөөр хэлбэл том гүрний далд бодлого илчлэгдэж,
 
 
Эрдэнэтийн ордын алт мөнгө зэсийн валютын орлогын таван хувийг л Монгол Улсад үлдээж 95 хувийг далдуур халааслах хувилбар хэрэгжих болсныг бид бичсэн билээ. 95-ыг 5-д хуваахад 19 гэсэн коэф-фициент гарч ирнэ.
 
 
Энэ коэф-фициент нь юуг илэрхийлээд байна вэ гэвэл Зөвлөлтийн далд колониалист гадаад мөлжлөгийн итгэлцүүр 19 дахин их байна гэсэн утга санааг илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, нэг алтан рубль зарж 19 алтан рублийн нэмүү бүтээгдэхүүнийг олно гэсэн үг.
 
 
Тэгвэл бид 5 хувийн Монголын талын ногдох хэсгийг тодруулбал нэг рублиэр хоёр рублийг олно гэсэн үг. Ийнхүү далд колониалист дотоод мөлжлөгийн коэффициент нь 2-той тэнцэнэ гэсэн үг. Бид 19-ийг хоёроор үржүүлбэл 38 гэсэн тоо гарч ирнэ.
 
 
Энэ нь юуг илтгээд байна вэ гэвэл нэг алтан рублиэр 38 алтан рублийн нэмүү бүтээгдэхүүнийг олж авна гэсэн утгатай болж байна. Бид саяын хэрэглэсэн аргачлалыг Оюутолгойн ордын техник эдийн засгийн үндэслэл дээр хэрэглэвэл дараах илэрхийллийг гаргаж болно.
 
 
Тухайлбал, Оюу-толгой ордын жилийн таваарын бүтээгдэхүүн 2246.3 сая доллар, бүрэн өөрийн өртөг 723.4 сая доллар байхаар тооцоолжээ. Таваарын бүтээгдэхүүнийг бүрэн өөрийн өртөгт харьцуулбал гурав гэсэн тоон илэрхиилэл гарч ирнэ.
 
 
Эрдэнэтийн орд дээр далд неоколониалист гадаад мөлжлөгийн итгэлцүүрийг арван ес дахин гэсэн коэффициентээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл Оюутолгойн ордын алт, мөнгө, зэс бусад эрдсийн жил бүрийн валютын орлогын 5 хувийг Монгол Улсад үлдээж 95 хувийг нь гадаадын колоничлогчид хүртэнэ гэсэн хатуу зарчмыг тогтоогоод байна.
 
 
Бид 19-ийг 3-аар үржүүлбэл 57 гэсэн итгэлцүүр гарч ирнэ. Үүний задралыг харуулбал 95/5 х 2246.3/ 723.4 = 57 гэсэн илэрхийллийг бичиж болно. Нэг доллараар 38 доллар олох, нэг доллараар 57 доллар хүртэх явдал бол жинхэнэдээ Их Монгол улсын их баялгийн алтан брэндийг харийнхан ийм байдлаар тогтоосон гэдгийг бид зориуд сонордуулан хэлж байна.
 
 
Монголын брэндийг гадныхан огт өөр өнцгөөс харж явдгийг Монголын хүн бүр мэдэх ёстой шүү. Үндэстэн дамнасан гадаадын дээрэмчин корпорациуд нэг долларын зардлаар хичнээн долларыг монжиж болох вэ гэдгийг их баялагтай улс орнуудын брэндийг тодорхойлдог шалгуур болгочихоод байна.
 
 
Монголчууд бид ийм шалгуур байдгийг мэдэхгүй явсаар өнөөг хүргэчихлээ. Дэлхийд эрдэс баялгийн дээд зэрэглэлийн брэнд бол манай улсын стратегийн ордууд, юуны өмнө алт, мөнгө, зэсийн том ордууд мөн болчихсон гэдгийг бид хэлэх ёстой.
 
 
Их эрдэс баялгийн ийм брэндийг монголчууд бид гадныханд завшуулж болохгүй. Энэ их баялаг Монголын ард түмний өмч болохоос биш, харийн колоничлогчдын өмч биш.
 
 
Тийм ч учраас бид дэлхийн дээд зэрэглэлийн брэнд болж байгаа их эрдэс баялгийн жинхэнэ эзэн, жинхэнэ өмчлөгч, жинхэнэ эзэмшигч нь байх ёстой гэдгийг уул уурхайн нэгдсэн бодлогын, Монгол Улсын төрийн бодлогын содон шалгуур болгож ажиллах шаардлагатай болж байна.
 
 
Материаллаг үйлдвэрлэлийн салбар бүр, дэд салбар бүр, соёлын олон төрлийн салбар бүр өөрийн гэсэн брэндтэй байдгийг бид үгүйсгээгүй. Бид их баялгаа дэлхийн дээд зэрэглэлийн брэнд болгодгоо том бодлогын төвшинд тавих ёстой гэдгийг л монголчууддаа, төр улстаа сонордуулж хэлэх учиртай.
 
 
Их Монголын их эрдэс баялгийн дээд зэрэглэлийн брэндийг монголчууд бид л жинхэнэ өмчлөгчийн хувьд эзэмшихгүй л юм бол хамаг эрдэс баялгаа гадныханд залилуулж хуу хамуулах гарц нээгдчихсэн байгаа гэдгийг анхааруулж хэлье.
 
 
Бид 1990 онд гуравхан cap амилсан ардчилсан хувьсгалаар стратегийн дөрвөн ордыг хаах улс төрийн шаардлагыг дэвшүүлсэн билээ. Тэгвэл 23 жилийн дараа манай оронд анархижилт хэт танхайрал, улс төрийн балайрал ноёрхсоноос болж монголчууд бид их эрдэс баялгаа 18 мянган лицензээр гадныханд өгчихөөд байна.
 
 
Одоо бидний эцсийн гарц бол эмх замбараагүй панзалсан бүх л лицензүүдийн эздийг олж эдгээр лицензийг нэн даруй цуцалж их баялгаа Монголын ард түмний өмчинд буцааж сэргээх лутын лут зорилттой тулгараад байгаа.
 
 
Монголчууд бидэнд гадны шуналтангуудад панзалсан бүх лицензийг цуцалж чадах тийм хүчирхэг зоригтой, ухаалаг том засаглал хэрэгтэй болоод байна. Ийм засаглалыг 1990 оны ардчилсан хувьсгалаар бид Ард түмний онц зөвлөл гэдгээр өргөмжилж байсан билээ.
 
 
Хэрвээ 18 мянган лицензийг бүгдийг нь цуцалнаа гэвэл монголчуудад бид улс төрийн балайрал хийрхлийг таягдан хаяж, их засгийг ард түмний онц зөвлөлөөр сэргээж улмаар улс төрийн соёл дээр тулгуурласан том улс төрийн тэмцлийг өрнүүлэх шаардлагатай тулгарч байгаа шүү.
 
 
Гэтэл ийм түүхэн шаардлага өнөөгийн Монголын төрд нэн хурцаар тавигдчихаад байхад үүнийг үл анзааран гадны тулгалттай бодлогод захирагдан үндэстэн дамнасан гадаадын луйварчин компаниудад байр сууриа алдаж, төрийнхөө жолоог барьж чадахаа больсон тийм дүр зураглал гарч ирснийг бид хэлэх ёстой.
 
 
Үүнтэй уялдуулж "Зууны мэдээ" сонины 2013 оны 3-р сарын 5-ны өдрийн №52-д улс төр судлаач Л.Эрдэнэтуулын улс төрийн гурван том намд хандсан захидал нийтлэгджээ. Л.Эрдэнэтуул: "Сүүлийн үед улс оронд маань үүсээд буй нөхцөл байдал миний биеийг монгол хүний хувьд ч, судлаачийн хувьд ч асар түгшээж байна.
 
 
Монгол Улс, монголчууд бид сүйрлийн ангал руу улам лавширсаар байна" гэжээ. Л.Эрдэнэтуул Монгол Улсыг ямар шатанд явж буйг тодорхойлж эцсийн дүнд Монгол Улс хөгжил дэвшлийн шатанд биш чухамдаа хөгийнжлийн шатанд, тэгэхдээ бүр сүйрлийн ангал руу эрчимтэй орж байна хэмээн тодорхойллоо.
 
 
Энэхүү дүгнэлт нь бидний дэвшүүлсэн Ардчилсан хувьсгалын онол бодлогод ардчилсан хувьсгалыг далд колониализмын эсрэг хандуулсан зарчмын дүгнэлтдээ нийцэж байгааг бид хэлэх учиртай.
 
 
Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэзр Монгол Улс эдийн засгийн өндөр өсөлтийн замд орсныг, хөгжил дэвшлийн үедээ шилжиж орсныг бараг өдөр бүр бичиж дурьдаж байсан. Манай өнөөгийн эрх баригчид бүгдээрээ л Монгол Улс их хөгжлийнхөө гольдролоор эргэлд буцалтгүй орлоо гэсэн ойлголттой яваа.
 
 
Бид ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гадны гурван давхар далд колоничлолд нэрвэгдсэн Монгол Улс сүйтгэл сүйрлийнхээ шатанд орсныг, улмаар Монгол Улсыг мөхөл рүү зүглүүлэх бодлого хэрэгжиж буйг сүүлийн 20 гаруй жилд байнга сонордуулсаар ирэв.
 
 
Гэвч бидний анхааруулга сонордуулгад улс төрийн хоёр том намынхан, төрийн гурван өндөрлөг манай цөөнгүй эрдэмтэд их л эгдүүцсэн хандаж байсныг нь бид сайн мэддэг байв.
 
 
Монгол Улсыгаа өөдрөг үзлээр харж чадахаа больсон, улс орныхоо мууг л дэлгэж тавьдаг солиотонгууд хэмээн нэрлүүлж явсаар бидний тархи толгой бүр эмзэглэж хүлээж авдагаа ч больчихжээ.
 
 
Ялангуяа "Хөх толбо" сонинд бидний нийтлэгдэж байгаа өгүүллэгүүд ямар ч ач холбогдолгүй зүйлс гэж томъёолдог байлаа. Гэтэл бидний судалгаа Монголын бодит амьдралд нийцдэгийг, Монголын ирээдүй яаж эвгүй хандлага руу орсныг үнэн мөнөөр нь гаргаж тавьсаар л байгаа.
 
 
Бид дээд үнэнийг баримталж шударга ёсыг эрхэмлэж, хэцүүхэн зовлонт амьдрал ахуйд судалгааны төслийн ямар ч санхүүжилтгүйгээр, сайн дураараа, их оронч сэтгэлээр, ард түмнээ дээдэлдэг ухамсраараа, эрдэм ухааны чөлөөт сэтгэлгээгээр хөдөлмөрлөж эрдмийн ажлынхаа үр дүнг бодит амьдралтай харьцуулж үзэж явдгаараа л сэтгэлээ урамшуулдаг болов.
 
 
Тэгвэл улс төр судлаач Л.Эрдэнэтуул мөн л эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнд сэтгэл нь улам түгшиж Монгол Улсыг сүйрлийн ангал руу орсныг олж мэдмэгц гурван намын гурван том лийдэрт хандан улс төрийн өндөр ач холбогдолтой судалгааныхаа үр дүнг толилуулаад байна.
 
 
Л.Эрдэнэтуул судалгааныхаа гол үр дүнг дөрвөн том асуудал дээр төвлөрүүлж бичжээ. Тэрбээр юуны өмнө Ардчилсан нам далд төрийн эргэлт хийв гэсэн дүгнэлтийг гаргав.
 
