sonin.mn

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай Ерөнхийлөгчийн сонгууль болоод намын дотоод асуудлын хүрээнд ярилцлаа.
 
-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн сонгуулийн товыг зар­лалаа. Танай намын тухайд энэ сонгуульд ямар байр суурь­тай оролцох вэ?
 
-Бид хуулийн дагуу ирэх сарын 13-ны дотор нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа дуусгах ёстой. Тэгэхээр энэ өдрөөс өмнө манай намын Бага чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцохоо эцэс­лэн шийдвэрлэнэ.
 
 
Өмнөх Бага чуулганы хуралдаанаар Ерөн­хийлөгчийн сонгуульд ма­най нам дангаараа оролцох уу эсвэл аль нэг нам, эсвэлтэй нэгдэх үү гэдэг талаар ажлын хэ­сэг ажиллаж байгаа.
 
 
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон ахлаж ажиллаж бай­гаа. Одоогоор ажлын хэсэг санал дүг­нэлтээ   танилцуулаагүй бай­на. Удахгүй Гүйцэтгэх тов­чоонд танилцуулаад Бага чуул­ганаар хэлэлцүүлнэ. 
 
 
-МАХН-ын гурван гишүүн Шинэчлэлийн Засгийн газ­рын сайдаар ажиллаж бай­гаа. Сүү­лийн үед Засгийн газ­рын тэр­гүүнийг огцруулах та­лаар нэлээд ярьж байна. “Шударга ёс” эсвлийн бүлгийн гишүүдийн зүгээс  намын удирд­лагуудтайгаа энэ талаар ярил­цана гэж хэлж байсан?
 
-Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаатай. Энэ нь аль нэг нам дотроо яаж шийдэхээс шалт­гаалахгүй. УИХ дахь МАХН-ын гишүүд намын Гүй­цэтгэх товчоо хуралдах үеэр энэ тухай мэдээлэл хийсэн.
 
 
Ши­­нэч­­лэлийн Засгийн газарт орж ажиллаж буй намууд гэрээ байгуулсан.  Энэ гэрээний 2.2 гэдэг заалт хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой гэсэн байр суурийг илэр­хийлсэн. 
 
 
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдтай холбоотой асуудал гэхээсээ илүү Засгийн газрыг бүр­дүүлсэн намуудын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд ямар байгааг авч үзэх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ гэрээг байгуулалцсан.
 
 
Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Засгийн газрын гэрээнийхээ заалтыг тодорхой жишээн дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт байр суурийг нь сонсож, манай гишүүд санал бодлоо илэрхийлэх байх. 
 
 
-УИХ-ын дэд дарга С.Баяр­цогтыг албан тушаа­лаа­с­аа нь огцруулах асуудалд “Шударга ёс” эвслийнхэн завсарлага ав­сан. Үүнийг зарим хүн Ерөнхий­лөгчийн сонгуулийг угтсан МАХН-ын шоу гэж ярьж байна?
 
-С.Баярцогтын тухай асууд­лыг нам дээр албан ёсоор яриагүй. Манай намын гишүүд янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Гэхдээ зөвхөн С.Баярцогт гэж асуудалд хандахаас илүү ер нь үүсээд буй нөхцөл байдлын цаана юу байна вэ гэдгийг ха­рах шаардлагатай.
 
 
Хуулийн хү­рээнд төрийн өндөр албан ту­­шаалтантай холбоотой ийм бай­дал дахиад хэд хэдэн хүнээс гарах болов уу гэдгийг бодолцох ёстой. Ер нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хариуцлагын тухай асуудлыг нийтэд нь авч үзэж, гаргаж тавих хэрэгтэй. 
 
 
Хуулийн дагуу зарим зохи­цуулалтыг хийж өгөх тухай асуудал ч үүнд хамаатай. Хүн данстай байж болно. Түүнийгээ яахаараа хөрөнгө оруулгын мэ­­дүүлэгтээ бичүүлдэггүй  юм гэ­дэгт улстөрийн  намууд улстөр­жилгүй нийтлэг байдлаар асуу­­­­далд хандах ёстой гэдэг байр суурь­тай байна. Хууль шударга хэрэгждэг байх ёстой. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан хүн ард түмнийхээ өмнө ха­риуцлага хүлээж ажиллах нь зүйтэй. 
 
