sonin.mn


Монголчууд сүүлийн үед их завгүй болсон. Хийх ажил их байгаад завгүй байна уу гэтэл бас тийм биш юм аа. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдчих гээд түүнийхээ бичиг цаасыг бүрдүүлэх гэж гүйсэн баахан завгүй хүмүүс олшироод байна. Өнөөгийн Засгийн газар аль 2010 оны арванхоёрдугаар  сарын 29-нд "Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр" баталсан юм.  Үүндээ нэг сумаар 2-3 туулай гэдэг шиг иргэдээ орон сууцжуулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж, хот төлөвлөлтийг сайжруулах, инженерийн дэд бүтцийг хөгжүүлэхгэх мэтээр олон зорилт тусгасан.

Үүнд хүрэх үүднээс эхний ээлжинд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Гэвч түүнийг нь зохицуулах журам батлагдахгүй удсаар өнөөдрийг хүрсэн. Гацсан хөтөлбөр ийнхүү жил гаруй дуншсаны эцэст луу жилийн босгон дээр нэг юм амь орсноор бага, дунд орлоготой иргэд 20 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломж нээгдсэн. Одоогийн байдлаар хөтөлбөрийн жагсаалтад 124 мянган байр хамрагдаад байна. Гэхдээ ихэнх нь баригдаагүй байгаа...

БҮҮ ЯАР!

Жагсаалтад багтсан 124 мянган орон сууцны тал хувийг нь 55 метр кв-аас дээшгүй талбайтай байр эзэлж буй гэх. Одоогоор барилгын явц 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 10 орчим мянган байр байгаагаас иргэд эндээс сонголтоо хийнэ гэсэн боловч сонголт байхгүй болжээ. Тиймээс дараа дараагийн барилгууд баригдаж, гүйцэтгэл нь 50 хувьд хүрэхийг хүлээх хэрэгтэй болоод байна. Иймд яарах хэрэггүй гэж албаны хүмүүс тайвшруулах. Орон сууцны үнэ нэмэгдснийг олон хүн орох оронтой болох гэж нэг дор бөөнөөр адгаснаас боллоо гэж үзэж ч байгаа.

Эхнийхэд үү, дараагийн ээлжинд үү гэдгээс үл хамааран урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамрагдах иргэд худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ёстой юм. Үүнийг төлөх боломжгүй иргэд их. Бага орлоготой юм чинь. Тэгээд яах вэ. Үүнд албаныхан "Хүний хөгжил сан"-гаас иргэдэд хүртээх хишиг хувийг бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно гэх.

Тэр нь нэг сая төгрөг. Иргэдээрээ тоглоод ч байгаа юм шиг, хуураад ч байгаа юм шиг. Үүнээс гадна зээлд хамрагдах иргэд банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй байхаас гадна, зээлдэгчдийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн телбөр тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна. Түүнчлэн анх удаа орон сууц худалдан авч байгаагаа гэрчлэх ёстой. Эндээс өрхийн орлогыг чухам юунд үндэслэх, эцэг, эх болон гэр бүлийнхээ хэн нэгний орон сууцыг хамтран эзэмшдэг иргэд зээлд хамрагдах боломжтой юу гэсэн асуултууд гарч ирсэн.

Иргэд Орон сууц санхүүжилтийн корпораци (ОССК)-ийн вэб хуудаснаас зээлд хамрагдах хүсэлт татан авч, бөглөнө. Мөн Үл хөдлөх хөрөнгийн газраас анх удаа орон сууц худалдан авч буйгаа нотолсон архивын лавлагаа авна. Үүнээс гадна, орон сууц худалдаж авахаар барилгын компанитай байгуулсан гэрээ хэрэг болно. Эдгээр материалыг бүрдүүлж, ОССК-д хүргүүлж байгаа юм.

Тус байгууллага иргэдийн бүрдүүлсэн материалыг хянаж үзээд, шаардлага хангасныг нь "Капитал" болон Төрийн банкинд "дамжуулж" байгаа. Тэр материалыг нь арилжааны банкууд судалж, ажлын 15 хоногийн дотор зээл олгох эсэхээ шийдэх учиртай. ОССК энэ сарын 20-ны байдлаар зээл хүссэн 64 материал авчээ. Үүний 35-ыг нь Төрийн болон "Капитал" банкуудад хүргүүлсэн боловч зээл олгох эсэх нь шийдэгдээгүй байна.

Дээрх хоёр банк зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн судалгааг эхлүүлээгүй байгаа учраас тэр. Энэ хоёр банк Сангийн яам болон ОССК-тай гурвалсан гэрээ байгуулсны дараа зээлийн судалгаагаа эхлүүлж, зээл олгож эхлэх юм гэнэ. Ингэхдээ тэд эрсдлээ өөрсдөө дааж, Хөгжлийн банкны бондын санхүүжилтийг хүлээлгүйгээр зээл олгож эхэлнэ. Тэдний зээлд гаргасан мөнгийг Хөгжлийн банкнаас нөхөж олгоно. Ингэхдээ, Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгийн бонд гаргах замаар зээлийн эх үүсвэрийг эргүүлэн төлнө...



ХЭНИЙ Ч БУРУУ БИШ ГЭХЭЭС...



Хөгжлийн банк тодорхой хүүтэйгээр бондоо дотоодын зах зээлд арилжаална. Бондын хүүг шингээвэл, 100 мянган айлын орон сууцны зээл зургаа бус, түүнээс өндөр хүүтэйгээр иргэдийн гар дээр очих тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк 9 хувийн хүүтэй бонд арилжаалвал, иргэдийн гар дээр 15 хувийн хүүтэй зээл очих нь гэсэн үг. Тиймээс энэ хүндрэлийг арилгах үүднээс, Хөгжлийн банкны бондын хүүг төсвөөс гаргахаар болжээ.

Ингэж байж иргэдэд төр, засгийн амлаад буй 6 хувийн хүүтэй зээл очно. Нэг ёсондоо, иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгохын тулд Хөгжлийн банкны бондын хүү, бусад зардлыг төр "үүрэхээр" болж байна. Энэ мэтээр явсаар байтал нөгөө бага, дунд орлототой өрхүүдэд зориулсан, тэднийг хамруулах зорилготой хөтөлбөр маань бодит амьдрал дээр гүйцэлдэхгүй янзтай.

Үүнийг Улсын бүртгэлийн газар өглөөнөөс орой хүртэл дугаарлан зогсож буй иргэдийн яриа ч баталж буй. Тэдэнд ямар хүндрэл үүсээд байна вэ?

Гол бэрхшээл үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авах дээр гарч байна. Үүний төлөө дорж хаяж бараг 10-аад хоног явж байна. Яагаад ийм байгааг төрийнхнөөс асуувал эд хөрөнгийн үечилсэн лавлагааг авахын тулд 1997 оноос хойш өдийг хүртэл хугацаанд нийслэлийн найман дүүргээс ирсэн мэдээллийг шалгаж байгаа гэх. Тиймээс материалыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор лавлагаа гаргаж өгч байгаа аж. Ер нь лавлагаа авч байгаа хүмүүсийн 20 хувь нь байрны зээлд хамрагдах бололцоотой гэж байв.

Бүртгэлийн эхэлснээс хойш 4000 гаруй иргэдийн материал авч, 1000 гаруйд нь лавлагааг өгчээ. Богино хугацаанд ачаалал ихэссэн учир лавлагаа авахад өдрийн хязгаар заасан нь 400 хүн хүлээж авах. Нөгөө нэг хүндрэл нь иргэд байраа сонгох гээд хайж байх зуур байрны үнэ нэмэгдчихсэн. Иргэдийн сонголт бараг байхгүй болчихож.

Үүнд хамгийн ойр үйлчилж буйгаар нь иргэд ОССК-ийнхнаас бухимдан асуух боловч нөгөөдүүл нь бидэнд огт хамаагүй хэмээн зайлуулах. Тэгвэл төрийн албаныхны хувьд ямар "бэрхшээл" гарч байна вэ гэвэл лавлагаа авахаар ирж байгаа иргэдийн 80 хувь нь өмнө нь орон сууцтай байсан иргэд байгаа "хүндрэл" юм. Эцэг эхчүүд нь хүүхдээ бага байхад нь байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн нь дийлэнх нь. Үүнд эзэмшлийн тодорхойлт гээч нэг юмыг "бодож олоод" нэхэж буй төрийг буруутгах боломжгүй мэт.

Түүнийг харгалзан үзэхгүй бол үнэхээр байртай, тэр ч байтугай 2-3 орон сууцтай хүн дахин байр авч насаараа орох оронгүй яваа нэгнийгээ завшчих гээд. Гэтэл бас нөгөө талаар эзэмшилд бүртгүүлчихсэн иргэдийг бас зэмлэх аргагүй. Эзэмшилд нэр нь байгаа боловч бас байргүй яваа нь олон...яалтай билээ гэмээр. Иргэдэд учир буй бас нэг зовлон нь цаашид төлөх зээлийн баталгаа юм. Орлого багатай айлууд үүнийг гаргаж өгөх, төлөх гэдэг бас нэг нэгэн дааж давшгүй зүйлтэй тулгарсан.

Энэ мэтээс харах нь ээ орлого багатайчуудад зориулсан орон сууцны зээл маань боломжгүй боломж болчих гээд байдаг.... Бүр арга нь ядсан уу зарим нь үүнийг сонгуулийн шоу хэмээн улс төртэй хүртэл холбон хардаж байгаа. Гэхдээ иргэд энэхүү хөтөлбөрийг үгүй гэхгүй байна, хэдий эргэлзэж буй ч....

ИРГЭД ЮУ ГЭЖ БАЙНА ВЭ?

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Үзмээ:


-Нөхөр бид хоёулаа хувийн компанид ажилладаг. Хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдах хүсэл их байна. Гэвч сайн мэдээлэлгүй байгаа. Бид өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй, хашаа байшин хөлсөлж амьдардаг болохоор урьдчилгаа мөнгө төлөхөд нэлээдгүй хүндрэл гарах юм шиг санагдсан. Яахав, хоёулаа ажил хөдөлмөр эрхлээд нийгмийн даатгал төлдөг болохоор цалингийн зээлд хамрагдаад, амьтан ах дүүгээсээ зээлээд ч болов урьдчилгаа мөнгө бүрдүүлчихлээ гэж бодоход cap бүрийн төлөлтийг яаж хийх, юугаараа хоол хүнс, хувцас хунараа зохицуулах нь эргэлзээтэй, хүнд байгаа.

Урт хугацаанд хэрэгжих хөтөлбөр юм гэсэн. Замын дунд бэрхшээлтэй зүйлүүдийг олж хараад шийдээд явах юм болов уу гэж найдаж, хүлээж л сууя. Хүмүүс шиг материал бүрдүүлээд дугаарлаад байх нөхцөл одоохондоо бүрдээгүй л байна. Гэхдээ хараад байхад үүнийг далимдуулаад төрийн хүнд суртал л ихэсч буй бололтой...

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Бадамсүрэн:

-Миний хувьд хоёр дүүтэйгээ орон сууцандаа амьдардаг. Орон сууц маань бид гурвын нэр дээр байдаг. Хоёр дүү тусдаа гарч, өөрийн гэсэн нэг өрөө ч хамаагүй байртай болмоор байдаг. Залуу хүмүүс тусдаа гарч өөрийн гэсэн гал голомтоо бадраахыг хүсэх нь тодорхой. Гэтэл орон сууц эзэмшигч гэдэг дээр нэр нь байдаг болохоор хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж байгаа юм.

Нэмж хэлэхэд орон байртай ч олон хүүхэдтэй айлынхан хэн нь тухайн орон сууцаа барьцаалж урьдчилгаагаа өгөх эсэх дээр ч маргаантай байдаг юм билээ. Миний бодлоор эн эмэтээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрт амьдралд нийцээгүй зүйл олон байна.

Д.Зоосоо
Эх сурвалж: "Бизнес таймс"