sonin.mn

 

Одоогоос нэг жилийн өмнө "Хятад улс бол дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч" хэмээн Германы канцлер Ангела Меркель хэлж байв. Тухайн үедээ энэ үг хамгийн үнэн тодорхойлолт байв. Гэвч энэ оноос тус улсын эдийн засгийн байдал өөрчлөгдөж эхэллээ.
 
 
Саяхан "Хятадын үйлчилгээний салбарын өсөлт өнгөрсөн сард 2011 оны наймдугаар сараас хойшхи хамгийн бага түвшиндээ хүрлээ" гэж "Ройтерс" агентлаг мэдээлэв. HSBC-ийн худалдааны индекс гуравдугаар сард 54.3 байсан бол өнгөрсөн сард 51.1 болж буурсан байна.
 
 
Энэ нь сүүлийн хорин сард тус улсын худалдааны захиалга хамгийн сул байсныг харуулж байгаа юм. "HSBC''-ийн индекс буурсан явдал нь зөвхөн аж үйлдвэрийн салбар биш үйлчилгээний салбарт ч нөлөөлөхөөр байна.
 
 
"Бид эдийн засгийн өсөлтийн үр дүнд санаа зовж байна" хэмээн Хонгконг дахь "No-mura Securites"-ийн Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Занг Зивей хэлжээ. Мөн "Эдийн засгийн өсөлт удаашраад эхлэхээр хөдөлмөр эрхлэлтийн хурд ч саарч байна.
 
 
Ингэхээр Хятадын эдийн засгийн өсөлт хоёрдугаар улиралд эрсдэлтэй тулж байна." гэж HSBC банкны Хятадыг хариуцсан эдийн засагч Кюи Хонбин ярьсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн суурь индекс өнгөрсөн сард 49.6 болж буурчээ.
 
 
Энэ бол 2009 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт гэдгийг HSBC-ээс мэдээлэв. Өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдэхүүний 46 хувийг үйлчилгээний салбар эзэлж байжээ. Энэ оны эхний улиралд урд хөршийн эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрсэн байна.
 
 
Эдийн засаг ийнхүү буурахад үйлдвэрлэл багасч, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь нөлөөлжээ. Одоо тус улсын шинэ удирдагчид энэ онд эдийн засгийн өсөлтийг 7.5 хувьд хүргэхээр тооцоолжээ. Иймд ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн шинэтгэл хийхээр төлөвлөсөн байна.
 
 
Хонгконг дахь "Mizuho Securites Asia''-гийн Хятадыг хариуцсан эдийн засагч Жиангуанг Шен хэлэхдээ "Эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл нэмэгдэж байна. Өнгөрсөн сард тааруу мэдээ гарсан тул Хятадын Засгийн газар арга хэмжээ авах байх.
 
 
Цаашид тэд зээлийн хүүгээ бууруулах төлөв ажиглагдаж байна." гэжээ. Энэ онд Хятадын Төвбанк жилийн зээлийн хүүг зургаа, хадгаламжийн хүүг гурван хувьд хүргэхээр төлөвлөжээ.
 
 
Нийлүүлэлт ихэссэнээс нүүрсний үнэ унажээ
 
Одоо Хятадын эдийн засгийн хөдлөлийг дэлхий нийт анхааралтай ажигласаар байна. Учир нь тус улсын зах зээл нь дэлхийн гадаад худалдааны багагүй хэсгийг өөртөө шингээдэг билээ. Харин Хятадын эдийн засгийн сааралт манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
 
 
Одоо Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ унасаар байна. Энэ нь манай улсын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Сүүлийн үед Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо бууруулж эхлэв. Учир нь гадаад орнуудаас авч буй хямд үнэтэй нүүрсний импорт эрс нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.
 
 
Тухайлбал, илчит металлын импорт өнгөрсөн гуравдугаар сард өссөн байна. Харин дотоодын олборлолт нь таван сая тонноор буурч, жилийн өмнөхөөс 1.7 хувиар багасч 290 сая тоннд хүрчээ.
 
 
Чулуун нүүрсний үнэ Австралийн Ньюкастл боомтод сүүлийн таван сарын хамгийн доод түвшин болох 87.20 ам.долларт хүрснийг "Ройтерс" дамжуулжээ. Энэ онд гэхэд л тус улсын нүүрсний үнэ 5.5 хувиар буурчээ.
 
 
Ийнхүү дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын нүүрсний үнэ 2009 оны аравдугаар сараас хойшхи хамгийн бага хязгаар болох 613 юань буюу 99.22 ам.доллар болтлоо доошилжээ.
 
 
Хятадад чулуун нүүрсний үнэ, олборлолт болон тээврийн зардал нь шингээд нэг тонн нь 80-100 ам.долларын ханштай байна. Харин Австралид нийт өртөг нь шингэсэн нэг тонн нүүрс 70-85 ам.долларын ханштай байгаа бол Индонези, Өмнөд Африкт 46.55 ам.долларын ханштай байна.
 
 
Буюу 63.3 ам.доллараар буурчээ
 
Мөн Хятадын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ хямдарсаар байна. Саяхан тус улсын Засгийн газар дотоодын зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтоох журмаа шинэчилжээ.
 
 
Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр мөрдөгдөж эхэлсэн шинэ журмаар дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 50 юань буюу найман ам.доллараар өөрчлөгдсөн тохиолдолд дотоодын зах зээл дэх үнийг шинэчлэхээр болжээ.
 
 
Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний үнийн шинэ журмын дагуу энэ сараас шатахууны үнийг бууруулахаар болжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт автобензиний үнэ нэг тонн нь 395 юань буюу 63.3 ам.доллар, дизель түлш 400 юань буюу 64 ам.доллараар буурсан байна.
 
 
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадад шатахууны үнэ тонн тутамд ойролцоогоор 700 юань буюу 110 ам.доллараар буурчээ. Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефть 94.25 ам.долларын ханштай байна.
 
 
Хятадаас газрын түүхий тос импортлох асуудлыг судлах хэрэгтэй 
 
Үүнээс үзэхэд Хятадын зах зээл дээр нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт ихэссэн нь илт байна. Гэхдээ энэ байдал төдийлөн удаан үргэлжлэхгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
 
 
Учир нь Хятадын Засгийн газар улс орныхоо эдийн засагт шинэтгэл хийж, тодруулбал уул уурхайн боловсруулах үйлдвэр, эрчим хүч, орон сууцны барилгын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлийг барихаар болов.
 
 
Одоохондоо Хятадад газрын тосны бүтээгдэхүүний үнэ хямдарч буй нь манай улсад ашигтай. Тиймээс Хятадаас импортоор авах шатахууны хэмжээг аль болохоор нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Монгол Улс удахгүй нефть боловсруулах үйлдвэртэй болно.
 
 
Үүнд түүхий эд хэрэгтэй. Одоогоор газрын түүхий тосны 50 хувийг ОХУ-аас авна хэмээн тооцоолж байгаа. Хэрэв энэ тооцоолол бүтэхгүй бол яах вэ? Мэдээж үйлдвэрлэл хүчин чадалдаа хүрч ажиллахгүйгээс зогсоход хүрнэ.
 
 
Иймд Хятад улсаас газрын түүхий тос импортлох асуудлыг эртнээс судалж, бэлтгэл ажлаа хийх нь чухал юм. Ухаандаа түүхий эдийн хараат байдлаас гарах гэж тэр. Харин манай улсын хувьд нүүрсний экспорт тийм ч таатай биш байгаа.
 
 
Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компани нэг тонн нүүрсээ Хятад улсад 56 ам.доллараар гаргаж байна. Өмнө нь 53 ам.доллараар өгч байсан. Үүнээс ашиг харах юм байхгүй. Олборлолтын өөрийн өртгөө нөхвөл их юм. Гол нь "Чалко"-д төлөх ёстой 186 сая ам.долларын үлдэгдэл өрөө нүүрсээр хаах гэж хөдөлж буй нь энэ.
 
 
Грэм Ханкок тавантолгой бол бидний гол зорилго
 
Харин саяханаас Тавантолгойн Энэ бол Монголын нүүрсийг дэлхийн зах зээл дээр үнэ хүргэж зарах анхны алхам гэхэд болно. Энэхүү сонгон шалгаруулалтанд дэлхийд олборлолтоороо эхний гуравт багтдаг "Англо Американ" групп хүч үзэхээр бэлтгэж буйг "Блүүмберг" мэдээллээ.
 
 
Тус группийн ахлах төлөөлөгч Грэм Ханкок "Манай групп "Эрдэнэс Тавантолгой" компанитай хамтрах сонирхолтой байгаа." хэмээжээ. Мөн тэрбээр "Тавантолгой бол бидний гол зорилго. Баруун цанхийн төсөлд олон улсын хамтарсан консорциум орохоор зэхэж байна.
 
 
Гэвч төслийн явц тодорхой бус удааширч байгааг бид мэднэ. Засгийн газар үүнийг мэдэрч чадвал бид үнэлэмжээ нэмж болох юм. Ингэснээр хамтрахад илүү дөхөмтэй." гэж хэлсэн байна. Лондонд төвтэй "Англо" групп нь "Пийбодий энержи" болон Хятадын "Шенхуа энержи"  зэрэг компанитай хамтрах юм байна.
 
 
Олон улсын консорциумын сонирхож буй Тавантолгойн энэ хэсэг ойролцоогоор 1.8 тэрбум тонн нүүрстэй бөгөөд энд өндөр зэрэглэлийн коксжих нүүрсний 65 хувь нь байгааг нь тогтоожээ. Мөн Тавантолгойн шинэ тендер Монголын нүүрсийг шинэ зах зээлд хүргэнэ" хэмээн "Ройтерс" мэдээлсэн байна.
 
 
Тавантолгойн Баруун цанхиас нүүрс олборлолт эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөж буйг "Эрдэнэс Тавантолгой" компанийн Уурхайн олборлолт, техникийн алба хариуцсан захирал Д.Цагаан-Өвгөн мэдэгдсэн байна.
 
 
Тэрбээр "Ройтерс"-т ярихдаа “Хамгийн гол нь "Чалко"-гаас гадна шинэ зах зээл бий болгохыг энэ тендерийн үр дүн гэж хүлээж байна" хэмээжээ. Мөн саяхан Монгол Улсаас уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан байна.
 
 
Харин Японы тал Монгол Улсаас хямд, чанар сайтай нуүрсийг тогтмол худалдан авах, Тавантолгойн ордын хувьцааг эзэмших замаар орд ашиглалтанд оролцох, Монголын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан худалдааны корпораци байгуулах саналыг тавьжээ.
 
 
Тодруулбал, гуравдагч хөрш хэмээх эдгээр улс орнууд Монголын Тавантолгойг сонирхож тэндээс ашиг олохыг эрмэлзэж буй нь илт. Энэхүү өрсөлдөөн нь Хятадын зах зээл дээрх Монголын нүүрсний үнийг өөрчилж ханшийг дор хаяж 80-90, цаашилбал 120 ам.долларт хүргэж мэдэх л юм: Учир нь Хятадын эдийн засгийн сааралт тур зуурын шинжтэй.
 
 
Тун удахгүй сэргэнэ хэмээн олон улсын шинжээчид үзсээр байна. Юутай ч бид Хятадын эдийн засгийн хөдлөл, нөхцөл байдлыг сайтар судалж, түүнд тохирсон хариу үйлдэл хийх нь чухал юм.
 
 
Ш.Батцогт
 
Эх  сурвалж: “Улаанбаатар таймс”