sonin.mn

Үүнийг шатахуун дээр жишээ болгон хэлбэл бензинийг нэг литрийг нь 1000 төгрөгийн үнэтэй байхад нь худалдан авах гэрээ хийхийг хэлнэ. Тухайн үед 1000 төгрөг байсан бензин 1850 төгрөг хүрчихвэл "хежинг"-ийн гэрээний дагуу санхүүгийн даатгалын байгууллага 850 төгрөгийн зөрүүг төлдөг. Товчхондоо, хежинг нь даатгалын хэлбэрээр санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг хэрэгсэл юм.

Манай улс санхүүгийн энэ хэрэгслийг хэрэглэж эрсдлээ хамгаалах шаардлагатай. Бусад орон түүхий эдээ ийм санхүүгийн хэрэгслийн гэрээгээр борлуулдаг учраас хэзээ ч үнийн эрсдэлд орж, алдагдал хүлээдэггүй. Манайх шатахууны хувьд 100 хувь импортлогч. Тиймээс шатахууны үнийн эрсдэлийг "хежинг" хийж, хаах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлж буй.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх тусам манайх их хэмжээний валют зарцуулан худалдаж авах хэрэгтэй болно. Энэ бол манай валютын гарах урсгал. Орохын тухайд бид валютыг гаднаас татахын тулд гадаадад их хэмжээний экспорт хийх ёстой нь ойлгомжтой. Нөгөө зэс, нүүрс, ноолуураа их хэмжээгээр экспортлоно гэсэн үг. Зэсийн үнэ тонн нь 9000 ам.доллар байж байгаад 6000 болчихвол төсвийн орлого буурна.

Зэсийн үнэ аль болох өндөр байхад "хежинг"-ийн гэрээгээ хийчих хэрэгтэй гэсэн үг. Зэсийн үнийг 6600 ам.доллар байхаар тооцоод төсвөө баталчихсан улс тонн зэсийн үнэ 6000 "ногоон" болбол төсөв нэг тонноос 600 ам.доллар алдах гээд байх. Энэ зөрүүг "хежинг"-ийн гэрээний дагуу даатгалын байгууллага төлдөг. Бид шатахууны үнэ аль болох бага, зэс, нүүрсний үнэ илүү өндөр байхад нь "хежинг"-ийн гэрээ хийх шаардлагатай нь харагдана.

Үнийн эрсдпээс хамгаалах даатгалын тогтолцоо буюу "хежинг"-ийг олон улсын зах зээл дээр өргөн ашигладаг. "Хежинг" бол валютын нөөцөө хадгалах, эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх, төсвийн орлого тогтмол байх нөхцөлийг бүрдүүлдэг. Манайд энэ тогтолцоо хөгжөөгүй, бас зэс, нүүрс зэрэг экспортын голлох бүтээгдэхүүний үнийн алдагдлыг даах хэмжээний даатгалын систем хараахан алга байна.

Эх сурвалж: "Бизнес таймс"