sonin.mn

 

Байгалийн онц аюулт үзэгдлийн өмнө хүчин мөхөсдөхөд гараа сунгаж, аюулт өвчинд амь дэнсэлхэд цус нийлүүлэх эрхэм үүрэгт ажил үйлийг зохион байгуулж яваа МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандовжтой уулзаж санал бодлыг нь сонсохоор зорьж очлоо.
 
 
-Таны ажил үйлс бүтэмжтэй байна уу?
 
-Нүүдлийн соёл иргэншлийн онцлогтой оюун сэтгэлгээний хувьд гайхалтай, жилийн дөрвөн улирал нь хүний оюуныг хурцалдаг ийм сайхан оронд төрсөн юм чинь ажил үйл бүтэмжтэй сайн байлгүй яахав. Манай Монголчууд тэнгэрийн таалалд бүхнийг нийцүүлж ирсэн эртний соёл түүхтэй ард түмэн.
 
 
-Манай өвөг дээдэс дээр үеэс бие биенээ асран чадалтай нь чадалгүйгээ авч явж ирсэн сайхан уламжлал байх?
 
-Хүмүүнлэгийн ажлыг бидний өвөг дээдэс маш боловсронгуй хийж ирсэн түүх байдаг юм билээ. Хэнийгээ ч хаяж хоцроодоггүй тэгш авч явахын тулд боломжийн амьдралтай иргэн бүр хоёр шүдлэн хонь барьж байсугай хэмээж байжээ. Хүнийг хүн болгоход илүү их анхаардаг байж. Энэ нь хүнийг хүнлэг болгох гэсэн ухаан юм.
 
 
-Хүмүүнлэгийн үйл хүнийг хүмүүжүүлэх бас нэг үүрэгтэй байх нь гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ. Манайх хүнийг хүн болгодог байгууллага. Бид хүмүүст бэлэн эд зүйлс байнга түгээж, бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлэхгүйгээр хүний оюун ухаанд нь өөрчлөлт хийж, нийгмийн хүнд хэцүү байгаа давхаргыг оюун сэтгэхүйн ядуурлаас гаргахыг зорьдог.
 
 
Бид 72 мянган татвар төлөгчтөй хүүхэд залуусын гишүүнчилсэн баг бүрдүүлэн ажиллаж байна. Дэлхийд 150 жилийн түүхтэй УЗН-ийн ажлыг Монгол хөрсөнд суулгаж нутагшуулах өөрийн уламжлалт ухааныг сэргээж хослуулаж хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.
 
 
-Тайван цагт ч хүмүүнлэгийн үйлчилгээнд тодорхой хэмжээгээр зардал гаргадаг биз?
 
-Монгол хүмүүнлэгийн үйлчилгээнд зориулж жилд 2-2.5 тэрбум төгрөг зориулдаг, Засгийн газраас нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Улсын цус цусан бүтээгдэхүүний 87 хувийг МУЗН-ийн сүлжээгээр хангаж байна.
 
 
-Яг ямар үед танайх ард олонд онцгой тусламж үзүүлдэг вэ?
 
-Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, олныг хамарсан хүн, малын гоц халдварт өвчин, Байгалийн их хэмжээний гамшиг сүйрлийн үед төрдөө нэмэгдэл хүч болж ажилладаг.
 
 
-Гамшгийн бэлэн байдлыг байнгын хангасан байх хэрэгтэй дээ?
 
-Орон нутгийн бүс нутагт мэдээлэл сурталчилгааны төв ажилладаг. Эдгээр долоон төв бүр түймэр, үер, усны аюулд нирвэгдсэн 120 айлд нэг удаа буцалтгүй тусламж үзүүлэх нөөцтэй байдаг.
 
 
-Дотоодод төдийгүй гадаад оронд тусламж үзүүлэх үү?
 
-Гишүүд дэмжигчдийнхээ тусламжтайгаар Япон улсад газар хөдлөхөд 140 гаруй сая төгрөг, Зүүн азийн 12 орныг хамарсан цунами болоход 150 мянган ам.доллар гэх мэт хандив өргөж байсан.
 
 
-Хүмүүнлэг гэхээр хүний дотоод сэтгэхүйд нэвтрэх ажил шиг санагдаад байх юм?
 
-Үнэхээр сэтгэл зүрхний гүнээсээ ханддаг хүмүүс манайхтай хамтран ажилладаг. Ер нь хүнд хэзээ юу тохиолдох нь болзошгүй байдаг. Жишээ нь, манай нэг нэртэй хандивлагч онцгой гишүүн мянгат малчин байгалийн гамшигт өртөөд хотоо харлуулчихаад биднээс тусламж авч байсан.
 
 
Гэсэн ч санаа сайхан бол заяа тэгш гэж тэр удалгүй хэвэндээ орсон, одоо сайхан амьдарч байгаа. Иймээс амьдрал ороо бусгаа юм. Нэг сонин ярихад би хөдөө явж байгаад ойролцоо нутаглах хоёр мянгат малчныхаар орлоо.
 
 
Нэг нь хулгай дэндлээ мал алга болоод байна гэх, нөгөөх нь гайгүй ээ, манай мал бүрэн бүтэн, тийм юм байхгүй гэлээ. Дараа нь учрыг лавлавал хүнд тусладаг малчных нь мал бүрэн бүтнээрээ, ердөө хүнд тусладаггүй амиа боддог айлынх нь мал алга болоод байдаг байж.
 
 
Ааш зан муутай малчны малтай таарсан залуучууд цааш нь элддэг харин нөгөө айлын малтай таарвал туугаад дөхүүлээд ирдэг л байсан байхгүй юу. Иймээс хүн ямар байхаас их зүйл шалтгаалах гээд байна.
 
 
-Үгээгүй ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
 
-Асрах хүнгүй өндөр настан, бүтэн өнчин, тахир дутуу харах хүнгүй хүн л энэ хүрээнд багтдаг.
 
 
-Бид байгаль дэлхийтэйгээ зохицож амьдарч байж л амжилтад хүрэх байх даа?
 
-Норвегийн том эрдэмтэн Монгол чоно хүн төрлөхтөнд ухаарал гэгээрэл авч ирж байгаа юм биш үү гэсэн байна лээ. Би эхлээд гайхсан. Гэтэл монгол чоно байгаль дэлхийтэй хамгийн сайн чадварлаг зохицож амьдарч чаддаг ганц амьтан юм байна. Тэгээд л хойш надад бардам омголон бодол төрдөг болсон.
 
 
-Ямар бодол вэ нууц биш бол хэлэх үү?
 
-Болно. Бүр онгирч байгаад яримаар байна. Монголчууд чинь байгаль дэлхийтэйгээ хамгийн чадварлаг зохицож амьдарч ирсэн ард түмэн. Шинэ мянганы шилдэг хүнээр Чингис хаан тодорсон биз дээ. Монголчуудын дэлхийг удирдах цаг хаяанд ирээд байгаа юм биш үү.
 
 
Байгальтайгаа хамгийн ойр байгаа Монгол үндэстэн өнөөдөр iQ-гээрээ дэлхийд эхний тавд ороод ирлээ. Мөдхөн тэргүүн байранд орно гэдэгт итгэлтэй байна. Нөгөө алдарт Ленин багшаас ч илүү байгаа юм.
 
 
-Сэтгэл оюуны хувьд ч, тооны хувьд ч том айлыг толгойлж явж байна даа?
 
-Тийм ээ. Манайд хамгийн гэгээн бодолтой хүмүүс нэгдэж ордог юм. Манайх 70 мянган гишүүнтэй хүүхэд залуусын хамгийн том сайн дурын олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага. Улаан загалмайн ажилд орсон минь миний хувьд том хувь тохиол гэж бодож явдаг.
 
 
-Одоо боловсрол их чухал болсон цаг үе юм?
 
-Сүүлийн 20 жил боловсрол гэж яриад байхаас хүмүүжил гэж ер ярьсангүй. Хүмүүжилгүй, хүн болоогүй хүнд боловсрол эзэмшүүлэх нь галзуу хүнд сүх бариулахтай адил гэдэг.
 
 
А.Байгалмаа
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"