sonin.mn

Махны өндөр үнэтэй дайн зарлаад буй тер, засаг үнийг бууруулах нэг аргаар мах боловсруулах үйлдвэрүүд олноор байгуулахыг сонгожээ. Салбарын яамнаас ийм 15 үйлдвэр барих тендөрийг ирэх сард зарлахаар болж. Тэдгээрийг Хятадын Засгийн газраас манай улсад хөнгөлөлттэй нөхцлөөр зээлсэн 300 сая ам.долларын тодорхой хувиар санхүүжүүлэх юм байна.

Үйлдвэрүүд нь олон улсын стандартыг хангасан байх аж. Махаа ангилж, худалдах хүртэл чанарын тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа нь сайн хэрэг боловч үйлдвэрүүд олноор барьснаар махны үнийг шийдэх болов уу гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байна. Учир нь өнөөдөр манайд Багануур дахь төрийн өмчит махны том үйлдвэрээс аваад хангалттай олон бий.



Цагтаа Японы зэрэг гадны тусламж, зээлээр баригдан босч байсан үйлдвэрүүд өнөөдөр хүчин чадлынхаа 50 хувийг ч ашиглаж чадахгүй байхад дахиад үйлдвэр барина гэдэг махны үнийг буулгахаасаа илүү хайран хөрөнгө гарздахаар болж байгааг халаглах хүн бишгүй байна. Түүний оронд байгаа үйлдвэрүүдээ тордоод, төр, засаг мал, махан дээр өгдөг гарал үүслийн бичиг, хүнсний захуудын өндөр түрээстэй лангуу зэрэг махны нийлүүлэлтэд саад болж буй олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдлээ багасгах талаар юм хийвэл махны үнэ бууна гэсэн хүн олон байна.

Наад зах нь малчид малаа арилжааны банкуудын зээлэнд тавьчихсан байдаг учир зарж борлуулах эрхгүй. Энэ байдал нь хүртэл махны нийлүүлэлтэд бага ч атугай "хувь нэмрээ оруулж" байдаг нэг учир шалтгаан болдог аж.



Эх сурвалж: "Бизнес таймс"