 
Ийм далд төрийн эргэлт нь Ардчилсан нам төрийн гурван өндөрлөгийг атгаж, хүчний байгууллагыг болон шүүх засаглалыг гартаа оруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон түмний сэтгэл санааг залуурдаж байгаагаар илэрч байна гэв.
 
 
Л.Эрдэнэтуулын хөндсөн хоёр дахь асуудал нь юу вэ гэвэл "Үндэстэн дамнасан корпорациудын сонирхол урд хөршийн стратегийн бодлого"-д нийцсэн хатуу бодлогыг Ардчилсан нам явуулж, улмаар фашист дэглэмийг 21-р зуунд тогтоож эхлээд байна.
 
 
Ийм дэглэм нь "хуучин большевикуудын улс төрийн технологийг орчин цагийн барууны тархи угаах технологитой гарамгай хослуулж" чаддаг боллоо. Ийнхүү тархиа угаалгадаг тогтвортой сонгогчдыг бий болгосноор Монгол төрийг хувийн эзэгнэлд оруулах боломж төлөвшив.
 
 
Л.Эрдэнэтуулын хөндсөн гурав дахь том асуудал нь фашист дэглэмийн хэрэгжүүлдэг фашист бодлогын асуудал юм. Ийм бодлогын цөм нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрх мэдэл мөн гэж дүгнэлээ.
 
 
Сэтгэл түгшээсэн дөрөв дэх асуудал нь сүсэг бишрэлд автсан, үнэн худлыг ялгах чадвараа гээсэн, сонгогчид ардчиллаар хөгжихгүй гэдгийг, мунхагжсан олон түмэн бүтээн байгуулалт хийж чадахгүй болсныг, адгийн шааруудыг албан тушаалуудад өргөмжилж ажиллуулах явдал нийгмийн соёл боловсрол, ёс суртахуун улам доройтсоныг илэрхийлж байна гэсэн дүгнэлтийг гаргаж тавьсан.
 
 
Энэ дөрвөн асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай, МАН-ын дарга Ө.Энхтөвшин, МҮАН-ын дарга М.Энхсайхантай санал солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ийнхүү манай улсад төлөвшсөн улс төрийн танхайрал балайрлыг Л.Эрдэнэтуул улс төрийн судалгаандаа амилуулж ийм балайрал танхайрал нь төрийн далд эргэлт, фашист дэглэм, фашист бодлого, мунхагжсан түмэн олныг гэсэн өвөрмөц хэлбэрүүдээр илэрдэг болсныг зоригтой гаргаж тавив.
 
 
Л.Эрдэнэтуулын улс төрийн судалгааны чиглэл үнэхээр Монголын өнөөгийн бодит амьдралтай зуузай холбон хийгдэж буйг бид талархан дэмжиж байна. Л.Эрдэнэтуул улс төрийнхөө судалгааг өндөр төвшинд хийх чадвартай гэдгээ Монгол түмэндээ харуулав.
 
 
Үүнээс гадна улс төр судлаач Л.Эрдэнэтуулын бас нэг төрх шинжийг бид зон олондоо дуулгах нь зүйтэй байх. Л.Эрдэнэтуул даруу төлөв зантай төдийгүй бас судалгааныхаа үр дүнг түмэн олондоо үнэн мөнөөр нь дуулгахыг хичээдэг Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй зан чанарыг нь бид хэлэх ёстой.
 
 
Манай улс харийнханд 18 мянган лицензээр их эрдэс баялгаа панзалсны эцсийн эмгэнэлт үр дүнг Л.Эрдэнэтуул фашист дэглэм болон фашист бодлого гэсэн ухагдахууныг үндэстэн дамнасан корпорациудын болон урд хөршийн далд колониалист бодлоготой уялдуулах оролдлого хийсэн нь Л.Эрдэнэтуулын судалгааны үр дүнг нэн их ач холбогдолтой болгож буйг дурьдах нь зүйтэй байх.
 
 
 
 
Доктор П.Нэргүй
 
Эх сурвалж: “Хөх толбо”