sonin.mn
Ирэх долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нар чангалагдана. Товчхондоо, дүрэм зөрчсөн жолооч нарт хатуу хариуцлага ногдуулахаар холбогдох албан тушаалтнууд зэхжээ. 
 
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа “Зам, тээврийн хяналтын оновчтой тогтолцоо”-г ашиглан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг илрүүлэх, торгууль ногдуулах, торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохицуулахаар тогтоожээ. 
 
Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид (камер) бүртгэгдсэн зөрчил гаргасан жолооч болон цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн фото зургаар баримтжуулсан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэл ногдүулах юм. 
 
Зөрчил гаргагч нь торгуулийн хуудсыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлбөрийг Улаанбаатар хотын Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй аж. Хэрэв торгуулийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 14 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхээр зохицуулагджээ. 
 
Уг арга хэмжээг ирэх сарын 1-нээс эхлэн мөрдөгдөнө. Иргэн таны тээврийн хэрэгсэл бусдын нэр дээр байгаа бол өөрийн нэр дээрээ шилжүүлэх, өөр тээврийн хэрэгсэл таны нэр дээр бүртгэлтэй эсэхийг Авто тээврийн газраар шалгуулах хэрэгтэйг албаныхан санууллаа. 
 
Учир нь таны сольсон, худалдаалсан тээврийн хэрэгсэл таны нэр дээр бүртгэлтэй, мөн та бусдад тээврийн хэрэгслээ ашиглуулах үед тухайн жолооч зөрчил гаргасан тохиолдолд танд торгуулийн хуудас хаягаар хүргэгдэж арга хэмжээ тооцох юм. 
 
Эх сурвалж: