sonin.mn
Монголын урчуудын эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Өнгөгүй өнгө” хэмээн нэрлэжээ.
 
Гангаар урласан уран баримлын бүтээлүүд нь уран барималчийн авьяас, сэтгэлгээ, туурвил зүйн шинэ шийдэл нээлтээр арвин бөгөөд байгаль ертөнцийн гэрэл сүүдэр, өнгө аялгууг хүмүүст харуулж байгаагаараа өвөрмөц уран баримлууд болсон байна.
 
“Өнгөгүй өнгө” үзэсгэлэн энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Арт галерейд байх аж. 
 
“Орлой гурван зээрд”, “Би”, “Монгол”, “Үүлэн чөлөө”, “2222” зэрэг арван шилдэг баримал бүтээсэн А.Очирболдын үзэсгэлэн залуу уран бүтээлчдийн ур чадвар шинэ өндөрлөгт хүрснийг харуулж байна. 
 
Тэрбээр “Буур Жамьян", “Дэмүүл Арслан", “Чингүнжав”, “Цогт тайж” зэрэг арван гаруй том хэмжээний бүтээл туурвисан шилдэг залуу уран бүтээлчдийн нэг бөгөөд анхны бие даасан энэ үзэсгэлэн нь түүний туурвилын цоо шинэ өндөрлөгийг илтгэх аж. 
 
Үзэсгэлэнд тавигдсан бүтээл нь ган болдын өнгөгүй гялалзсан толинд ертөнцийн өнгө бүхэн солонгорон тусах ер бусын хэм хэмнэл бүхий орчлонгийн ой санамжийн цаглашгүйг өгүүлнэ. 
 
Мөн хүмүүст шинэ мэдрэмж шинэ хөг аялгууг мэдрүүлэхийн хамт өвөрмөц шийдлүүдийг агуулснаараа бодит байдал ба хийсвэрлэл, өнгө ба өнгөгүй, үнэн ба зэрэглээ, харагдах хийгээд эс харагдахын дотоод чинадыг хүүрнэх ажээ. 
 
Эх сурвалж: