sonin.mn
Зам засварын ажил жилийн жилд оройтож, ажил хариуцсан компаниуд тендерийн маргаан, төсөв мөнгөнөөс шалтгаалсан тайлбар хэлээд өнгөрдөг.  
 
Сүржин тайлбарын ард улсаас төсөв авчихаад чанаргүй зам тавих, ашиглалтад өгөх хугацааг хэтрүүлдэг, тендер бөөндд өг, тендерээс тендерт “эрвээхэйчилж”, хариуцлагаас бултдаг зарим компани завшиж байна. 
 
Төрөөс тэдэнд үүргийг нь сануулж, хариуцлага тооцдог журам алга. Эцэст нь хохирол, бухимдлыг иргэдийн нуруун дээр үүрүүлээд өнгөрдөг жишиг тогтоод удлаа. Өөрөөр хэлбэл, зам засварын ажилд тендер зарладаг ч шалгарах компаниуд нь тодорхой байдаг жишиг халаагаа өгөхгүй байна. 
 
Сэргэлэн эрвэйхээнүүдийн тэргүүн эгнээг өнгөлөгч нь өнөөх л “Хотын зам” компани. Тус компани жил бүр нийслэлийн зам засварын ихэнх тендерийг сугавчлах авч, замын чанар, ашиглалтад оруулах хугацаа хэтрэхээс эхлээд энд тэндгүй бөглөрөл үүсгэдгээрээ толгой цохих нь асуудал хөндөхөд хүргэв.
 
Тодруулбал, 2007 онд БОАЖЯ-наас зарласан Их тэнгэрийн амны Маршалын гүүрийг шинээр барих тендерийг авч улсын төсвөөс 3.9 тэрбум төгрөг төсөвлөсний 2.3 тэрбумыг нь авчихаад ч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй байж ичих ч үгүй Ерөнхий сайд С.Баярыг ажлын явцтай очиж танилцахад ажлаа тайлагнах бус өөдөөс нь мөнгө нэхэн хадуурч байсан удаатай. 
 
Учир мэдэх нэгний хэлж буйгаар тендер авдаг компаниудад үйлчилдэг нэг бичигдээгүй журам байдаг нь тэр тендерт шалгаруулсан дарга нартаа тендерийн үнийн дүнгийн 10 хувийг өгдөг жишиг юм. 
 
Маршалын гүүрийг барих ажлын нийт төсөвт өртөг 3.9 тэрбум гэж бодохоор лав 390 сая нь нөгөөх даргын халаасанд орсон гэсэн үг. Мань дарга нэгэнт авлигалын мөнгөө авчихсан учир төрийн томчуудын явдаг гүүрийг барьж байгаа эсэх нь түүнд сонин биш болсон бололтой гэв. 
 
Энэ бүхнийг харахад жил бүрийн зам засварын ажил пирамид маягийн сүлжээ болчихож. Мөн “Хотын зам” ХХК нэг ажлаа дуусгаагүй байж, Йонсей эмнэлгийн урд төв замын дагуу нүхэн гарц барих тендерийг мөн л авав.
 
Тухай үед мөн л ашиглалтад өгөх хугацаа хойшилж, өнөөх нүхэн гарцын ажил нь зуун задгай, жаран хагархай дагуулан удаан дуншсаны эцэст сая нэг ашиглалтад өгсөн боловч “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч болж олон хүний хараалыг идсэн. 
 
Учир юу гэвэл, тус компанийн таван жилийн баталгаа өгч барьсан хонгил нь ганц зуны хур даалгүй гуулиа цухуйлгасан цаг саяхан. Долоон буудлын эцсээс Бэлх хүртэл зам засварын ажлыг “Хотын зам” компани авч, зам хаагаад 16 хоносон ч ажил нь урагшилсангүй.
 
Баруун дөрвөн замаас X хороолол хүртэлх 1.6 км урт авто замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар мөн л тус компани шалгарч, мөн л хугацаа хойшлуулж иргэдийг бухимдуулж байсан. 
 
Тэдний “халтуурын ажил” үүгээр ч дуусаагүй. 2009 оны долдугаар сарын 28-нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянбүрдийн тойргийн замыг засах нэрээр таван өдөр хаасан ч ширхэг чулуу хөдөлгөлгүй байсаар буцаагаад нээсэн.
 
Сансарын туннелийн урт настай нүхэн гарцын ажил ч бас хугацаандаа амжихгүй хойшилж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуртай дургүй хүлээлгэн өгсөн. Гэвч өнгөрсөн хаврын орсон борооноор өнөөх нүхэн гарцны дээд талын зам доошоо цөмөрчихсөн.
 
Уг нь энэ нүхэн гарцыг барихаар “Хотын зам” компани улсаас 1.3 тэрбум төгрөг төсөвт суулгаж авсан. Гэвч энэ мөнгийг салхинд хийсгэн ийнхүү ганц борооны ая даалгүй тараа таниулсан “түүх” дахин давтагдсан ч тэд балагтай ажлаа үргэлжлүүлсээр. 
 
Тус компанийн Т.Атарбаяр гэх захирлыг хүлээж авсан ажлаа хагас дутуу хийсэн болоод дараагийн тендерт шалгарахын тулд эр хүний 13 мэх уралдуулж явдаг нэгэн гэх нь чих дэлсээд удаж буй. Угтаа бол тендерийн хуулиар бол тухайн ажил үйлчилгээний биелэлт 70 хувьтай байгаа тохиолдолд үлдсэн хувийг авах эрхтэй. 
 
Гэтэл ажиллах хүч, туршлага, чадвараа үл тооцон энд тэнд тендер бөөндөж, эрсдлээ тооцолгүй хаа сайгүй зам хааж түгжрэл үүсгэн иргэдийг бухимдуулсан “Хотын зам” ХХК ашиглалтад оруулах хугацааг нь хэтрүүлж, урьдчилгаа мөнгийг хэрхэн зарцуулсан тайлангаа тас нуучихаад дахин мөнгө нэхэж суудаг нь гайхмаар.
 
Боловсон хүчин дутагдалтай ч улс орны хувьд дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө хотыг боловсон замаар холбох шаардлага тулгамдаж буй нь үнэн.  
 
Гэтэл их хотын энэ гасланг элдэв чамин төсөл санаачлагаар оромдож, эрэлт, нийлүүлэлтийн зөрүүн дээр зам тавих хоббигоо дөрөөлж, “Хавтастай захирал”- ууд тендер залилах болж чанаргүй гүйцэтгэгчид “борооны дараах мөөг шиг” олширчихож.
 
Үнэхээр замаа хөгжүүлье гэсэн хүмүүсээс гадна янз бүрийн хүсэл, сонирхол орж ирдэг нь энэ. Ашигтай гэж орчихоод, зарим нь балчигт унаж сүйд болсон явдал ч бий.
Гэтэл энэ мэт компаниуд жил бүр л их хотын замыг засах эрхийг авч буй нь хачирхалтай.
 
Тэгээд бүр элдэв асуудалтай ажил хийдэг гэдэг нь нүднээ илт атал шүү дээ. Манай улс нийт 49250 мянган км замтайгаас олон улсын чанартай зам нь 11 мянга гаруйхан, орон нутгийн чанартай зам нь 38032 километрийг тус тус эзэлж байна. Тиймээс адаглаад аймаг, хотын төвүүдийн замыг хатуу хучилттай болгох шаардлагатай. 
 
Албаны тооцоогоор бол Монголд 300 гаруй зам засварын компани бүртгэлтэй байдаг гэнэ. Харин үүнээс 50 хүрэхтэй үгүйтэй нь улсын замыг улиг болтол нь засдаг аж. Засах нэрийдлээр замыг хааж, боож иргэдэд асар их ачаалал үүрүүлдэг шигээ эргээд чанартай зам барихгүй байгаа нь тэдэнд дараагийн тендерийн босго хэтэрхий өндөр байгааг сануулж буй.
 
 
Гэсэн ч тэд олон удаагийн чанаргүй зам тавьсан хариуцлагаа өдийг хүртэл үүрч байгаагүй нь сонин.  Хэдэн тэрбум, хичнээн хугацаа зарцуулсан ч дэвшиж, дээшилдэггүй манайх шиг зам гэж хорвоо дээр ховорхон. Энэ бүгдээс харахад тус компанийн ард айхавтар том хүн хамгаалж суудаг юм биш биз.
 
Төрийн түшээд тэнгэрээр нисдэггүй л байлтай, хажуугаар явахдаа ямар зам зассаныг хоёр нүд нь хардаг баймаар. Харсаар байтал бүлхи залгисан юм шиг дуугүй өнгөрч, татварын мөнгөөр таваараа наадаж буй уг компанийн толгойг илж байгаа нь ямар учиртай юм бэ, дарга нар аа. 
 
Зам барихад төсөвт өртөг гэж бий. Тухайлбал нэг км зам барихын тулд материалын түүвэр гаргаж, нэгж бүрийн үнийг тус тусад тавьж батлуулна. Түүний дараа зай хэмжээг нь гаргадаг. Ойролцоогоор нэг төсөвт өртгийн таван хувь нь цалин байдаг гэсэн баримт байна. 
 
Үүнээс доод тал нь таван хувийг ашигт тооцлоо гэхэд арваад тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсний 200-гаад сая төгрөг нь ашиг болж таарах нь. Бусад нь үйл ажиллагааны зардалд тооцогдох юм байна.
 
Тэндээс яаж ашиг гаргах вэ гэдэг мөн л анхаарал татсан асуулт. Нэгэнт тоо хэмжээгээр тооцон төсөв, хөрөнгийг нь баталсан байхад түүнээс илүү ашиг гаргана гэвэл, ажил дутуу хийгдэж байна гэж ойлгож болох нь. 
 
Энэ мэт ашиг харсан чанаргүй гүйцэтгэл, танил талын ханцуйгаар дамжсан тендерийн наймааг цэглэж, “хавтастай захирал”, “цүнхтэй компани”-аас хариуцлага нэхье. Үнэхээр цуурсан замыг харахад “арай ч дээ” гэж дуу алдмаар ажил хийх юм. Улсын хөрөнгөөр ийм зам бариж байхад нь холбогдох газрууд нь хүлээж аваад ашиглалтанд өгч байдаг гэж халагламаар. 
 
Хагарч доошоо суусан замын дотор тал нь хөндий, харанхуй харагдтал халтар ажил хийхээ болиоч “Хотын замынхаан”. Энэ мэтийн хариуцлага байхгүй, ажлаа хийж чадаагүй хэрнээ улсаас их хэмжээний мөнгө идээд сурчихсан “Хотын зам” мэтийн замын компаниудад хэзээ хариуцлага тооцох вэ, зуншиж дууссан бол зузаарч овоорсон хотын ажил хүлээгээд байна. 
 
Аар саархан засвар хийгч, хоёр санаа өвөртөлсөн хогийн зам баригчдыг анхааралдаа авч асуудлыг шийдэх цаг ирлээ, сайд аа!
 
 
Э.Чимэг
 
Эх сурвалж: