sonin.mn
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
 
-Сайн байна уу та. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын ёс зүйн хороо болон мянгатын дарга нар хэвлэлийн хурал хийсэн. Үүнд таныг болон Д.Тэрбишдагва сайдыг МАХН-ыг хагаралдуулж байна гэсэн мэдээлэл хийсэн. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлээч?
 
-Сонгинохайрхан дүүрэг дээр тодорхой асуудал байгаа нь үнэн. Сонгинохайрхан дүүргийн намын хороо дотроо нэлээн зөрчилтэй байгаа. Энэ зөрчилтэй байгаа зүйлийг намын удирдлагын зүгээс зохицуулах ажил хийгдэж байна. 
 
Нэгэнтээ хоёр хүний юм уу хэсэг бүлэг хүмүүсийн хооронд зөрчилтэй үйлдэл байгаа бол аль нэг тал нь өөрсдийгөө зөвтгөж нөгөө талаа буруутгадаг. Ийм зарчмаар энэ асуудал яригдаж байгаа юм. Гэхдээ харамсалтай  нь Сонгинохайрхан дүүрэг дээр болж байгаа энэ үйлдэл тодорхой хэдхэн нэр бүхий хүмүүсийн явуулж байгаа үйлдэл.
 
Бидэнд бүх баримт, мэдээлэл нь байгаа. Нэр бүхий хүмүүс хэн бэ гэвэл намын нийтлэг эрх ашгийн эсрэг ажилласан хүмүүс байгаа юм. Нэгэнт хийж байгаа үйлдэл, хэлж байгаа яриа нь бидний эсрэг учраас ийм хүмүүсийг эгнээндээ байлгах нь ёс суртахууны хувьд ч, бусад асуудлаараа ч зохимжгүй юм, байх ёсгүй асуудал гээд намынхаа эгнээнээс гаргасан юм. 
 
Тэд л иймэрхүү арга ядсан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Д.Тэрбишдагва сайд бид хоёр хувь хүмүүсийнхээ хувьд намын ямар нэгэн хариуцлага хүлээхэд байнга нээлттэй. Гагцхүү үүсээд байгаа асуудлыг авч үзвэл намын удирдлага нэгдмэл байр суурьтай байгаа. 
 
Намыг хагаралд хүргэх гэж оролдож байгаа, өөрсдийн эрх ашгийг илүү дээдэлсэн ийм хүмүүстэй хатуу хариуцлага тооцно. Нэг хоёр хүний хэвлэлийн хурал хийснээс болж бид цаашид явуулах үйл ажиллагаагаа өөрчлөхгүй. Энэ намд бүх насны төлөөлөл бий. 
 
Тэр тусмаа манай намд олон мянган настай намбатай хүмүүс байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө ихийг хийж бүтээсэн гавъяатай ахмадууд бий. Гэвч тэдэн дунд намынхаа залуу үеийн төлөөлөлд буруугаар үлгэр дуурайлал үзүүлдэг зарим нэгэн хүмүүс байгааг нуугаад яахав.
 
 
-Сүүлийн үед МАХН Засгаас сайд нараа татаж гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл гарах боллоо?
 
- МАХН-ыг хамтарсан Засгийн газартай хамтарч ажиллахад дургүй, сэтгэл дундуур явдаг тодорхой улс төрчид байдаг. Энэ нь МАН, АН, өөр бусад улс төрийн хүчин дотор ч байдаг. Гэхдээ хэн нэгэнд бодол санаа байлаа гэхээр тэдний бодсоноор асуудал шийдэгдэхгүй. Монголын ард түмэнд тогтвортой төр засаг, хариуцлагатай улс төрийн хүчин чухал.
 
Манай нам ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ухамсарт ойлголтоо хэрэгжүүлсээр байгаа. Хэн нэгэн улстөрчийн давхар зорилгоор санаархаж байгаа үйл ажиллагаанд МАХН төр засгаас гарах нь гэж олон нийтийн анхаарлыг хандуулах эрсдэл байдаг. 
 
Юу гэж хэлэх гээд байна гэвэл МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж Засгаас гарах тухай ямар ч асуудал хэлэлцээгүй. Авч хэлэлцээгүй хурлаас ямар нэгэн шийдвэр гарахгүй шүү дээ. МАХН Засгаас гарна гэж зарим улстөрчид баярлаж байгаа бол, зарим нь сэтгэл санаа зовниж байгаа бол тийм асуудал гарахгүй гэдгийг хэлье.
 
 
-Наадмаас өмнө хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн юм бол?
 
-МАХН-ын гишүүд, тэр дундаа Гүйцэтгэх товчооны зарим гишүүн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, санал бодлоо илэрхийлэх байдал байнга өрнөдөг. Тухайлбал, улстөрийн шинжтэй үйл ажиллагаанд нь шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй бий.
 
Баяр наадмын өмнө Гүйцэтгэх товчооны зарим нэгэн хүмүүс уулзалдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцсан. Энэ үеэр гол ярилцсан сэдэв бол Н.Энхбаяр даргын эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан юм. Уг асуудал энгийн намын гишүүдээс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүдийн анхаарлын төвд байнга байдаг.
 
Тэр тусмаа УИХ, Засгийн газрын гишүүд цаашдын үйл ажиллагаандаа юуг илүү анхаарч ажиллах вэ гэдэг талаар болон намын гишүүд, намын даргынхаа амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар ярилцсан. 
 
Энэ үеэр зарим нэгэн гишүүн хэн нэгэндээ хандаж хатуу ширүүн үг хэлсэн явдал болсон л доо. Ер нь л намын даргынхаа биеийн байдлын талаар ярилцсан уулзалт болсон. Дахин хэлэхэд тэр үеэр Засгаас гарах тухай асуудал огт яригдаагүй.
 
 
-Ер нь энэ мэдээллийг Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН, АН-тай тохиролцоо хийсэн. Гэтэл АН амлалтадаа хүрээгүй учраас МАХН Засгаас сайд нараа татахаар болсон гэсэн бор шувуу нисээд байгаа шүү дээ. Үнэхээр АН-тай сонгуулиар тохиролцсон юм уу?
 
-МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байсан ч ийм яриа өрнөх л байсан. Оролцсон явдал нь аль нэгэн улстөрийн хүчинтэй хийсэн тохироо болдог, оролцохгүй байхаар бас л тохироонд хүрлээ гэсэн ойлголтыг төрүүлдэг. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гараад байна л даа. 
 
Н.Энхбаяр даргатай холбоотой асуудал бол цэвэр эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлүүлж, эмчилж чаддаг бололцоотой газар нь эмчлүүлэх тухай л асуудал байгаа. Улс төрийн ямарваа нэгэн асуудлыг хөндөж тавьж байгаа нь улстөрчдийн л хийж байгаа ажил. 
 
Бид намынхаа даргын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохих хууль журмынх нь дагуу авч үзэж, хянуулж шийдвэр гаргуулах асуудалд л анхаарлаа төвлөрүүлж ажиллаж байгаа.
 
 
-Мөн таныг генсекийн ажлаа өгнө гэх мэдээлэл гарсан байсан?
 
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал намын бага чуулган, их чуулганаар хэлэлцэгддэг асуудал. Тэр үед энэ асуудал хэлэлцэгдэх нь нээлттэй. Хувь хүн талаасаа би шат шатны сонгуулийн үр дүнтэй холбогдуулж аливаа нэгэн хариуцлагыг хүлээхэд огтхон ч цааргалахгүй. Гагцхүү асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Ер нь хариуцлагын тухай асуудал нэг их эмзэглээд байх асуудал биш. 
 
Гол нь бүх зүйл дүрэм журмаараа байх ёстой. Өөрчлөгдөх тухай ямар ч асуудал гараагүй. Энэ бол бас л аль нэг талаас гаргасан зохион байгуулалттай яриа. Цаг хугацаа л бүхнийг харуулна. Тэр цаг хугацааг л харах хэрэгтэй байх.
 
 
-Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байгаа бол. Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
 
-Би өдөр болгон уулзаж байна.. Өдөр бүр нэг хэлдэг зүйлээ давтан хэлдэг асуудал үүсч байна. Энэ бол мэдээж эрүүл мэндийнх нь тухай асуудал. Зөвхөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эрүүл мэндийн асуудлаар тайлбар хийгээд байгаа биш. Нарийн мэргэжлийн эмч, шинжээчид эрүүл мэндийнх нь талаар маш тодорхой дүгнэлтийг гаргасан.
 
Энэ хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учраад байгаа учраас зохих хууль журмынх нь дагуу асуудлыг шийдэх ёстой. Энэ процесс өнөөдөр үргэлжилж байна. Харамсалтай нь цаг хугацаа их алдаж байна. Цаг хугацаа алдахын хирээр тэр хүний эрүүл мэндийн байдал улам ноцтой байдалд хүрч байна. Үнэндээ энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэсэн хүлээлт МАХН-д үүсээд байгаа юм.
 
 
-Саяхан АТГ-аас Н.Энхбаяр даргын гэрт нэгжлэг хийсэн байгаа. Ямар шалтгаанаар хийсэн юм бол. Танд мэдэж байгаа зүйл байна уу?
 
-Ямар учраас нэгжлэг хийсэн талаар би хувь хүн талаасаа дүгнэж мэдээлэх боломжгүй байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өмнө нь тусгаарласан байсан хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад зарим нэгэн объектуудад үзлэг шалгалт хийх ёстой байсан гэсэн ойлголтыг авсан. Энэ хүрээнд л ойлголттой байна. 
 
Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал ийм ноцтой байгаа үед гэрт нь хийсэн гэнэтийн нэгжлэг өндөр настай ээж, аав, гэр бүлийнхэнд нь, дөнгөж төрөөд удаагүй байгаа эмэгтэйн сэтгэл санаа хямрах гээд хүн талаас нь авч үзвэл их л бэрхшээл зовлон туулж байна. Бид мэдээж ар гэрийнхэнтэй нь холбоотой байна.
 
 
-Н.Энхбаяр даргыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг. Нэг түүхийг ч нөгөөгөөр үгүйсгэж байна гэж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ?
 
-Монгол Улсын түүхэнд хүн хэлмэгдүүлж байсан хар түүх бий. Өнөөдөр 21 дүгээр зуунд улс төрийн шалтгаанаар бие биеэ хэлмэгдүүлдэг, Монгол хүн монгол хүнээ хэлмэгдүүлдэг үйл явц цаашид битгий үргэлжлээсэй гэж бодож байна. Одоо бүр хүнээ хэлмэгдүүлэхээ болиод нэг түүх нь нөгөө түүхээ хэлмэгдүүлж байгаа үйл явц өрнөж байна. 
 
Энд ардчилсан хувьсгалын тухай ярьж байна. Ардчилсан хувьгалын үнэ цэнийг алдагдуулах, энэ түүхийг үгүйсгэх асуудал нь МАХН-ын хувьд тун ноцтой тусаж байгаа юм. Намын дарга маань хэлмэгдчихлээ. Дээр нь ардын хувьсгал гэж Монголын ард түмэнд тусгаар тогтнолыг бий болгосон түүхэн үйл явцыг үгүйсгэж байгаа нь МАХН-д хамааралтай үйл явц өрнөж байгаа юм. 
 
Ардын хувьсгалт гэдэг хоёр үгний цаана Монгол Улсын оршин тогтнох эсэх тухай хөндөгдөж байсан талаар түүх хадгалагдаж байгаа юм. Н.Энхбаяр даргыг МАН хэлмэгдүүлэх улс төрийн шалтгаантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн. АН үргэлжлүүлсэн. Хувьсгалт гэдэг үгийг МАН тухайн үед авч хаяснаараа ардын хувьсгалыг анх хаясан. 
 
Харин өнөөдөр АН үүнийг нь үргэлжлүүлж байна. Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгож өөрчилж байгаа нь мөн ялгаагүй. Нэг түүхээ бас л нөгөө түүхээр үгүйсгэж байна шүү дээ. Ингээд нөгөө талаас нь авч үзвэл улстөрд ч, нийгэмд ч үүсээд үр дагавар нь маш ноцтой юм. 
 
Өнөөдрийг маргаашаар үгүйсгэж байгаатай ялгаа байхгүй. Уг нь Монгол Улсад эв нэгдэл, өмнө нь олж авсан тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг хадгалж, хойч үедээ хүргэх нь тун чухал юм гэж би хувьдаа үздэг.
 
Монголын улстөрчид өнөөдөр өөрсдийгөө үгүйсгэж байгаа нь өнөөдрөө маргаашаар өөрчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Иймээс MAXH-ын гишүүд бид маш хүнд хэцүү үеийг туулж байгаа нь харагдаж байгаа юм.
 
 
-Таны ярианаас үзэхэд МАН өөрсдөө Ардын хувьсгал гэдэг үгийг авч хаясан гэсэн үг үү. Уг нь тэд Ардын хувьсгалтай холбоотой бүхнийг АН үгүйсгэж байна гээд байгаа шүү?
 
-Ц.Нямдорж гишүүний телевизээр хэлж байгаа үгийг сонсоод надад бас ийм ойлголт төрсөн. Ц.Нямдорж гэдэг улс төрч Ардын хувьсгалын үнэ цэний талаар сэтгэлийн хөдөллөөр үг хэлж байна лээ. Би энэ улс төрчийг хувьсгалт гэдэг үгийг намын нэрээсээ авч байх үеийн хэлж байсан үгийг нь тэр даруй санасан. 
 
Тухайлбал, энэ хүн ялгаагүй улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. Ардын хувьсгалын үнэ цэнийг үгүйсгэж байсан. Өчигдөр хэлж, ярьж байснаа өнөөдөр мартсан мэт ярьж байгаа нь зохимжтой санагдахгүй байгаа юм. Ардын хувьсгалыг үгүйсгэж байгааг хамгийн ихээр эмзэглэж хүлээж авах нь МАХН шүү дээ. 
 
Баяр наадмын урилга хөтөлбөр дээрээс Ардын хувьсгал гэдэг үгийг авсанг наадмын комисс гэдэг утгаар нь Д.Тэрбишдагва сайдтай холбож ярьж байна лээ.
Д.Тэрбишдагва сайд тухайн үед зарим нарийн бичгийн дарга нартайгаа энэ асуудлын талаар ярилцсан, байр сууриа илэрхийлсэн. Наадмын комисс энэ хоёр үгийг хасаагүй юм шүү дээ.
 
Энэ бол өөр хүчин зүйлээс үүссэн асуудал. Энэ бол наадмын комиссыг зохион байгуулсан Д.Тэрбишдагва гэдэг хүнтэй огтхон ч хамаагүй. Харин бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ болсон Ардын хувьсгалтай иймэрхүү байдалтай хандаж байгаад бид эрс эсэргүүцэж байгаа. 
 
Нөгөөтэйгүүр түүхэнд нэгэнт үлдэж өнгөрсөн үйл явцыг хэн ч ямар ч даргын өгсөн шийдвэр, ямар ч хуралдаанаас гарсан шийдвэр өөрчлөх ёсгүй. Харин өнөөдөр ийм эмгэнэлтэй ч гэмээр, инээдтэй ч гэмээр үйл явдал өрнөөд байх юм л даа.
 
 
-Өнөөдөр МАН-ын зарим залуус Бага хурлаа яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа шиг МАХН-ын зарим гишүүд ээлжит Бага чуулганаа яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа. Ээлжит бага чуулган хэзээ болох вэ?
 
-Аль ч улс төрийн хүчин аливаа сонгуулийн дараа тухайн сонгуулийнхаа ололт амжилт, алдаа дутагдлыг ярих ёстой болдог. МАХН-ын хуралдаан тодорхой хугацаанд товлогдоно. МАХН мэдээж улс төрийн хүчин болохоор улс төрийн хүчний бодлого дүгнэж үзэх нь ойлгомжтой шүү дээ. 
 
Тэр үед хариуцлагын тухай асуудлыг ч ярих болно. Гэхдээ хариуцлага хоёр янз байдаг. Бодпого үйл ажиллагаатайгаа холбогдуулж асуудапд нэг  хандана. Мөн бодпого үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хүмүүстэйгээ холбогдуулж бас нэг асуудал тавигдана. Аль аль нь давхар байх ёстой.
 
Нөгөөтэйгүүр намын ажилд оролцох оролцоог дүгнэж үзэх ёстой л доо. Ажил хариуцаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох шиг амархан зүйл байхгүй. Харин огт ажилд оролцдоггүй хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ гэдэг өөр асуудал. Бид цаашдаа гишүүдийнхээ ёс зүйн суртахууных нь, намын гишүүний хариуцлагыг чангатгах ёстой гэж үзэж байгаа. 
 
Энэ намын үйл хэргээс урвадаг, эсвэл эдийн засгийн юм уу, албан тушаалын өчүүхэн ашиг сонирхлоо намын нийтлэг эрх ашгаас дээгүүр тавьдаг хүмүүсийг эгнээндээ байлгах шаардлагагүй. Цаашдаа ч бид ийм үйл ажиллагаагаа барьж ажиллана. 
 
Намд бэхжилт, эв нэгдэл хэрэгтэй гэж байгаа бол намын гишүүдтэйгээ энэ бүхнээ маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Хариуцлагатай гишүүдтэй хариуцлагатай нам төлөвших ёстой гэсэн үг. Ер нь бүх намд албан тушаалын, хөрөнгө мөнгөний асуудал байдаг. Үүний цаана намын эв нэгдэл тогтдог. 
 
МАН-ын гашуун түүх үүнийг л харуулж байгаа юм. Улс төрийн хүчнүүд бие биенийхээ алдаа оноог давтахгүй байх хэрэгтэй. Аль нэг намдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Аль аль нь л Монгол Улсын төлөө л гэж бодлого зорилтоо тодорхойлж ажилладаг учраас аль аль нь л зөв төлөвших ёстой.
 
Тиймээс улс төрийн намуудын хуулийг маш яаралтай өөрчилж гаргах ёстой. Намуудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Хандив нэрээр бугшдаг авлигалаа зогсоох хэрэгтэй байна. Албан тушаалаа наймаалцдаг, албан тушаалын хор найруулгаа зогсоох ёстой. Намын гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
Эх сурвалж: