sonin.mn
Олон жилийн ардчиллын туршлагатай, иргэд нь ухамсартай, хариуцлагатай улсуудын "шууд ардчилал"-ын загварыг сохроор дагаж байгаа нь ёстой "галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөв" гэгчийн үлгэр болох нь ээ.
 
 
Шууд ардчилал гэдэг бол хариуцлагатай, ухамсартай иргэн хүн өөртөө хамаатай асуудлуудлыг шийдэхэд оролцох боломжийг хэлдэг. Үүнийг амжилттай сайн хэрэгжүүлж ирсэн улс бол Швейцарь улс.
 
 
Тэд "шууд ардчилал"-ыг хэрхэн хэрэгжүүлэх зарчмыг Үндсэн Хуулиндаа нарийн зааж, түүнийгээ хариуцлагатайгаар дагаж мөрдөж чадсанаар өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн хувьд тогтвортойгоор хөгжиж байна. Үүнийг манай ерөнхийлөгч европоор хэсэж явахдаа харчихаад л монголдоо хэрэгжүүлнэ гээд давхичихсан.
 
 
Хаа сайгүй л шууд ардчилал гэж орилоод л. Манайхны яриад байгаа "шууд ардчилал" нь тухайн орон нутгийн иргэд тухайн орон нутгийнхаа төсвийн зарцуулалтанд оролцох юм гэнэ. Энэ бол ёстой сайхан үлгэр. Энэ бол бүтэх боломжгүй зүйл.
 
 
Яагаад вэ гэхээр манай улс хот хөдөөгүй авлигалд бүрэн идэгдсэн. Хүнд суртал газар сайгүй байхад яаж тэд "шударга"-аар зарцуулна гэж найдах вэ? Энэ бол чононд хонь хадгалуулсантай л адил. Албан тушаалтан бүр авлигач, хулгайч болчихоод байхад "Та хэд мөнгөө өөрсдөө зарцуулаа" гээд сууж байна.
 
 
Үүнийг үнэндээ эрх баригчид мэдэхгүй гэж бодож байна уу? ёстой тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгвэл яагаад ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй байна вэ? Шалтгаан нь гэвэл дараах хэдэн зүйл:
 
 
Нэгдүгээрт: Энэ бол одоогийн эрх баригчдын байр сууриа бэхжүүлж, орон нутаг бүрт өөрийн гэсэн найдвартай хөлтэй болох л гэсэн арга. Тэд үүнийгээ төрийн мөнгөөр хэрэгжүүлж байна. Сум бүрт хуваарилагдаж байгаа мөнгө бол чөтгөрийн шидэмс.
 
 
Энэ шидэмсээр багалзуураа боолгуулсан төрийн түшээд хаашаа зайлна гэж дээ. Хэрэв үгнээс нь зөрж, дураараа дургивал АТГ-аас шалгана шүү дээ. Дараагийн сонгуулийн бэлтгэлээ л одооноос хангаж байна гэсэн үг.
 
 
Хоёрдугаарт: Олон жил МАН-ыхны үлдээсэн зүйлээр голоо зогоож байсан АН-ын гишүүд өнөөдөр мэргэжил чадвар хамаарахгүй албан тушаал дээр морилчихоод идэж уух юм юу байна гээд өлөн зэлмэн байгаа сурагтай. Шууд ардчилал гэдгээр халхалагдсан мөнгө тэдний хувьд ёстой тэнгэрийн хишигтэй л адил.
 
 
Олон жил намаа дагасны хөлсийг нам нь засаг бариад төлж буй л хэрэг. Одоо удахгүй ерөнхийлөгчийн сонгуулийн дараа их идэлтүүд эхэлнэ. Хэрэв одоо идчихвэл ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүнд нь л муу юм болох учраас тэвчээртэй хүлээж байгаа. 
 
 
Гуравдугаарт: Шууд ардчилал бол Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа юм. Очсон газар бүрээ одоо би та нарт тэдэн зуун сая төгрөг хуваарилуулж байгаа. Харин та өөрсдөө үүнийгээ юунд зарцуулахаа мэд хэмээн ярьж явааг телевизээр харж байна.
 
 
Тэгэхээр шууд ардчиллын цаад зорилгуудын нэг нь энэ болж таарч байна. Дараа жил энэ мөнгөөр юу бүтээснийг нь харвал хөгжилтэй зүйл болно доо. Баахан худал тайлан тооцоо, статистик тоо мэдээ.
 
 
Бодит байдал дээр олигтой зүйл бүтээн босоогүй харин дарга, даргын хамаатнууд л өнгө орсон байх вий. Ийм л үрэлгэн, хортой, далд зорилготой бодлогуудыг эрх баригчид явуулж байна. Шууд ардчилал бол улам олуулаа идэх л бодлого нуугдаж байна.
 
 
Эх сурвалж: “Хөх толбо” сонин