sonin.mn

 

"Даргын хүүхэд дарга болдог жишиг алга болно." Ардчилал эхлэж байх үед сонсож байсан содон яриануудаас энэ үг сэтгэлд тод үлдэж. Тэгээд боддоо. Ардчилсан нийгэмд шилжсээр 23 жилийн нүүрийг үзэж буй миний Монголд даргын хүүхэд дарга болдог дампуу жишиг арилсан уу гэж. Үгүй ажээ.
 
 
Бидний бахархаад, дэлхийд жишиг болоод байгаа ардчилал маань Монголд жинхэнэ утгаараа төлөвштөл өдий аж. Зүгээр л төрийн эрхийг хэн барьж байна гэдэг л системийн мөн чанарыг тодорхойлдог болж. Уг нь МАН социалимз, АН ардчиллын бүрэлбаатай юм биш л дээ.
 
 
Гэхдээ бидний монголчууд ардчилал гэхээр АН, арай хуучинсаг гэхээр МАН гэж хараад дадчихсан юм. 2012 оны сонгууль АН-ын хувьд "түүхэн" сонгууль байлаа. Ард түмэн АН-ыг нас залуу болохоор соргог,шинэлэг,хурдтай ажиллах байх гэж итгэл үзүүлсэн.
 
 
Гэтэл нэг л бишээ. Дээр доргүй нүд бүлтийлгэж, чих халууцуулсан үйл хөдлөл гаргаж, итгэлийг сэмлэсээр байх нь даанч дээ гэмээр. Сүүлийн хэдэн өдөр Засгийн газрын тэргүүний хамаатан садангуудын оролцсон тендерийн маапаныг амтай бүгд шагших болов.
 
 
Хий хоосон яриа юм болов уу хэн нэг нь хагалаад өгөөсэй гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болох нь тэр. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн гэдэг бүрэгдүү шавилхан залуу телевизийн камерийн өмнө сууж байгаад "намайг гүтгэж байна" хэмээн үлбийв.
 
 
Богинохон хугацаанд хүрсэн сэнтийг нь сонирхвол жижиг гар биш бололтой. Арга ч үгүй биз, Ерөнхий.сайдын зээ дүүгийн нөхөр. Нөгөө даргын хамаатан дарга болдог жишгийг "тойрч гараагүй" азтан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн гээд өндөр дээд албаны хүн.
 
 
Уг нь ч ид хийж бүтээх насандаа яваа, эрдэм чадалтай эр хүний хувьд амжуулдаг л ажил. Гэвч тэрбээр ашиг сонирхлын зөрчлийн тодоос тод жишээ болохуйц үйлд нэр хутгалдсанд л хамаг учир байгаа юм. "Том ах" Н.Алтанхуягийн хаялга, эхнэр Г.Уянгын сэргэлэн, зангийн "ачаар" ойрдоо од болоод байгаа нөхөр.
 
 
Даанч тэр "намайг гүтгэж байна" гэж дуугарч үзсэн ч цагаан дээр хараар бичсэн баримтууд ар араасаа хөвөрч дэд даргын өөрийгөө хамгаалж чадахгүй бувтнаж суусныг тодотгоод өглөө. Гэмт хүн гэлбилзэнээ гэж. Түүний эхнэр Г.Уянгын эзэмшлийн "Говь повер" компани Тавантолгойн тендерт шалгарсан нь тодорхой болчихлоо.
 
 
Уг нь учиргүй сайн компани байгаад, гарамгай сайн төсөл бичээд уг тендерт түрүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Гэтэл тэр тендер нь будлиантай болсон гэсэн баримт гарч ирээд байгаад л хамаг учир байгаа юм.
 
 
УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийнхэн Тавантолгойн тендерт ялагчийг шалгаруулахдаа Ерөнхий сайдын дүүгийн компанид давуу эрх олгосон гэдэг дүгнэлт гаргаад байгаа юм.
 
 
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д үүссэн санхүүгийн хүндрэл чухам юунаас үүдэлтэйг шалгах явцдаа "Эрдэнэс Тавантолгой" компаниас зарласан тендерт Ерөнхий сайдын дүүгийнх нь охины "Говь повер" компани ялсныг баталгаажуулж.
 
 
Өөрөөр хэлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын танилцуулснаар, эл компанийн удирдах бүрэлдэхүүнд хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжийн нэг ч төлөөлөл байхгүй бөгөөд ТУЗ-ийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, гишүүдэд яамдын төрийн нарийн бичгийн дарга, хэлтсийн дарга нар ажилладаг.
 
 
Түүнчлэн Багануурын уурхайд нэг тонн нүүрсийг 23 мянга, Шивээ-Овоогоос 18 мянган төгрөгөөр олборлодог бол Тавантолгойд уг зардал 41 мянган төгрөгтэй тэнцдэг. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-д нэг тонн нүүрс олборлоход найман тонн шатахууны зардал гардаг бол Багануурын уурхайд 1.5 тонн шатахуун зарцуулдаг байх жишээний.
 
 
Уг нь бол 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас зарласан Цагаан хадан дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт "Говь повер" компани шалгарсан бөгөөд Тавантолгой уурхайгаас олборлож буй нүүрсийг Цагаан хад дахь гаалийн баталгаат талбайдаа буулгасныхаа төлөө нэг тонн тутамд 1.5 ам.доллар, жилдээ 17 тэрбум төгрөгийн орлого олох давуу эрхийг тус компани өвөртөлсөн юм билээ.
 
 
Угтаа "Говь повер" ХХК-ийг иргэн Ц.Дашдондог 2007 оны зургаадугаар сарын 25-нд барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулсан ч 2013 оны нэгдүгээр сарын долоонд иргэн Г.Уянга, Д.Баярхүү нарт худалджээ.
 
 
Компанийг өөрийнхөө нэр дээр болгосон өдөр, тэд компанийн дүрмийн сангаа огцом нэмэгдүүлж нэг тэрбум төгрөг болгон өсгөжээ. Өөрөөр хэлбэл, нэг бүрийн үнэ нь 10 мянган төгрөгийн өртөгтэй 40 мянган ширхэг хувьцааг Д.Баярхүү, 60 мянган хувьцааг Г.Уянга эзэмших шийдвэр гаргасан үг.
 
 
Үүнээс ганцхан хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 16-нд Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчээр "Говь повер" шалгарсан гээд бодохоор нэг л биш... Хүч чадлаараа авсан амжилт ялалт биш нь харагдаад байгаа юм.
 
 
Энд тэндхийн мэдээллүүдийг тулган нягталваас "Говь повер" ХХК-ийг үүсгэн байгуулагч Гэрэлхүүгийн Уянга нь 1990 онд төрсөн. Угсаа залгамжилсан баян, тэрбумтны өв залгамжлагч гэх ойлголт Монголд байх биш.
 
 
23-хан настай бүсгүй нэг тэрбум төгрөгийг хэдхэн хоногийн дотор хаанаас босгож, компанийн хөрөнгөө нэмэгдүүлэв гэдэг их л хачин даа.Энэ үйл явдалтай холбоотой Г.Дэнзэнгийн эхнэр шудрага бус замаар мөнгө босгоод байгаа юм биш үү гэдэг яриа хөөрөө өрнөсөн.
 
 
Харамсалтай нь залуу дарга шулуухан хариулж чадаагүйгээр барахгүй ичих ч үгүй намайг гүтгэж байна гээд сууж л байсан даа. Гурав хоногийн өмнө. Эндээс харахад АН-ын залуу, улстөрчдийн хэлдгээр цус сэлбэлт гэх залуухан улстөрч ямархан ёс зүйтэй нь харагдах аж.
 
 
Төрийн дэд сайдын энтэй албыг хашиж буй эл залуу анх удаа ард түмнийхээ өмнө гарч үг хэллээ. Хэлэхдээ хүүхэд хуурч байгаа юм шиг тодорхой бус, булзсан, хатуухан бас шулуухан хэлэхэд хэчнээн өрөвдмөөр, арьсаа хамгаалах арга хэрэглэж буйгаа мэдрүүллээ. Хамгийн наад зах нь Г.Уянга бол миний эхнэр.
 
 
Эхнэрийнхээ хийж буй ажилд анхаарал тавьж, оролцож байсангүй гээд хэлчих эр зориг эр хүнийх нь хувьд тэр хүнд алга. 90 оны жаахан бүсгүй яахав, ээж, аав, мэдээж Монгол Улсын засгийг тэргүүлж буй ахынхаа хэлж зөвлөснөөр хэд гурван баримтан дээр гарын үсэг зураа л биз.
 
 
Хэтдээ баян тансаг бал бурам шиг амьдрахын эхлэл энэ тэр гэж сэнхрүүлээ л биз. Гагцхүү төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй буй эр хүн атлаа товлож сонгож, тойрч эргүүлж байж авч суусан ханийнхаа өмнөөс хэрэгт унадаггүй юмаа гэхэд хамгаалж өмгөөлөх чадамж Г.Дэнзэн хүүд байсангүй.
 
 
Ардчиллын анхдагчдын үсэнд хяруу бууж, хойч үедээ итгэл хүлээлгэх цаг болсон гэх шүүмж их гардаг. Итгэл хүлээлгэж болохуйц эрдэм боловсролтой залуус сүүлийн үед төрд, намд ихээр орж байгаа, гарч ирж байгаа. Гэвч хойч үеийнхэн нэр иймэрхүү...
 
 
Энэ залгамж уу эсвэл даргын хамаатан дарга болдог, давраад тэрбумтан болдог жишиг Монголд "Их Цааз" мэт хэрэгжиж хүчирхэгжих үү гэдэг асуултыг гаргаад ирлээ. Энэ их сонин, бас нэн чухал асуудал шүү, таминь ээ.
 
 
Х.Хүслэн
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”