sonin.mn
Энэ жилийн улс төрийн амьдрал наадмаас илүү сонирхолтой өрнөж байна. Намуудын хооронд талцал хагарал гарч, хэвлэлээр бие биенийхээ муу муухайг дуудалцаж эхэлсэн. 
 
Тухайлбал, МАН-ынхан шат шатны сонгуульд ялагдсан ялагдлынхаа бурууг удирдлагуудаасаа эрж "Шинэчилье" хөдөлгөөнийг өрнүүлж байгаа бол "Шинэчилье" хөдөлгөөнийхөн ч үзэл бодлоороо таарахгүй хэд хэд хуваагдаж байгаа сурагтай. 
 
Саяхан л гэхэд өнгөрсөн жил байгуулагдсан гэх "Шинэ хүч" хөдөлгөөнийхөн гараад ирсэн. Тэд үнэндээ "Шинэчилье" хөдөлгөөнийхөнтэй эвсэн нэгдэж байгаа гэдэг ч харин ч эсрэг үзэл бодолтой байгаа юм. 
 
2004 оноос хойш намд дээгүүр албан тушаал хашиж байсан залуучууд өнөөдөр намын шинэчлэлийн тухай ярьж байгаад эмзэглэж байна. Эдгээр залуус шинэчлэх ёстой цаг үедээ намд томоохон албан тушаал хашиж байсан. Тэд тухайн үед өөрсдөө хариуцлага алдсан. 
 
"Шинэчилье" гээд байгаа тэр залуус хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой гэж тэд үздэг. Мөн "Шинэчилье" хөдөлгөөнийхөн энэ сарын 30-ны дотор намын бага хурлаа хийхийг шаардаж байгаа бол "Шинэ хүч" хөдөлгөөнийхөн тэгтлээ яарах хэрэггүй гэж байгаа юм. 
 
Энэ талаар "Шинэ хүч" хөдөлгөөнийг үндэслэгч М.Найданхүү "Манай хөдөлгөөн "Шинэчилье" хөдөлгөөнд нэгдсэн. Уг хөдөлгөөнд нэгдээд цаашаа явах гэтэл тэд намын их бага хурал хуралдуулах шаардлагыг тавьж байна. Гэтэл их бага хурал хуралдуулна гэдэг нь ихээхэн цаг, хүч шаардсан ажил. 
 
Баг гарган ажиллаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш хам хум хэдхэн хүн цуглуулж хэрэлдээд сэтгэлийн хөөрлөөр, магадгүй хуйвалдан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах асуудлыг тавиад дараагийн хэдэн хүн гарч ирэх гээд байх шиг байгаа юм" гэжээ. 
 
Ингээд л МАН-д хуваагдал үүсээд байгаа юм. Харин сүүлийн үөд МАН-ын "Шинэчилье" хөдөлгөөний залуус дахин шинэ нам байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл ч гарах боллоо. 
 
Өмнө нь МАХН нэрээр байсан улс төрийн ууган хүч хоёр хуваагдаж, гишүүдээ хоёр тийшээ алдчихсан бол дахиад л хэд хэд салчихлаа. Харин одоо энэ бүхэн хэрхэн яаж нэгдэх юм бол. Мөддөө л нэгдэхгүй байх гэсэн таамаглал байна.
 
Ах намынхны адил улс төрийн гурав дахь хүчин болж гарч ирсэн МАХН-ынхан ч хоорондоо эв түнжингүй байгаа. Зөвхөн нэг дүүрэг дээр гэхэд л хоёр ч хуваагдсан байх жишээтэй. Сонгинохайрхан дүүрэг дээр МАХН-ын хороо, нөгөө нь МАХН-ын мянгатын хороо гэсэн намын байгууллагатай болжээ.
 
Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын ёс зүйн хороо болон мянгатын дарга нар хэвлэлийн хурал хийж, намын удирдлагууд болох Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намын гишүүдийг хагарахад хүргэж байна. 
 
Уг нь тэд нам дотор шударга ёс тогтоохын төлөө ажиллах ёстой атал маш хариуцлагагүй хандаж, хууль ёсыг сахиулахын төлөө бус ойлгомжгүй, тогтворгүй байдал үүсгэж байна. МАХН-д Д.Тэрбишдагва сайдыг дагаж МАН-аас олон хүн ирсэн. Тэд МАХН-ыг хагалган бутаргах ажиллагааг явуулдаг. 
 
Харин Д.Тэрбишдагва тэр хүмүүсийг ямагт дэмжиж, ажил албанд татдаг гэсэн мэдээлэл өгсөн. Хотын нэг дүүрэг дээр гэхэд хоёр дунд шатны хороо ажиллаж байгаа нь энэ намыг дотоод зөрчил ихтэйг харуулж байгаа юм. 
 
Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба "Нам дотор хагаралдсан зүйл байхгүй. Сонгинохайрхан дүүрэг дээр л асуудал байгаа нь үнэн. Энэ дүүргийн намын хороо дотроо нэлээн зөрчилтэй байгаа. Зөрчилтэй байгаа зүйлийг намын удирдлагын зүгээс зохицуулах ажил хийж байна" гэсэн.
 
Мөн энэ намаас Эрүүл мэндийн салбарт хамтдаа орж ирсэн сайд, төрийн нарийн бичиг хоёр ч зөрчилдөж таарахгүйгээс болоод Н.Удвал сайд төрийн нарийн бичиг Ж.Хатанбаатараа жийчихсэн. Тэгээд л мөн хэвлэлээр бие биенийхээ муу муухайг дуудаж хэрэлдэцгээсэн. 
 
Чухам хэнийх нь зөв, бурууг ялгаж дүгнэх аргагүй. Ийнхүү нэг намын нөхөд эсрэг тэсрэг байр суурьтай байна. Мэдээж бие биенээ үгүйсгэж байгаа талууд нэгдмэл нэг зорилготой байхгүй нь ойлгомжтой.
 
МАН болон МАХН бол угшил нэгтэй намууд. Гэтэл энэ хоёр нам салсан цагаасаа эхлээд нам дотроо зөрчилдөж эхэлсэн. ёстой л Мэнгэ нь голлосон жас өдрөө салчихсан юм болов уу гэмээр. Нам бүрт л дотоод зөрчил бий. Харин угшил нэгтэй намуудын зөрчил олны нүдэн дээр улам л, хурцдаад байх шиг.
 
Г.Хишигсүрэн
 
Эх сурвалж: