Дундаж эрэгтэй хүн зургаан төрлийн найзтай байдаг хэмээн эрчүүдийн нөхөрлөлийн талаар харуулсан саяхны нэгэн илтгэлд дурдсан байна. Илтгэлд дурдсанаар ихэнх эрчүүд сэтгэл санааны дэмжлэг, ёс суртахууны зөвлөгөө авах үедээ уриалагч, хатуужилтай нэгэн эсвэл хайгуулчин, ухаантан, дасгалжуулагч, баатар нарт ханддаг байна.
 
 
Нөхөрлөлийн хувьсал хэмээх нэртэй энэхүү илтгэлээр XXI зууны эрчүүдийн нөхөрлөлийн чиг хандлагыг харуулахаар зорьжээ. Шинжээчид Ныо-Йорк, Шанхай, Мексик, Лондон, Москва зэрэг хотуудад эрчүүдийн дунд судалгаа явуулж, мэргэжилтнүүдтэй ярилцлага хийсэн байна.
 
 
Орчин үеийн эрчүүд дотны хэдэн нөхдөөрөө найзуудын бүлэг байгуулж, илүү дотно нөхөрлөх болсон нь судалгаагаар нотлогджээ. Өдрөөс өдөрт өөрчлөгден шинэчлэгдэж буй өнөөгийн нийгэмд бие биенийхээ сэтгэлийг ойлгох, хүний мөн чанараа гээхгүй хадгалах арга зам нь энэ хэмээн тэд үзэж байна.
 
 
Лондонгийн эрчүүдийн дунд явуулсан судалгаан дээр үндэслэн сэтгэл судлаач Феликс Экономакис, орчин үеийн эрчүүд найзуудын хатуу дүрэм журмаа орхиж, илүү их сэтгэл хөдлөлөө харуулах болсныг онцолсон байна.
 
 
"Олон залуус юунаас ч эмээлгүйгээр би хүнтэй муудалцаад уйлсан ч юм уу, эрэгтэй найзыгаа тэр миний хамгийн сайн найз, бас би түүнд хайртай хэмээн хэлж байхыг эсвэл удаан уулзаагүй эрчүүд уулзалдаад дал мөрөө алгадахыг оронд тэврэлдээд үнсэлдэж байхыг би маш олон удаа сонссон, харсан." хэмээн Экономакис хэлсэн байна.
 
 
Товчхондоо, 19-20 дугаар зууны үед эрэгтэйчүүд илүү биеэ даасан шинжтэй, нэг нэгнээсээ хараат бус байсан тэдний нөхөрлөл 21 дүгээр зуунд хэрхэн өөрчлөгдсөнийг олон оронд нээлтээ хийсэн "Хурим үймүүлэгчид" киноноос харж болох аж.
 
 
Энэхүү кинонд хоёр найз бие биедээ сэтгэл санааны дэмжлэг хэрхэн нээлттэйгээр үзүүлж байгаа тухай гардаг юм байна. Энэ төрлийн холбоо харилцааг "гал хамууд" гэж нэрлэх боловч ихэвчлэн дөрөв юм уу таван хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж.
 
 
Тэд үргэлж нэг нэгнийхээ ар талыг хариуцан явж, найз нөхөдтэйгөө хамгийн ойр харилцаатай байдаг хүн л илүү аз жаргалтай, эрүүл, баян байдагт итгэдэг ажээ. Нөгөөтэйгүүр илэн далангүй байдал, итгэл хүндлэл, амжилтын тэнцвэрт хандлага ирээдүйд тэдний нөхөрлөлд чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно хэмээн уг илтгэлийн төгсгөлд өгүүлсэн байна.
 
 
Эх сурвалж: “Ганзам” сонин