 
 
-Танай намын гишүүдийн зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай саналыг гаргасан. Анх сайдыг огцруулах үндэслэлийг тус яамны дэд  сайд  Э.Эрдэнэжамъян гаргасан гэх мэдээлэл бий. Нам дээр энэ талаар яригдсан уу?
 
-Нам дээр яригдсан. Хууль зүйн сайдыг огцруулах санал анх намын гишүүдийн дундаас гарсан. Намын Бага чуулганы хуралдааны үеэр гишүүд “Х.Тэмүүжин сайдтай яагаад ха­риуцлага тооцохгүй байгаа юм бэ” гэдэг саналыг гаргасан. Сүүлийн үед Баавар гэдэг дуу­чинтай холбоотой асуудал хү­мүүсийн дургүйцлийг их хүр­гэсэн. 
 
 
Энэ мэт байдлаас үүдэж Х.Тэмүүжинг огцруулах санал гарсан гэж хэлж болно. Түүнээс биш Э.Эрдэнэжамъян өөрийн салбарын сайдаа огцруулах ту­хай асуудлыг хөндөөгүй. УИХ-ын гишүүд л бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулах тухай бичгийг боловсруулсан.
 
 
Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хан­галт­­тай үндэслэл байна гэж байр сууриа илэрхийлсэн. Энэ процесс явагдаж байгаа. Одоо­гоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг цөөнхийн бүлгийн зү­гээс гаргаж тавьсан болохоор цаг хугацааны хувьд жаахан хойшилсон. Тодорхой хугацааны дараа энэ талаар УИХ дээр дахиж яригдана. 
 
 
 
-Н.Энхбаяр даргатай хол­боотойгоор Х.Тэмүүжин сайдыг огцруулах гээд байна гэж хараг­даж байгаа шүү дээ?
 
-Н.Энхбаяр даргатай холбоо­той асуудал биш л дээ. Гэхдээ Н.Энхбаяр  даргын  эрхийг зөр­чиж буй асуудал бий. Тухайлбал гурван сарын турш агаар салхинд огт гаргаагүй. Ямар ч ял эдэлж буй хүн тодорхой хугацаанд агаар салхинд гарах ёстой.
 
 
Энэ нь нэг талаар хүний эрх. Дэлхий нийтэд ч тогтсон ийм жишиг бий. Н.Энхбаяр гэдэг хүнд тэр эрх нь эдлэгдэхгүй байгаа нь Хууль зүйн сайдтай холбоотой асуудал шүү дээ. 
 
 
-Н.Энхбаяр даргыг гадаадад эмчлүүлэхээр УИХ дахь МАХН-ын гишүүд хөөцөлдөж байгаа гэсэн. Сүүлийн үед энэ асуудал яагаад намжив?
 
-Асуудал хэвээрээ тавигдаж л байгаа. Манай улсын урдаа барьдаг нарийн мэргэжлийн эмч нарын комисс гараад биеийн байдал ямар түвшинд байгаа талаар оношийг нь тогтоосон. Ингэхэд Монголын түвшинд онош тогтоох боломгүй зүйлүүд илэрсэн.
 
 
Манай улсын эмнэлгийн прак­­тикт эд эстэй холбоотой оношийг тогтоож байгаагүй юм би­лээ. Н.Энхбаяр дарга шиг 13 хоног хуурай өлсгөлөн зарласан тохиолдол байдаггүй.
 
 
Үүнээс үүдсэн өвчнийг оношилсон то­хиолдол манай анагаах ухааны салбарт гарч байгаагүй учир га­даадын өндөр хөгжилтэй оронд аваачиж эмчлүүлэх шаардлага байна. Гэхдээ прокурорын хэм­жээнд шийдэгдэх болохоор тэр түвшинд асуудлыг тавьсан. Одоо­гоор шийд­­вэр гараагүй байна. 
 
 
 
-Намын  даргатайгаа Ерөн­хий нарийн бичгийн даргын хувьд уулзаж байгаа байх. Түүн­тэй Ерөнхийлөгчийн сон­гуулийн талаар ярилцсан уу?
 
-Тэнд ярьсан яриа болгон цаанаа бичигдэж байдаг. Иймэр­­хүү асуудлыг хөндөж ярихад бэрхшээлтэй. Биднийг шүүм­­жил­дэг хүмүүс “Н.Энхбаяр дарга утсаар яриад телевиз үзээд хүмүүсийг дуудаж ирээд үүрэг чиглэл өгдөг” гэх шиг зүйл ярих юм.
 
 
Тэгэх нь битгий хэл Н.Энхбаяр  дарга  телевиз үзэхгүй, сонин уншихгүй мэдээ­лэл авах бүх шугам хаалттай байгаа. Гэтэл ял эдэлж буй жи­рийн хүмүүс телевиз үзэж, бүх мэдээллээ авдаг.
 
 
Бид нар уулзаж ярихдаа   манай  намын дарга гэдэг үүднээс на­мын   ерөнхий үйл ажил­ла­гааны  та­лаар санал бодлоо со­­лилц­дог. Ерөнхий­лөгчийн сон­­­­гуультай холбоотой асууд­­лаар ярилцаагүй байна. Ха­рин ирэх сарын 13-наас өмнө болох Бага чуулганы хуралдаа­наар энэ та­лаар голчилж ярина. 
 
 
 
-Таныг Засгийн газрын ка­би­нетад ажиллаж буй на­мын нөхдөө “Н.Энхбаяр дар­гыг хам­гаал­сангүй” гэж дарам­тал­даг гэх яриа байсан?
 
-Мэдээж би Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тодорхой асуудалд шүүмжлэлтэй хандах явдал гардаг.  Энэ ч утгаараа манай намын дэд дарга, сайдууд Ерөнхий сайдтай  уулзаж  ярьдаг. Ерөн­хий­лөгчтэй хүртэл намын дэд дарга хэд хэдэн удаа уулзсан.
 
 
Ма­най намын олон зуун гишүүн дэмжигчид, намын удирдлага, сайдууд руу шүүмжлэлтэй хан­­даж байгаа. Ингэж байхад бид тайван амгалан сууж байх нь зохимжгүй шүү дээ.
 
 
Тэр улстөрийн албан тушаалтнууд намын дэмжлэгээр тухайн албан тушаалд ажиллаж байгаа учир үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж зарим асуудлыг хэлдэг. Түү­нийг л намайг сайд нараа дарам­талдаг гэж ярьдаг байх. 
 
 
 
-Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дараа Н.Энхбаярыг суллах болов уу гэж ярьж байгаа. Таны хувьд тэгж хардаг уу?
 
-Олон нийт тэгж харж байх шиг байна лээ. Сая манай на­мынхан 21 аймгаар уулзалт хийгээд ирлээ. Тэгэхэд дийлэнх хүмүүс Н.Энхбаяр даргын хэрэг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж хэлж байсан.
 
 
Ерөнхийлөгчийн сонгууль  дөхөхөөр өнөөдрийг хүр­тэл суллахгүй байхаар хү­мүүс тэгж л харж байгаа. Ерөн­­­хий­­лөгчийн сонгууль өнгө­рөнгүүт ач холбогдол нь буураад гаргаж магадгүй юм гэж бодож байх шиг байна. 
 
 
Миний хувьд бодит байдалд илүү анхаарал тавьж ажиллаж байгаа. Тиймээс хүмүүсийн ярьж байгаад үндэс­лэж асуудалд хан­дахгүй. Гэхдээ хууль зүйн талаас нь харвал 2.6 жилийн ялын 50 хувийг нь биечлэн эдлүүлж, үлд­сэн ялыг нь гадуур эдлүүлбэл Ерөн­хий­лөгчийн сонгуулийн да­раа суллагдах боломж бий.
 
 
Эх сурвалж: