sonin.mn
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гар дээрээс наймаа эрхлэгчид хөл тавих зайгүй, хаа сайгүй харагдах болж.  Жимс, хүнсний ногоо, самар, чихэр печень, гутал хувцас, хуйхалсан толгой, хогийн сав, 00-ын цаас, нойтон салфетка гээд зарахгүй зүйл гэж тэдэнд үгүй.
 
Автобусны буудал, гудамж талбай, хашаа саравч, олны хөлийн газар тэдний худалдааны халуун бүс аж.  Угтаа бол гар дээрээс наймаа эрхлэгчдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хориглосон байдаг.
 
Хуулийг хэрэгжүүлэх үүднээс мэргэжлийн хяналтын газар хороодын засаг дарга нартай хамтран цагдаа хүчний байгууллагаар туслуулан гар дээрээс наймаа эрхлэгчдийг зогсоохыг оролдсон ч наймаачид нэг газраас хөөгдөж нөгөө газар луу нүүсээр хэдийнэ энэ бизнес хэн ч халдашгүй хараат бус болтлоо цэцэглэчихэж. 
 
Эцэс сүүлдээ хөл толгой нь ялгагдахаа байж дүүргүүд ч гар дээрээс наймаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хориглохоо болиод хөхиүлэн дэмжих нь ихэссэн нь нүднээ илт. 
 
Гудамжны наймааны олигархи хэсгийн нэг Хархорин худалдааны төвийн автобусны буудлын хэсгийг уншигч та бүхэн андахгүй биз. Хархорин захын охин салбар уу гэлтэй орчин тэнд бүрджээ. Хог шороо, тоос тортог, согтуу хөлчүү хүмүүс, халаасны хулгайч гээд бүгд хаяа дэрлэн оршино. 
 
Энд тэндгүй хонь хурга нийлсэн мэт “Алим, мандарин 1000-аар аваарай”, “00-ын цаас 1000-д дөрөв”, “Хуйхалсан толгой, хонины мах аваарай” гэхчилэн эгээтэй л ярьж байснаа марттал хашгиралдах нь марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургийн эсрэг хувилбар гэлтэй. 
 
Эдгээр хүмүүс арилжаа наймаа хийж амьжиргаагаа залгуулж болох ч арай хэтэрч буй нь асуудал хөндөхөд хүргэв. Учир юу гэвэл, жимс хүний эрүүл мэндэд хамгийн амин дэмтэй хоол тэжээл.
 
Ийм ойлголт хүн бүрийн тархинд бараг төрөхөөс эхлээд л автоматаар суудаг. “Өнөөдөр дэлхий нийтээр хүнсний аюулгүй байдал алдагдахад хүрсэн” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлаад удаж буй. 
 
Гэтэл манай орон энэ мэдэгдлийг өдий болтол дуулаагүй бололтой. Уншигч авхай танаас асуухад та гудамжинд худалдаалдаг 6-8 ширхэгээр савласан жимс жимсгэнээс авдаг уу. Эргэцүүлж бодох л асуудлын нэг. 
 
Гудамжинд гэлтгүй томоохон сүлжээ дэлгүүрүүдэд муудсан жимс борлуулах нь бий . Жимсний наймаа эрхлэгчдийн тоо өдөр ирэх тусам өсч, урд хөршөөс Монголыг чиглэх чанар муут жимс чингэлэг чингэлгээр ирж буй нь харамсалтай.
 
Улмаар гудамжинд сүүдрэвч төдийхөн бариад л бизнес хийдэг хүн олширч, худалдаа хийх байр савгүй нэг нь цемент бараадан тоосонд дарагдаж, наранд цохигдсон жимсээ худалдахаар зэхнэ. 
 
Эдгээр хувь хүмүүс үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө хороогоор дамжуулж дүүргийн мэргэжлийн хяналтын газартай гэрээ байгуулан ажилладаг ч гэрээгээ дагаж мөрддөг нь тун ховор. Наймаачдын дийлэнх нь алим, улаан лооль, өргөст хэмх, тоор зардаг. Гэтэл өргөн зардаг, худалдан авдаг эдгээр жимс хоол болохоосоо хор болох нь олонтаа. 
 
Зориулалтын дагуу баригдаагүй байр болон шороо тоостой орчинд, ил задгай худалдаж буй хүнсний бүтээгдэхүүн нь ямар нэг хэмжээгээр витаминлаг чанараа алддаг байна. 
 
Үүнээс шалтгаалж ходоодны үрэвсэл, гэдэсний нян, цаашилбал дотор эрхтний үйл ажиллагаа муутгаж, хорт хавдрын эхлэл болдог аж. Мэргэжилтнүүдийн хэлдгээр “Жимс жимсгэнэ бүтээгдэхүүнийг зургаан хэмийн хүйтэнд хадгалах ёстой” байдаг гэнэ.
 
 
Гэтэл манай оронд 30 хэмийн халуунд зарж байх юм. Стандартаар бол наад зах нь дэлгүүрийн худалдагч нь гараа угааж байх, халуун хүйтэн ус, 00-той, бүтээгдэхүүн хадгалах хөргөх төхөөрөмжтэй, зориулалтын агуулахтай газар жимс худалдах ёстой байдаг аж. 
 
Энэ нь манай оронд бараг л үгүй. Үүгээр ч дуусаагүй. Гудамжны аль нэг өнцөгт, эсвэл сүүдвэрчин дор жимс борлуулж байгаа иргэдэд ариун цэврийн өрөө бүү хэл гараа нойтон салфеткаар арчих сөхөө байдаггүй гэдгийг хэн ч мэднэ.
 
Хир даахиндаа баригдсан гартай, орчин тойрон нь хог шороонд дарагдсан ийм л газар үйлчилдэг шүү дээ. Тэгээд бас болоогүй. Эрээнээс ирсэн жимсийг хамгийн их хор ялгаруулдаг гялгар уутанд боочихоод “Жимсээ аваарай. Дэвшилийнх” гээд л залилан хийнэ. 
 
Өнөөх хэдэн жимсээ өнгө үнэр оруулах гээд лаагаар тослон, эфир түрхэж зарж байсан тохиолдол гарч цахим ертөнцөөр шуугиулж байсан цаг саяхан. Хэдэн жилийн өмнө гудамжны худалдааг зогсоох шийдврийг сүр дуулиантай гаргаж, одоохон бүгдийг холдуулна гээд хэсэг нөхдүүд шоу хийж журам гаргасан ч өдгөө өнөөх нь цаасан дээр л бичигдэж үлдэж дээ. 
 
Эрх ямба нь ихэдсэн дарга нар аа, та нар ч бас энэ аюултай жимснээс их бага хэмжээгээр идэж л байгаа шүү дээ. Иргэдээ боддоггүй юм аа гэхэд эрүүл мэндээ бодоод ч болов арга хэмжээ авах цаг тулгараад буйг уламжилъя. Нэг талаараа амь амьдралаа залгуулж байгаа хүмүүсийг хөөж туух нь хэцүү ч, тэдний ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх нь улсын үүрэг. 
 
Харамсалтай нь хяналт муу, хаасан, шийдсэн болоод өнгөрдөг цалгар байдлаас болж гар дээрээс наймаа эрхэлдэг, тэр тусмаа муудсан жимс жимсгэнэ борлуулсан хэвээр л байх уу. Энэ асуудлыг хэдий хүртэл хажуунаас нь харж суух вэ, эрүүл мэндийн байгууллагынхан. 
 
Хоёр жилийн өмнө хилээр хуурамч жимс орж ирсэн гэсэн мэдээ чих дэлсэж байсан. Машин дүүрэн чангаанз, хатаасан алим, хар чавга, хасарваань, лийр байсан. Тэр даруй шинжилгээнд өгөхөд хөгц, мөөгөнцөр, нянгийн бохирдолтой, шавьжийн ялгадас, сэг зэм илэрсэн гээд бод. 
 
Энэ хэрэг намжиж амжаагүй байхад өнгөрсөн жил гудамжнаас мандарин авч идсэн эмч нар хордлогод орж амь насаа алдах шахсан. Илэрсэн шалгагдсан нь л энэ. Далдуур, хууль хяналтаас гадуур хэчнээн ч тонн жимс бидний ходоод руу орж хор үүсгэж байгааг хэлж мэдэхгүй нь.
 
Уг нь манай улсад жимс, жимсэн бүтээгдэхүүн МNS САС 52:991 гэдэг стандарттай аж. Энэ стандартыг дэлхийн 99 орон мөрддөг. Манайх энэ стандартыг мөрддөг ч хилээр импортолж буй жимснүүд уг стандартын хаана ч хүрэхгүйг мэргэжлийнхэн амаа чилтэл ярьсаар.
 
Түүнчлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, савлагч, хуваарилагч, импортлогч, экспортлогч, нийлүүлэгчийн нэр, хаягийг тодорхой бичих ёстой байдаг ч энэ нь стандартаа мөрдөж дийлдэггүй манай орны хувьд өнөөх “Мянгуужингийн үлгэр” гэдэг чинь энэ. 
 
Энэ бүгдээс харахад хортой жимс баян, ядууг ялгахгүй биенд үүрлэсээр л... Олон жил энэ бизнесийг эхлээд үр хүүхдээ тэжээж байгаа наймаачид ч бас зовлон байгаа гэдгээ хэлж байгаа үргэлж ярьдаг. Гэлээ гээд эдгээр хүмүүсийн орлогыг бодоод ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдахыг нь зөвшөөрч иргэдийн эрүүл мэндийг нь хордуулж бас болохгүй юм. 
 
Тиймээс энд тэндгүй хөрөнгө мөнгө нь ихэдсэн юм шиг чанартай, чанаргүй олон барилга, хорих анги 20 гаруйг барихын оронд өл залгуулах гэж шар нар бор хоногийг арай хийж өнгөрүүлж буй эгэл ардаа дэмжиж ажилламаар санагдах юм.
 
Манай улсын цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан гадны орнууд шиг гудамжинд хүнсний бүтээгдхүүн худалдах боломж байхгүй гэдгийг дээр дурьдсан. Мөн наймаачдыг нэг цэгт төвлөлрүүлье гэтэл тэд орлого олохгүй байна гэх шатгаанаар дүрвэж байгааг ч албаны хүмүүс хэлдэг.
 
Ер нь ажлын байр хомс байгаагаас үүдэн эдгээр иргэд гудамжинд наймаа эрхэлж байгаа. Тэгэхээр наймаачдыг тогтвор суурьшилтай ажилд зуучилж өгөх цогц бодлгогыг хэрэгжүүлж эхэлбэл тэд гудамжинд бараа бүтээгдхүүн зарахаа болих боломжтой юм гэдгийг мэргэжлийн хүн ч учирласан. 
 
Хэлэх амлалт нь ихэдсэн, хийх ажил нь багадсан эрх ямбат дарга нар аа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйхэн шиг энэ тал дээр арга хэмжээ авах цаг нь ирснийг дуулгая.
 
 
Ж.Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: