sonin.mn
“Самар аваарай, самар аваарай. Аяга нь мянган төгрөг” гэх цангинасан дуу долдугаар сарын сүүлч наймдугаар сарын эхээр нийслэл хотын хаа сайгүй сонсогдох нь уламжлал гэлтэй. Энэ уламжлал өдгөө ч үргэлжилсээр.
 
Байгаль эхийн харамгүй хишгийг хэзээ ирэх нь үл мэдэгдэх нийтийн тээврийг хүлээн зогсонгоо цөмөх нь аятайхан ч юм шиг. Зуны дэлгэр цаг цаашилж, уйтай намар наашлахад нийслэлийн гудамжнаа хаа сайгүй самрын худалдаачдаар дуүрч, хүүхэд, хөгшин залуугүй хэрэмнээс дутахааргүй самар цөмөн алхацгаах нь ихэсч, үүнийг дагаад хог буртаг, өвчин хууч дагалдах нь харамсалтай. 
 
Угтаа бол самар боргоцой есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 1-ний хооронд бүрэн гүйцэд болдог аж. Түүний дараагаар Байгаль хамгаалах газрын зөвшөөрөлтэйгээр түүж, худалдаанд гаргах ёстой юм.
 
Гэтэл манайд найман cap дөнгөж гарангуут түүхий самар, жимсийг хулгайгаар түүж борлуулдаг бөгөөд зарим тохиолдолд бүрэн болоогүй самрыг цайруулахдаа уксус ашигладаг гэж иргэд ярьдаг. 
 
Гэхдээ одоогоор ийм зөрчил илрээгүй боловч манай худалдаачид жимсийг исгэхгүй, удаан хадгалахын тулд уксус хийдэг болох нь ч тогтоогдсон. Үүгээр ч дуусаагүй.
Түүхий самраа бүрэн боловсруулахын тулд чанаж, тосонд хуурах, жигнэх, ууранд болгох гэхчилэн элдэв аргаар бэлтгэдэг.
 
Энэ нь ч “Муу юм модон улаатай" гэгчээр жил бүр л элдэв өвчин дагуулж буй нь чих дэлсэх болсон. Өнгөрсөн жил гэхэд Боловсролын их сургуулийн ойролцооноос самар авч идсэн нэгэн хүний уруул аман дээр нэлэнхүйдээ идээт тууралт гарч, тэмбүү өвчний халдвар авсан нь илэрч хэвлэл мэдээллээр шуугиж байв.
 
Тухайн үед самрын худалдаачид хуурсан самраа орныхоо давуун дээр хөргөдөг байсан нь ийм явдал гарахад хүргэсэн. Мэдэгдэж, арга хэмжээ авсан нь энэ. Гудамжинд, автобусанд, ажлын байрны үүдэнд гээд хаа сайгүй самрын яс хөглөрөх нь өвөл цас, зун бороо ордог шиг намрын хур гэлтэй зураг үзэгдэнэ. 
 
Энэ үеэр шар хантаазтнуудын ажил ч хуралдана. Одоогоос, хоёр жилийн емнө rap дээрээй ил задгай самрын худалдаа эрхлэхийг хориглох шийдвэрийг Мэргэжлийн хяналтынхан гаргаж байсан цаг саяхан. Гэсэн хэдий ч хотын гудамжнаа самрын наймаачид хэвийн худалдаагаа үргэлжлүүлсээр удаж буй.
 
Өнөө жил ч үргэлжлэх шинжтэй. Гудамж талбай, автобусын буудал, дэлгүүр хоршооны үүдэнд самар зарж, өнөөх нь хог шороотой холилдон хотын өнгө төрхийг гундаах нь халагламаар. Эрүүл цэвэр орчинд чанарын шаардлага хангасан самар зардаг бол хэлэх үг алга.
 
Гэтэл их хотыг хэрсэн самрын худалдаа өдгөө сүлжээ маягийн бизнес болтлоо цэцэглэчихэж. Учир юу гэвэл, худалдаачид ууланд цайруулсан нэг шуудай самрыг 40-60 мянган төгрөгөөр бөөндөж авдаг бол хотод оруулж ирсэн цайрууг нэг шуудайг нь 100 мянган төгрөгөөр худалддаг гэх мэтчилэн шат шатандаа ченжүүд бий болсон байх юм. 
 
За тэгээд нэг шуудай цайруулсан самрыг нэг аягыг нь 500, 1000 төгрөгөөр жижиглээд зарахаар бараг 180-200 мянга болж зардлаа л нугалж олдог нь иргэдийг хуульруулдаг байж болох юм.
 
Ойд орохын тулд л байцаагчид 10 мянган төгрөгний хураамж төлдгөөс өөр төлбөр төлдөггүй энэ бизнес амар аргаар мөнгө олохыг хичээгчдэд хожоо болж, самранд дурлагсдад хохь болоод буй нь асуудал хөндөхөд хүргэв.
 
Амьжиргаандаа нэмэр болох үүднээс л самар түүж зарж байгаа болохоос бус овойж оцойтлоо мөнгө хураасан юмгүй, өдрийн хоол, унааны мөнгөнөөс илүү гарч байгаа юм алга.
 
 
Байгалийн хишгийг хэдэн бор төгрөг болгох гэхээр төрийн үйлчилгээний ажилтнууд хураана, заруулахгүй хөөнө гэх мэтээр хяхаж хавчаад хэцүү юм" гэх худалдаачдыг бодохоор дэмжмээр боловч, цаана нь өчнөөн хүний эрүүл мэнд, эрх ашиг зөрчигдөж буйг албаны хүмүүс анхаарч ажиллах хэрэгтэй байна. 
 
Ад үзээд буй гудамжнаа самар худалдаалагчдыг ажиглаад, анзаараад байхнээ дийлэнх нь борог амьдралтай айлын бяцхан хүүхдүүд, эсвэл настнууд аж. Үнэндээ олон нийтийн газарт ил задгай худалдаа хийхийг бүрмөсөн хориглосон гэхэд хэцүү.
 
Тийм болохоор мэргэжлийн хяналтын байцаагчдын зүгээс гудамжинд зарж буй самарчдын самрыг хураана гэдэг хүчин төгөлдөр шийдвэр биш. Яг хураана гээд очихоор дандаа ядарсан хүмүүсийг яалтай ч билээ.
 
Хамгийн чухал нь иргэд өөрсдеө хувийн ариун цэвэр сахих нь чухал гэдгийг анхааруулах хэрэгтэй” гэх мэтээр хэлснээ эргээд үгүйсгэх аястай хариултаар ам таглаж орхих нь даанч хэцүү. 
 
Тэгсэн хэрнээ хурааж авсан самраа улсын орлого болгон, эргүүлээд зардаг ч гэх шиг. Иргэн хууль зөрчиж болдогтүй юм бол яахаараа тер хурааснаа зарж хууль зөрчинө вэ, энэ чинь юу гэсэн үг вэ. 
 
Эрүүлийг хамгаална гэдэг албаны хүмүүсээ бидэнд хамаагүй, өөр арга апга гэхчилэн ажлаас зугтахын оронд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-хэн шиг эдгээр хүмүүст тохирсон зай талбайд худалдаа наймаа хийхэд нь арга хэмжээ авч ажиллах цаг нь ирээд буйг дуулгая.
 
Удахгүй шинэ хичээлийн жил эхлэхэд cap гаруйн хугацаа үлдлээ. Өмнөх жилүүдийнх шиг хоёр зуу, гурван зуугаараа шарлаж, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ч халдварт өвчин дэгдээх юм биш биз дээ. 
 
Ниргэсэн хойно нь хашгирах биш, өмнө нь эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэж цэгцэлмээр санагдах юм. Намар болохоор л дуу авалцан сонсогддог ханиад томуу, шар өвчний дэгдэлтэд хэрэглэж буй хоол хүнсний бүтээгдэхүүн, хувийн ариун цэвэр, орчин гээд нөлөөлөл маш их. 
 
Эдгээрийн нянг дэгдээгч нь яахын аргагүй түүхий самарнаас үүдсэн шар өвчний дэгдэлт гэж албаны хүн ч хэлж буй. Учир нь хүмүүс гэрт гадаагүй самар цөмж, гараа долоогоостой нь өнөөх гэдэсний элдэв халдварт өвчнийг сэрээх гол шалтгаан болж.
 
За яахав, самар зарж буй хэд нь мөнгө олох гэж байгаа арга нь тэр биз. Харин худалдан авч байгаа хүмүүсийн хувьд яасан их дур вэ. Бохир гараар гудамжнаа самрын ясаа баруун, солгойгүй шидлэх нь нэг их сайхан харагдахгүй нь мэдээж.
 
Мөн хариуцсан ажилтнууд минь хэлснээ үгүйсгэж, хийснээ буруутгаж байхаар олон хүний эрүүл мэнд, амь амьдралд хохирол учруулахаас урьтаж судалгаа, шинжилгээ, хууль эрхзүйн зохицуулалтаа тодорхой болгохгүй бол самрын цөмөөхэйнүүдийн эрүүл мэндэд аюул нүүрлэж мэдэх нь.
 
 
Ж.Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: