Монгол Улсад хөгжлийн ямар загвар хэрэгтэй вэ. Хариулт нь манай орон хоёр хөл  дээрээ явах холын бодлогыг тодорхойлоход тус болох бөгөөд өнгөрсний дутуу дулимгыг гүйцээн сууриа бататгаж, ирээдүйг тодорхойлох зүйлтэй зуузай холбох боломжийг олгох юм.
 
Сонгуулиас сонгуулийн хооронд өртөөчилсөн, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн бодлогоос татгалзаж, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголт, байр суурь бий болгоход дээрх асуултын хариулт чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Иймээс МАН-аас санаачлан дээрх асуултын хариултыг улс орныхоо ирээдүй болсон залуусаас асууж эхлээд байна.
 
Хүн бүрийн санал алсын хараатай бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараагаа өөрийн асар их баялгийг зөв, ашигтай хөгжүүлэх замаар эхэлж цаашдын үйлдвэржилтийн хөрөнгө санхүүг түргэн босгохоор ажиллаж байгаа нь зөв.
 
Хамгийн гол нь энэ талаар үндэсний хэмжээний нэгдмэл ойлголт, байр суурь байхгүйгээс алдах нь онохоосоо их, бусдын өгөөш болох нь хялбар харагдаж буй юм. Иймээс дээрх асуултын хариултыг дор бүрнээ эрж эхэлжээ.
 
МАН-ын залуус хөгжингүй орнуудын загварыг судалж, харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны референт Э.Тамираас зарим зүйлийг тодруулсан юм.
 
 
-Ажлын хэсгийнхэнд танилцуулж байгаа илтгэлийг тань сонсч байхад “Т-21” загвар дээр нэлээд тогтож яриад байгаа ажиглагдсан. Энэ загвар Монголд илүү тохирно гэж бодож байна уу?
 
-Хөгжлийн загвар маш олон. Тэр дундаас манай улсад тохирох зарим загварыг судалж үзэснээс хамгийн тохиромжтой загвар нь “Т-21” юм гэсэн дүгнэлтийг ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм. Энэ загвар нь дэлхий нийтэд хамгийн сайнд тооцогддог.
 
Тиймээс ч 2008 онд Засгийн газар дээрх загвар дээр тулгуурлан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан байдаг. Хөгжлийн олон загварыг дүйцүүлэх, динамик системийн гэж хоёр хуваадаг. Дүйцүүлэх загвар гэдэг нь тухайн оронд тогтсон мэдээллийн баазтай, хатуу системтэй.
 
Өөрөөр хэлбэл, тухайн оронд тэрхүү загварыг сонгож хэрэгжүүлж байгаа бол системийг нь ч дагаж мөрдөхийг шаарддаг. Ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй. Харин динамик системийн гэдэг нь тухайн оронд байршуулахад тэр орны өнгөрсөн, одоо, ирээдүй дээр суурилуулж хөрсөн дээр нь буулгаж болохуйц загвар юм.
 
Энэ чиглэлийн гол том есөн загварыг судалсан. Мөн нэлээд хэдэн шалгуур тавьж үзсэнээс “Т-21” загвар хамгийн төгс байсан. Тухайлбал, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин гэсэн гурван зүйлийг цогцоор нь багтаасан төдийгүй шатлалтай, явцын дунд алдаа гарвал засч залруулах боломжтой юм.
 
 
-Тэгвэл энэ загвар манай улсын тухайд цоо шинэ зүйл биш бололтой. 2008 оны Засгийн газар хэрэглэж, 2031 он хүртлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулж байсан гэхээр..?
 
-2008 онд Сү.Батболдын Засгийн газар дээрх загварыг судалж, хэрэгжүүлж байсан. Мянганы хөгжлийн институтээс гаргасан “Т-21” загвар нь Мянганы хөгжлийн зорилт гэсэн нэртэй урт хугацааны бодлого болж 2031 он хүртэл боловсруулагдсан байдаг. Гэхдээ манай улс шууд гадны загварыг хуулбарлаагүй гэдгийг тодотгох хэрэгтэй.
 
Ёстой л авах, гээхийн ухаанаар хандана гэгчээр Монголынхоо хөрсөнд нутагшуулж, “М20” гэсэн загварыг гаргаж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрсөн дээрээ соёолуулсан загвар. Үүний дараа 2010 онд МАН “Ард түмнээ сонсъё” аяныг улс орон даяар өрнүүлж, иргэдийн санаа бодлыг тусгаж эхэлсэн.
 
Энэ нь тэрхүү загварыг илүү боловсронгуй болгохын тулд МАН-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг хэсэг нь. Амьдралаас тасарсан үлгэрийн мэт загвар биш харин иргэдэд ойр, хөрсөнд нахиалсан тийм л хөтөлбөр гаргаж ирэхийн тулд ажилласан юм.
 
Энэ аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн олон санал санаачилгыг хөтөлбөрт тусгасан. Тийм дээ ч “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хэмээн нэрлэж, загварыг улам боловсронгуй болгож сайжруулсан гэж ойлгож болно. Харин өдгөө өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдал дээр тулгуурлан цогц бодлогыг гаргаж ирэхээр ажиллаж байна.
 
 
-Монгол Улсын хөгжил сонгуулиас сонгуулийн хооронд өртөөчилсөн байдалтай явсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл 20, 30 жилийн дараах ирээдүйг загвараар тооцоолон гаргаж ирэх гэж байна. Хэтэрхий үлгэр мэт сонсогдохгүй юу?
 
-“Т-21” загварын урт хугацааны төлөвлөлт нь бараг 30 жил. Энэ загварыг алсын хараатай загвар гэж хэлж болно. Мэдээж, ирээдүйг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ загварын тусламжтайгаар алсын хараатай холч үндэсний нэгдмэл ойлголт, байр суурьтай болох юм.
 
Түүнээс гадна “Т-21” нь шаталсан загвараар явдаг тул эхлээд энэ ажлыг, дараа нь тэрийг гэх байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөд явах боломжтой. Товчхондоо, үр дүнгээ тооцоолох боломжтой бөгөөд алдаа гарвал засаж залруулаад явах юм. Мөн ил тод, иргэний нийгэм болон бүхий л салбарыг хамардаг.
 
Оролцогч талуудын харилцааг сайн зохицуулдаг. Хүний хөгжлийн индекс, хүйсийн тэгш хөгжлийн үйл ажиллагааг тодорхой болгож байгаа юм. Дэлхийн банкны бодлогуудыг хангадаг тул зээл тусламжийн асуудлыг давхар шийднэ.
 
Ер нь хамгийн боломжит загвар. Наанадаж, нэг салбарт хөрөнгө оруулалт оруулж ирлээ гэхэд эргээд бусад салбар руу яаж нөлөөлж байна гэдгийг судална. Тухайлбал, байгалийн баялагийг ашигласан бол нөхөн сэргээлтийг давхар тусгах юм.
 
 
-Урт хугацааны хөтөлбөр боловсрууллаа гээд нэмэр байна уу. Сонгуулиар эрх баригч хүчин солигдсоноор өмнөх хөтөлбөр хэрэггүй цаас болж хувирдаг шүү дээ. Жишээ нь, 2008 онд боловсруулсан хөгжлийн хөтөлбөр 2031 он хүртэл гэж байгаа ч шинэчлэлийн Засгийн газарт тэрхүү хөтөлбөрөөс үг, өгүүлбэр байхгүй. Тийм биш гэж үү?
 
-Манай улсад тийм нэг гажуудал бий. Засаг солигдсноор өмнөх Засгийнхаа үйл хэргийг үгүйсгэдэг. Тэр дагуу л энэ загвараар явж байсан нь байхгүй болсон. Хэрэв тэрхүү хөтөлбөрөө баримталж, уялдуулан ажилласан бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэх үү, үгүй ч юү. Бодох л асуудал. Юутай ч манай улсад холч, алсын хараатай бодлого зайлшгүй  чухал.
 
 
-Одоогоор ажлын хэсэг дээр хөтөлбөрийг хэдэн жилээр тооцоолж байгаа вэ?
 
-Эхний байдлаар найман жилээр гэж төлөвлөн ажлын хэсэг дээр хэлэлцэж байна. Гэхдээ энэ нь тогтсон тоо биш. Бид хэр боломжтой талаар судалж үзнэ. Мэдээж хэт холыг төлөвлөж, дунд болон богино хугацаандаа улам нарийсах байдлаар хийх юм.
 
 
-Хэтэрхий холыг харвал мөрөөдлийн хөтөлбөр болчих юм биш үү. Улмаар өнөөх л худал амлалт гэх шүүмжлэл чихний хажуугаар өнгөрөхгүй болов уу?
 
-Мөрөөдлийн мэт сонсогдохгүй ээ. Улс орны хэтийн зорилго, үндэсний нэгдмэл байр суурь байх шаардлагатай юм гэдгийг хүн бүр өнөөдөр ойлгодог болсон цаг. Монгол моодонд орохын хэрээр үндэсний хэмжээний нэгдмэл байр суурь үгүйлэгдэж байна. Тийм биш гэж үү.
 
 
-Мэдээж хөтөлбөрийг урт наслуулахын тулд эрх баригч намтай харилцан тохиролцож, ойлголцох шаардлагатай болно. Цаашлаад УИХ-аар хөтөлбөрийг батлуулахын тулд багагүй л бэрхшээл туулах болов уу?
 
-Хөтөлбөрийг боловсруулж дуусаад УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах болно. Мэдээж, хөтөлбөрийг боловсруулж байгаа МАН өнөөдөр сөрөг хүчин. АН эрх баригч нам. Бэрхшээл тулгарах л байх. Гэхдээ улсын хөгжил, нэгдмэл байр суурины тухай ярьж байхад Засгийн газар үгүй гээд дайраад байхгүй болов уу.
 
Хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэх явцад эрх баригч намын гишүүд ч үзэл бодлоо шингээж, байр сууриа илэрхийлнэ. Иймээс хөтөлбөр илүү боловсронгуй болж, гишүүдийн авах гээхийн ухаанаар шүүн тунгаагдах юм.
 
Хамгийн гол нь суурь бодлого нь чухал. Цогц бодлого болохоор юунд ч ашиглаж болно. “Т-21” бол яахын аргагүй суурь хөгжлийн хөтөлбөр мөн гэдгийг эрдэмтэд ч хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн загвар хуучирна гэсэн ойлголт ч байхгүй.
 
 
-Хэрэв хөтөлбөр батлагдвал Засаг солигдох бүрт шинэ “дүрэм” зохиохгүй гэж ойлгож болох уу?
 
-Нэгдсэн нэг хэтийн зорилготой тул дараа, дараагийн Засгийн газар үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана. Түүнээс биш баллуурдаад хаяхгүй. Үүний тулд засаглалыг зөвшилцлийн тал дээр боловсруулахаар төлөвлөж байна.
 
Үнэхээр сайн зүйл хийж, нөгөө намаас хэрэгтэй бодлогоо нэмж оруулаад зөвшилцөх байдлаар явах. Гол нь МАН сөрөг хүчин байгаа дээрээ энэ хөтөлбөрөө танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдэг зөвшилцлийн тал руугаа хэлбийж байгаагийн илрэл.
 
 
-Таны хувьд залуу хүн. Монгол Улсын хөгжлийг тодорхойлбол..?
 
-Залуу хүн болохоор улсынхаа хөгжлийг өөдрөгөөр л харж байна. Хөгжиж байна л гэж хэлнэ. Харин бодлогын асуудлаа илүү тодорхой болгочихвол залуучууд бидэнд илүү амар байх юм. Энгийнээр хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл ах, эгч нарын бодлогоор л явж байна шүү дээ. Тэр бодлогыг зарим хэсэг нь буруушааж байхад нөгөө нь зөвтгөн тайлбарладаг.
 
Түүнээс биш нэгдсэн нэг ойлголт гэж алга. Тиймээс нэгдмэл тэр бодлогоо бариад явчихвал зөв голдрилдоо орох юм гэсэн бодолтой явдаг. Тухайлбал, хүн бүр Үндсэн хуульдаа захирагддаг шиг нэг бодлоготой байя. Түүнийгээ бүгд даган мөрдөе. Ингэвэл таны ч, миний ч ирээдүй гэгээтэй, бас дэс дараалал, төлөвлөгөөтэй болно.
 
 
-МАН-аас хөгжлийн загварын уралдаан зарлалаа. Хэрэв та тэр уралдаанд оролцсон бол “Т-21” загвар дээр тулгуурлах байсан уу?
 
-Монгол Улс цаашдаа зөвхөн байгалийн баялагаа ашиглаад хөгжих үү. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй. Тухайлбал, Катарын жишээ байна. Тийм байдалд манай улс хүрэх вий гэсэн айдас байдаг юм. Катар шиг загвараар хөгжвөл баялагаа хуваагаад баян амьдарч болно.
 
Гэвч тэр оновчтой хувилбар биш гэдгийг харж байна. Түүний оронд зөвхөн эдийн засаг биш нийгэм, эрүүл мэндийн чиглэлийг илүү хөгжүүлье. Жишээ нь, гэрээсээ гараад явахад нийтийн тээвэр нь сайхан үйлчилгээтэй, хажуунаас нь машин ирээд дайрчихгүй амгалан тайван, шөнө оройн цагаар ажлаа тараад явахдаа хүн зодчих вий гэж сэтгэл зовнихгүй байгаасай. Ийм чиглэл рүү яваасай гэж боддог.
 
Эх сурвалж: