sonin.mn
Байтаг богдын мөргөлдөөн ширүүсч Х.Чойбалсан Москвад очсон нь
 
Дэлхийн II дайны үед манай улсын дотоод амьдрал хүндэрч мөн тус улсын хил хязгаарын амгалан тайван байдалд аюул нүүрлэсээр байв. Энэ байдал 1940 оноос эхлэн хурцадсаар 1943 онд Шиньжианаас зугатсан Оспаныхны бүлэг болон тэднийг нэхсэн гоминданы хятадын цэргүүд манай улсын хилийн цэрэгтэй тулгаран Байтаг богдын ойролцоох Бага Хавтаг уулын орчим, Алтайн нурууны Шар говийн Бага даваа зэрэг газар хэд хэдэн удаа тулалдахад хүрч байжээ.
 
Энэхүү хэрэг явдлын талаар Х.Чойбалсан ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.Молотовт удаа дараа мэдэгдэж эцэстээ Хятадын Засгийн газарт ноот явуулахаар шийдвэрлэсэн байна 1943 оны арванхоёрдугаар сарьш 27-ны ХБНХУ-аас БНМАУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин И.Иванов, Х.Чойбалсантай уулзаж "Нөхөр Молотов таны ноотыг Хятадад тавих хэрэггүй юм биш үү.
 
Харин таныг манай элчингийн хамт Москвад яаралтай ирж энэ болон бусад асуудлыг ярилцвал сайн сан" гэснийг дамжуулсан байна. Х.Чойбалсан мөн өдрийн орой эдгээр асуудлыг Засгийн газрын бусад гишүүдэд танилцуулаад Москва руу яаралтай явахаар болжээ.
 
Х.Чойбалсан 1944 оны нэгдүгээр сарын долоонд Улаанбаатараас автомашинаар гарч мөн сарын 14-нд Москвагийн галт тэрэгний буудалд буужээ. ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын орлогч В.Деканозов нарын зэрэг албаны хүмүүс түүнийг угтан авсан байна.
 
Мөн сарын 21-нд В.Молотов Х.Чойбалсантай уулзаж хэлэхдээ: "Шиньжианы тухай эсэргүүцлийн ноот явуулах хэрэггүй биз. Харин Шиньжиан танайд эсэргүүцэл бичвэл сайнсан. Өөрөөр хэлбэл, Шиньжианы зүгээс довтоход нь хүчтэй сайн цохилт өгвөл Хятадын тал аяндаа танайд эсэргүүцэл илэрхийлэх болно.
 
Та нар тийм байдал бий болгож чадах уу?" гэсэнд Х.Чойбалсан: "Хэрэв та нар зөвшөөрвөл, танай тусламжтайгаар цохиж чадна" гэсэн байна. Хятадын Шиньжиан мужийн тухай Зөвлөлт Шиньжианы харилцааны тухай, Шиньжиан дахь нэгэн казах овгийн толгойлогч Дуван гэгчийн тухай Х.Чойбалсанд нэлээд тодорхой ярьж танилцуулаад В.Молотов хэлэхдээ: "Энэ хүн арван жилийн өмнө Зөвлөлтөөс тусламж гуйж, большевик намд оръё гэсэн боловч бид нааштай хариу өгөөгүй. Харин сүүлийн үед Зөвлөлтийн эсрэг янз бүрийн ажиллагаа явуулах боллоо. Ер нь Шиньжианы талаар сайн мэдлэгтэй байх нь чухал." гэж сануулжээ.
 
 
В.И.Сталин:Та нар Хятадаас айдаг юм уу?
 
Дараа өдөр нь Кремльд И.Сталины албан тасалгаанд Х.Чойбалсан, Иванов хоёр И.Сталин, В.Молотов нартай уулзаж ярилцжээ. Х,Чойбалсан Монголын баруун хязгаарт болж буй хэрэг явдлын талаар танилцуулсанд И.Сталин Монголын цэргийн тоо, зохион байгуулалтыг сонирхоод: “Та нар Хятадаас айдаг юм уу? Яагаад олигтой цохилт өгөхгүй байна? Танай хязгаарын цэрэг юу хийж байдаг юм бэ? Хятадууд дахин довтолбол яах вэ?" гэсэн асуулт тавихад,
 
Иванов дундуур нь орж: "Эд нар биеэ бариад байгаа юм." гэжээ. Х.Чойбалсан: "Бид Хятадаас айгаад биеэ бариад байгаа зүйлгүй. Хятадууд дахин довтолбол зохих хариу цохилт өгч лав чадна. Онцлог байдал гэвэл манай хязгаарын  цэрэг жинхэнэ торгон хил дээрээ биш, зарим газраар хилээс 15-60 километр дотуур байсан явдал эндэгдэлд хүрсэн тал бий" гэжээ.
 
Ам хагарч яриа жигдрэхэд Х.Чойбалсан Оснаны тухай өөрийн санал бодлыг нэлээд чөлөөтэй ярьсан байна. Ярианы утга нь "Оспанд юуны өмнө хэрэгцээтэй буу зэвсгээр туслах хэрэгтэй. Тэр бол Алтайн казахын гол удирдагчийн нэг. 1939 оноос эхлэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцдийг явуулж хятадуудтай удтал үргэлжлэн байлдаж байгаа бөгөөд энэ завсар тэдний удирдагчаас баригдах нь баригдаж, алагдах нь алагдаад ганц Оспан үлджээ.
 
