sonin.mn
Хэдхэн хоногийн өмнө хуралдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээл­жит хуралдаанаар Улаан­баатарыг хөндлөн гулд­гүй туучин харайлгаж яваа золбин муур, нохойн уст­галын үнэлгээг 2500 төг­рөгөөр “ланжгар” нэмж 7500 болгосон нь “Нохой алсан хүн өөдөлдөггүй” хэ­­мээх философи тархи тол­гойг нь хөндүүрлүүлж явдаг Нийслэлийн хот то­хи­­жилтын газрын 10 га­руйхан “гэрээт анчин”-ы хувьд ёстой л “хонгилын үзүүрийн гэрэл” болжээ. 
 
Гэхдээ харамсалтай нь бүх л мэдээллийн хэрэгслээр “Нэг золбин нохой буудаад 7500 төгрөг авдаг юм байх аа” хэмээн мөнгөнийх нь тоог л онцолж дуулиан бол­госноос биш тухайн мөн­гөний хүрэлцээ, зарцуу­лалт нарийн ширийн зовлонг ердөө ч дурссангүй.
 
Үүр шөнийн завсар биднийг дуг нойрондоо дугжирч байх үед золбин муур, нохойтой хөөцөлдөж явдаг хот тохи­жилтын гэрээт анчдад хэл­дэггүй л болохоос түмэн зов­лон байдаг гэнэ.
 
Учрыг нь төдийлөн сайн мэдэхгүй бидний хувьд 7500-г агнасан нохойны тоо­гоор үржүүлээд л “Үгүй ер ганцхан шөнийн дотор цулайтлаа баяждаг нөхөд юм” хэмээн хийсвэрлэн бодох нь энүүхэнд байгаа.
 
Зарим нэг нь бол “Портер машин хөлөглөсөн согтуу, галзуу нь мэдэгдэхгүй хоёр, гурван нөхөр үүрийн харан­хуйгаар нохой гас­луулан хөөж буудаад явдаг нь ийм учиртай байх нь” гэж бодож байгаа. 
 
Гэвч үнэн хэрэгтээ нойроо хагаслан байж монгол­­чуудын улалжлалт сэтгэхүйгээр бол “хүний үнэнч нөхөр” нохойг гас­луу­лан, орилуулан буудах нүгэлт гөрөө хийснийхээ төлөө гэрээт анчид энэ 7500 төгрөгийн 30-хан хувийг нь л авдаг ажээ. Цалин мөнгө гэж сүйдтэй юмгүй гэрээт анчдад тулгардаг олон бэрхшээлээс эхлээд дурдая. 
 
Сүсэг бишрэл ихтэй монголчуудын хувьд нохой хэзээнээсээ малаас дутуугүй хүний хамгийн дотны “анд” нь байсаар ирсэн. Ийм амьтныхаа өөдөөс буу шагайж зүрхлэх хүн тун цөөхөн байдаг юм байна.
 
Ямар сайндаа л энэ “нүгэлт” ажлыг гардан гүй­цэтгэдэг Нийслэлийн хот тохижилтын газар “гэрээт анчин” ажилд авах гэж ёстой үйлээ үздэг гэнэ. “Анчин ажилд авна” гэж баахан зар­луулсаны эцэст ганц хоёр хүн хүрч ирээд “нохой, муур буудна” гэдгийг сонсоод бараг л зугатах нь холгүй хулжиж оддог ажээ.
 
Тэгж тэгж нэг юм хоёр гурван хүн олж авахаар төсөөлснөөс ч төвөгтэй асуудлууд байнга тулгардаг аж. Анчид Улаанбаатарын төвийн зургаан дүүрэгт зуны цагт нь 00:00-оос өглөөний 06:00 цаг хүртэл, өөрсдийн унаагаар агналтаа хийдэг гэнэ. Унаандаа өдөр болгон өөрсдийн мөнгөөр хангалттай түлш хийгээд байж чадахгүй.
 
Байгууллагаас өгсөн лимит нь газрынхаа талд ороогүй байхад дуусчихна. Өмсөх, идэхээсээ илүүчлэн байж машиндаа түлш хийж аваад дуудлага өгсөн газар юм уу, маршрутын дагуу ажилдаа гарна. Голдуу гэр хорооллын замбараагүй гудамжнуудын дунд дуудлага өгсөн айлаа хайна, төөрнө будилна.
 
Ингэсээр явтал жаахан түлш нь дуусна. Эрсээр яваад очтол нөгөө золбин нохой, муурнууд нь мэдсэн юм шиг дайжаад алга болчихсон байна. Арайхийж олсон ганц нэг нохой, муураа буудчихаад машиндаа ачиж байхад нь тааралдсан захын хүн “Чи муу нүгэлт хар гөрөөч. Нохой аллаа” гээд зодож нүдэх гээд дайрна. 
 
Тийм ч учраас анчид хэзээ ч ганцаараа энэ ажилд явж чаддаггүй ажээ. Тэгээд жолооч, туслах хоёр зайлшгүй хөлсөлдөг гэнэ. Буудуулсан нохой хүндэрчихдэг тул зайлшгүй туслах ажилчинтайгаа хоёул машины тэвшин дээр ачих шаардлагатай болдог ажээ.
 
Ингээд өөрөөсөө гадна хоёр хүн цалинжуулсан анчин сардаа сайн л бол 400-500 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Ийм ч учраас захын наймаачны нэг өдрийн орлогоор бүтэн сар нүгэл хурааж амьтны тэр тусмаа нохойны амь таслах “нүгэлт хар гөрөөч” олддоггүй, олдсон нэг нь удаан тэсдэггүй ажээ. 
 
Сүүлийн үед золбин нохой эрс нэмэгдсэн нь гичий нохой жилд гурван удаа гөлөглөдөг болсонтой холбоотой гэнэ. Урьд жилд хоёр гөлөглөдөг байсан гичийнүүд гурав гөлөглөхдөө нэг удаа 7-9 гөлөг гаргадаг нь золбин нохой эрс өсөхөд нөлөөлдөг аж. 
 
2012 оны байдлаар нийс­лэлд 70 мянга гаруй золбин нохой устгалд оруулсан ч өнөөдрийн байдлаар нийс­лэлд 230-аад мянган золбин нохой байгаа гэсэн судалгаа гарчээ. Хэрвээ хот тохижуулах газраас гаргасан энэ тоо үнэн бол зөвхөн золбин нохойны устгалын хөлсөнд нэг тэрбум 725 сая төгрөг шаардлагатай болох нь. 
 
Өнгөрсөн оны намар Нийслэлийн золбин но­хой, муурын сэг зэмийг уст­гах үйлдвэрийн хот то­хи­­жилтын газрын дарга Д.Энхсайхан гэдэг “Нийс­лэлийн хэмжээнд золбин нохой, муурын сэг зэмийг устгах үйлдвэр барихаар ажлаа эхлээд байна. 
 
Энэ аж­лын хүрээнд “Золбин но­хой, муурын сэг зэмийг устгах барилга, шатаах зуух суурилуулах” тендерийн шал­гаруулалтыг тун удах­гүй явуулна. Энэ үйлдвэрийг Нарангийн энгэрт биш Ца­гаан давааны хогийн цэгт байгуулна.
 
Учир нь нийслэлийн салхи­ны чиг баруу­наас зүүн тийш чиг­лэлтэй байдаг тул элдэв халдварт өвчин тархах, эвгүй үнэр хот руу орж ирэхээс сэргийлж ийм шийдвэр гаргасан” гэж ярилцлага өгч байжээ. 
 
Харин өнөөдөр тэр үйлдвэр баригдсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орсон байх ёстой. Гэвч энэ үйлдвэр ажилд орсныг дуулсан хүн одоогоор алга л байна. Өдөрт 200-300 нохой устгалд оруулсаар байгаа ч Улаанбаатарын хувьд золбин нохой, муур яах аргагүй бас л нэг “толгойны өвчин” болчихоод байгаа.
 
Уг нь хаяа дэрлээд нохойн мах хэрэглэдэг БНСУ, БНХАУ гээд том зах зээл бэлээхэн байж л байна. Хил давуулан махыг нь экспортлоод байж чаддаггүй юм гэхэд чанар сайтай арьсыг боловсруулан ашигладаг үйлдвэр байгуул­бал ёстой л гарын доорх бэлэн мөнгө сул урсаад орж ирэх учиртай. 
 
Гэхдээ энэ бол тийм амар шийдэгдэх, тэр дороо үр ашгаа өгөх бизнес биш гэдэг нь ойлгомжтой. 
Саяхны нэг өглөө сайхан унтаж байтал цонхон дор нохой гаслах хэн нэгэн аймшигтай хараал урсгах нь сонсогдож тэр дороо нойр сэргэчихсэн юм.
 
Бо­соод тагтаараа шагайн хар­вал “Портер” машин зогс­чих­сон дутуу үхсэн том но­хойг хоёр залуу хоёр та­лаас нь бууныхаа бөгсөөр дэлсэж байх нь харагдаж дотор муухай оргиж билээ. 
 
Хөөрхий азгүй нэгэн зол­бин нохой амьдралаас бу­цах болж сумаа гамнасан ядуухан “гэрээт анчин” тус­­лахтайгаа нийлээд хөөр­­хийг “эд бад” хийж бай­сан нь тэр байж. Нэгэнт л хууль ёсоор амьдрах эрхгүй, золбин нохойг буу­дуулж үхэх өрөвдмөөр та­ви­лан хүлээж байгаа.
 
Нэг гэрт амьдрахгүйгээс хойш буудахаас ч өөр яах вэ. Харин золбин нохой руу буу шагайх зоригтой анчин л цөөхөн байна даа. 
 
 
Д.Түвшин 
 
Эх сурвалж: