sonin.mn
Ердөө тавхан хоногийн дараа улсын хэмжээнд ээлжит хичээлийн шинэ жил эхэлж, Улаанбаатар хотын хамгийн их ачаалалтай үе хаалганы цаана тулчихаад байна. Хэдийгээр есдүгээр сарын 1-ний өдрийг хүн бүр хүсэн хүлээдэг ч, өнөөх номхон морьтой, номтой цүнхтэй, нүдэндээ инээмсэглэлтэй жаалын үе, халаагаа өгчээ. 
 
Жил ирэх тусам, хичээлийн шинэ жил тойрсон асуудал хурцадмал болж, цэцэрлэг, сургууль гээд боловсролын тухай бус багтаамж, зайны тухай хүн бүр зовинох боллоо. Энэ нь хүн амын өсөлт хийгээд харьяа яамны буруу бодлогоос үүдэлтэйгээр өрнөж буй асуудал юм. 
 
Өнөө жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийн зарчимд өөрчлөлт орж, багачууд харьяа хорооныхоо л цэцэрлэгт бүртгүүлэхээр болсон. Гэтэл цэцэрлэггүй хороод нижгээд байсан нь "Дарин дээр давс" гэдгийн үлгэр болж өнгөрөв.
 
Түүнчлэн нас, насны ангид хэд, хэчнээн хүүхдийн орон тоо байгаа талаарх мэдээллийг цэцэрлэгийн зүгээс эцэг, эхчүүдэд өгсөн учраас бүртгэлд багтах гэж олон хоногийн өмнөөс цэцэрлэгийн босго тэдний хөлд элэгдэж эхэлсэн юм. Юутай ч, хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд хонон, өнжин дугаарладаг байдал энэ жил ч дахин давтагдлаа. 
 
Хэдийгээр салбарын сайд нь "дээрх үйлдэл энэ жил давтагдахгүй" гэж хэлж байсан ч санасны зоргоор бүтчихдэг асуудал биш гэдгийг хэвлэлийн хуудаснаас хангалттай харсан биз ээ. Харин цэцэрлэгийн асуудлыг тоо баримтаар тодотгох аваас, манай улсын хэмжээнд цэцэрлэгийн насны буюу 2-5 настай 240 мянга 600 хүүхэд байна.
 
Харин тэднийг хамруулах 181 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ нь Улаанбаатар хотод 100 гаруй мянган хүүхдээс 33 мянга гаруй нь цэцэрлэгт хамрагдаж чадна гэсэн үг.
 
Дээрх албаны тоо баримтаас цэцэрлэг болон цэцэрлэгт заавал хамрагдах ёстой хүүхдийн тоо алд дэлэм байтугай асар хол зөрүүтэй байгааг харж болно. Гэсэн ч Шинэчлэлийн засгийн газарт багтсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр эрс, тэс дээрх байдлыг шинэчилж чадсангүйгээр барахгүй шинэ санаа ч дэвшүүлсэнгүй өдийг хүрлээ.
 
Тиймээс боловсролын тухай яриаг түр азнаж, байр савны асуудлыг онцолъё. Цэцэрлэгийн насныхан байвч, цэцэрлэг байдаггүй тогтолцоо олон жилийн өмнөөс үүдсэн. Онцлох шалтгаануудаас дурдвал, хүн амын нягтрал, шилжилт хөдөлгөөн, цэцэрлэгийн хүртээмж муу, хуучин цэцэрлэгүүдийн хугацаа нь дууссан, үе, үеийн салбарын сайд нар өөрийн хүүхдийг бодсоноос өрөөлийнхийг ойшоосонгүй гээд цааш хөврөх биз. 
 
Харин энэ байдлыг эргээд нэг харвал бид, сургуулийн өмнөх боловсролын системыг бүрэн орхигдуулжээ хэмээн хэлж болохоор байна. Учир нь эцэг эхчүүдийи дийлэнх нь хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх гэж биш, гэртээ цоожтой үлдээхгүйн төлөө чармайх болж. Энэ нь ч тэдний буруу биш. 
 
Нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас өрхийн бодлого хоорондоо хөл зөрүүтэйн шинж. Улсаас тэтгэмж, тэтгэлэг олгож, хүн ам өсгөх бодлого байнгын барьж ирсэн. Гэтэл дээрх өсөлт, эрэлтийг дагаж, нийлүүлэлт бүтээн байгуулалт хийсэн нь цөөн гэдэг нь жил бүр илэрхий болж байиа. 
 
Энэ жилийн хувьд бүр ч илүү мэдрэгдлээ. Учир нь өнгөрсөн жил 40-н цэцэрлэг барихаар төлөвлөж байсаи ч өдгөө биелэлт нь хангагдаагүй жил тойрсон, мөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байх үеэр хоёр ч цэцэрлэг юу, юугүй нурлаа хэмээн жагсаалтаас арчигдсан. Тиймээс эцэг, эхчүүд нэн тэргүүнд хүүхдээ цэцэрлэгийн оронд тоонд багтаахыг л зорьдог болов.
 
Түүнээс сургуулийн өмнө ямар боловсрол эзэмшиж, юу сурах ёстойг онцлон анхаарахаа аль хэдийн больжээ. Өдгөө энэ байдлаас гарах ганцхан гарц нь цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх буюу шинээр цэцэрлэг барих асуудал гэдэгтэй хүн бүр эвлэрэх болж.
 
Гэтэл төр засгийн зүгээс төсөв мөнгөө таталж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ч түргэтгэх арга хэмжээ авч байсангүй. Тиймээс ирэх хичээлийн жил хүртэл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй бол төрөлтийг таслан зогсоохоос өөр гарц олдохгүй нь үнэн болсон юм шиг ээ.
 
Мөн энэ жил "Гэр хорооллын дахин төлөвлөлтийи төсел" хэрэгжиж эхэлсэн. Төслийн цар хүрээ нь Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн 20 гаруй хороог хамарч байна. Улмаар шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, нэг хороонд харьяалагдах иргэний тоог даруй өсгөнө.
 
Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "зөвхөн харьяа хорооны цэцэрлэгтээ сурна" гэдгийг бүрэн эрхийнхээ хүрээнд улс даяар тунхагласан. Тиймээс "гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл"-ийн хүрээнд баригдаж байгаа барилгын нэг давхрын тодорхой хэмжээг цэцэрлэг байлгахаар заавал ямар вэ. Гэхдээ хувийн бус улсын статустайгаар. 
 
Эс бөгөөс үр дүнгээ өгөхгүй. Учир нь өмнө нь баригдаж байсан хорооллуудын дийлэнхд нь хувийн тодотголтой цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Төлбөр мөнгөнөөс эхлээд татаас их байдаг учраас эцэг, эхчүүд хувийн гэхээсээ илүүтэй улсын цэцэрлэгт ам сайтай байдгийг нь ч харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргаж болно. 
 
Гагцхүү, Боловсрол, шинжлэх ухааны сайд салбараа удирдаж, хөдөлгөж чадваас хэвлэлээр явдаг үй түмэн санаанаас нэгийг ч гэсэн өлгөж аваад ажил болгож болно. Гэвч Л.Гантөмөр сайд бүрэн эрхийнхээ бүтэн жилийг үрсэн ч бахь байдгаараа байгаа нь харамсалтай. Уг нь байртай болчихоод боловсрол яривал...
 
Эх сурвалж: