sonin.mn

 

Ойрын үед цементийн эрэлт хоёр сая тоннд хүрнэ
 
Өнөөдөр Монголын цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрүүд атгаж байгаа гэхэд болно. Бүрэн бус статистик мэдээгээр Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн юм.
 
 
Харин Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр цементийн эрэлт ойрын үед 2.0 сая тоннд хүрч нэмэгдэх тоодоо гарчээ. Сүүлийн арван жилийн хугацаанд барилгын салбарын үйлдвэрлэл эрс нэмэгдсэн учир цементийн хэрэглээ бараг арав дахин өсчээ.
 
 
Судалгаанаас үзэхэд, "Эрэл"-ийн цементийн үйлдвэр жилд 150 мянган тонн, Хөтөлийн цемент, шохойн үйддвэр 300 мянга, Налайхын цементийн үйлдвэр 100 мянган тонныг тус тус зах зээлд нийлүүлдэг гэсэн тооцоо гарчээ.
 
 
Тэгэхээр Монгол Улсын нийт цементийн хэрэглээний 550 мянган тонныг дотоодоосоо хангах боломжтой нь харагдаж байна. Харин үлдсэн нэг сая тонныг Хятад улсаас импортоор оруулдаг нь тодорхой. Гэхдээ энэ бол нарийн гаргасан тооцоо биш.
 
 
Үүнээс ихээр оруулж ирдгийг үгүйсгэх аргагүй юм. Одоогийн байдлаар Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа нэмж хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэхээр ажиллаж байна. Уг үйлдвэрийн цемент ирэх жилээс зах зээлд нийлүүлэгдэх юм.
 
 
Мөн "МАК" компани хуурай аргын технологиор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх цементийн төслийг хэрэгжүүлж эхлэв. Энэүйлдвэрмөн ирэх оны эхний "улиралд ашиглалтанд орж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
 
 
Үүнээс гадна Дорноговь аймгийн Өргөн суманд "Монполимет" компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай "Сэнж" Сант" цементийн төслийг хэрэгжүүлэхээр болов.
 
 
Мөн өөр олон аж ахуйн нэгж цемент үйлдвэрлэхээр ажиллаж байна. Иймд ирэх жилээс Монгол Улс цементийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах бололцоотой нь илт.
 
 
Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд өөрчлөлт оруулъя
 
Гэтэл Монгол Улсад Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын цемент үйлдвэрлэгчид болон зарим эдийн засагчид эмзэглэх болов. Энэ нь ч аргагүй юм.
 
 
Хэрэв Монголд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хятадын төрийн эзэмшлийн цементийн үйлдвэр баригдвал манай улсын цементийн үйлдвэрүүд ядах юмгүй "сөхөрнө".
 
 
Стратегийн ач холбогдол бүхий сапбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
 
 
Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд "Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмшигч хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ" гэжээ.
 
 
Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарууд хамаарч байгаа. Эрдэс баялаг гэдэгт шохой, гөлтгөнө зэрэг цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд орсон байдаг.
 
 
Гэтэл цементийн үйлдвэрлэлийг уг хуульд тусгаагүй нь Монголын барилгын материалын салбарт тодруулбал цементийн үйлдвэрлэлд эрсдэл дагуулах нь илт байна. Иймд үндэсний цементийн үйлдвэрлэлийг онцгойлон авч үзэн дээрх хуулийн заалтад оруулах нь чухал юм.
 
 
Хэрэв дотоодын зах зээлийг цементээр хангаж, өрсөлдөөн болгох үндсэн дээр цементийн үнийг тогтворжуулъя гэж бодож байгаа бол гадаадын компанид хөрөнгө оруулалтын тодорхой хувийг өгч, бусдыг нь төр өөрийн мэдэлдээ авах хэрэгтэй.
 
 
Тэгэхгүй бол Монголын цементийн зах зээл дээр гадаадын компани бүрэн хяналтаа тогтоох болно. Иймд энэ асуудалд Засгийн газар тун нухацтай хандмаар байна.
 
 
Үндэсний үйлдвэрүүд уналтанд ороход хүрлээ
 
Саяхан Барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт мэдээлэхдээ "Манайд цементийн үйлдвэрийг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах боломж байгаа. Монгол Улсын бүх бүсэд түүхий эдийн нөөц бий. Гэвч төрийн бодлого дутаж байгааг өнөөгийн зах зээл харуулж байна.
 
 
Өнөөдөр цементийн хэрэгцээний 40 гаруй хувийг Хятадын үйлдвэрүүд хангаж байна. Тэдний зах зээлд эзлэх орон зай жилээс жилд өргөжиж байгаа. Монгол руу хэдэн мянган тонноор ачих Хятадын цементийг тээвэрлэх таатай нөхцөлийг манай төр өөрөө бэлдсэн.
 
 
Үүнээс болж үндэсний үйлдвэрүүд уналтанд ороход хүрч байна" гэв. Мөн тэрбээр "Монголын цемент үнэтэй байгаа нь үнэн. Гэхдээ чанар гэгч асуудал бий. Энэ бүтээгдэхүүнийг гурван сараас илүү хугацаанд хадгалбал чанаргүй болдог.
 
 
Гэтэл урдаас ирсэн их хэмжээний цемент 5-7 сарын дараа агуулахаас барилгад шилжиж байна. Хугацаа нь хэтэрсэн цемент барилгын цутгамалд сөргөөр нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр төрийн бодлогогүй энэ байдал дотоодын бүтээгдэхүүний үнийг буулгах боломжийг боож байгаа юм.
 
 
Нөөцөө ашиглаж, төрөөс дэмжлэг авснаар цементийн үнийг хямдруулах тооцоо бидэнд байна" гэлээ. Мөн "Хятад улс 100 хувийн төрийн мэдлийн цементийн үйлдвэрийг Монголд барьж байгуулбал манай улсын цементийн зах зээлийг бүхэлд нь атгах болно.
 
 
Нөгөөтэйгүүр цементийн үндэсний үйлдвэрүүд шууд дампуурч мэдэх юм. Хэрэв ингэвэл Монгол Улсын барилгын үйлдвэрлэд Хятад улсаас шууд хамааралтай болно. Энэ бол Монголын үндэсний эрх ашиг аюулгүй байдалд халгаатай.
 
 
Үүнээс ухаарач авахын тулд бид өмнөх түүхээ санах нь чухал. Хятад улс манай улсын хамаг арьс шир, ноос ноолуурыг хаман авсаар хорь гаруй жил болов. Үүний үр дүнд юу болов. Монголын арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд бүгд дампуурсан. Одоо энэ бүхнээ босгох гэж зовцгоож байна"  
 
 
Цементийн импортыг бүрэн үгүйсгэж болохгүй
 
Удахгүй уул уурхай дагасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн томоохон ажлууд ар араасаа ундарна. Мөн орон сууцны барилгын ажлууд эрчимжинэ. Энэ бүхэнд цементээс чухал юм үгүй. Одоогоор цементийн эрэлт хоёр сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна.
 
 
Магадгүй энэ хэрэгцээ үүнээс ч их байж мэдэх л юм. Үнэнийг хэлэхэд манай улсын цементийн хэрэгцээ Хятадаас авч буй цемент дээр тогтож байгаа. Үнийн хувьд хямд, нийлүүлэлт сайн байгаа нь дотоодын цементийн үнийг тогтворжуулахад нөлөөлж буйг хэлэх хэрэгтэй.
 
 
Цаашдаа үндэсний цементийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, гадны хараат байдлаас гарах нь чухал. Энэ нь эцсийн дүндээ үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай уялдаж байгаа юм. Хэрэв Хятад улс цемент экспортлохоо зогсоочихвол яах вэ?
 
 
Тэгвэл ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг хүртэл одооноос тооцох хэрэгтэй. Иймд Монголын цементийн үйлдвэрүүд хэт нь дор хаяж дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангадаг болох нь чухал.
 
 
Гэхдээ импортын цементийг бүрэн үгүйсгэж болохгүй. Энэ нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, өрсөлдөөн бий болгох, бүтээгдэхүүний дотоодын жишиг үнийг тогтооход чухал юм.
 
 
 
Ш.Батцогт 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"