Тэр 300 гаруй өрхийн мянга гаруй хүнийг дагуулж яваа. Саяхан бас зуугаад өрх түүнд нэмж нийлсэн. Цаашаа түүнийг дагах казах овгуудаас гадна ястан үндэстэн ч олон бий. Тэд бусдыг алж талж, дээрэмдэж муухай ажил хийдэг боловч Оспан өөрөө түүнд оролцдоггүй гэж ярилцдаг юм. Үнэн худлыг мэдэхгүй. Юу ч гэсэн Оспанд буу зэвсгээр тусалж түүгээр Алтайг Хятадаас цэвэрлүүлбэл тэндэхийн казах болон бусад үндэстэн ястан эрх чөлөөгөө олж болох юм.
 
Тэнд байгаа монголчууд ч бас эрх чөлөөтэй болно гэж бодож байна" гээд газрын зураг дээр Монголын баруун хязгаарын хил, манай отряд, заставын байрлал, Оспаны байгаа газар зэргийг зааж тайлбарлажээ.
 
 
Оспанд 400 винтов, гранат 2000-ыг өгөхөөр тохирчээ
 
Х.Чойбалсангийн бодол санааг сонсоод И.Сталин: "Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?" гэхэд Х.Чойбалсан: "Нэгд, эндээс зөвшөөрөл хүлээгээд удлаа. Хоёрт, арай гэж хариу ирсэн боловч буу зэвсэг одоо болтол очоогүй байна" гэж учирлажээ.
 
И.Сталин: "Тэр Оспан чинь хичнээн хүн гаргаж чадах вэ? Хэдийн хэр буу зэвсэг хэрэгтэй юм бэ?" гэхэд И.Иванов хажуугаас: "400 хүн гаргаж чадна. Буу зэвсэг хичнээн олон бол төдий чинээ сайн. Буу зэвсэгтэй бол тэд бас олон хүн алж чадна." гэжээ.
 
И.Сталин тэр дороо Армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь дүүргийн командлагч М.Ковалев хоёрыг дуудан ирүүлж учрыг тайлбарлаад Оспанд винтов 400, пепши 200, суурьтай пулемёт зургаа, гар пулемёт 30, гар гранат 2000, винтовын сум 400 мянга, дуран тавыг Х.Чойбалсангийн мэдэлд шилжүүлэхийг даалгажээ.
 
Эдгээр зэвсгийг Оспанд гардуулахыг мэдэгдээд: "Буу зэвсгийн хамт зэвсэг эзэмшиж сургах хүнийг Оспанд бас өгөх хэрэгтэй. Энэ талаар Х.Чойбалсанд сайн туслах хэрэгтэй." Гэсэнд М.Ковалев: "Зэвсэгт сургах хүнийг Ховдын Монгол цэргийн хорооноос өгнө." гэжээ.
 
Ингээд Оспантай биеэр очиж уулзах тухай асуудлыг Х.Чойбалсан сэдэж тавьсанд, И.Сталин: "Зүйтэй,Яах аргагүй зөв. Аль болох тийш нь ажил явуул. Хожимдож мэднэ" гэжээ. Ийнхүү дөрвөн хүний дунд улс төрийн асуудалтай яриа анх хөндөгджээ.
 
 
Зэвсэгээ  108 тэмээнд дааж ядтал ачаалжээ
 
1944 оны хоёрдугаар сарын дундуур Х.Чойбалсан дагалдах хүмүүсийн хамтаар Ховд аймгийн Булган суманд хүрэлцэн очжээ. Тэндээс Оспантай холбоо барьж улсын торгон хил дээр Х.Чойбалсан, И.Иванов нар Оспантай ганцаарчилсан ба төлөөлөгчдийн хамтаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байна.
 
Оспан Алтайн казахуудыг хятадын дарлалаас чөлөөлж эрх чөлөө олгохын төлөө тангараг тавин тэмцэж буй ба Монгол Улсын зүгээс тусламж дэмжлэг олгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. Оспан Монгол Улсыг өөрийн түшиг тулгуур, туслан дэмжигч хэмээн талархаж танай зэвсгийн тусламжтайгаар хятадын эсрэг тэмцлээ эрчимжүүлж тавьсан зорилгоо биелүүлнэ гэж амлажээ.
 
Оспаны төлөөлөгчид Булган суманд очиж тэнд аваачсан байлдааны зэвсэг хэрэглэлийг 108 тэмээнд дааж ядтал ачаалаад нэн баяртайгаар явцгаажээ. Түүний дараа Оспан, Х.Чойбалсан нар тус тусын байгаа газартаа бие биеийг урьж өөрсдийн үндэсний зан заншлаараа их дайллага хийж харилцан бэлэг солилцон сайны ерөөл тавьцгаан салжээ.
 
 
Х.Чойбалсан, И.Иванов нарын төлөвлөгөө нуран унасан нь
 
Х.Чойбалсан энэ хэрэг явдлын талаар И.Сталин болон зөвлөлтийн холбогдох албаны хүмүүстэй байнгын холбоо барьж байжээ. Х.Чойбалсангаас 1944 оны гуравдугаар сарын зургаанд И.Сталинд радиогоор шифрлэж явуулсан цахилгаан: "Москва нөхөр И.Сталинд. Энд ирээд Оспаныхны байдлыг нэлээд гүнзгийгээр мэдээд , дараа нь эд нартай нэлээд лав харилцаа байгуулж уул авчирсан бэлэгээ... шилжүүлж өглөө.
 
Оспаныхнаас туйлын их баяртайгаар хүлээн авч их баяр хийцгээж байна Жишээ нь Оспан болон Оспаныхан Алтайг лав чөлөөлөн авч чадиа гэж итгэж байна. Энэ тухай эх орноо магтсан, санасан дуунуудыг шинээр зохиож гаргацгааж байна. Оспаныг магтсан дуунуудыг ч шинээр зохион дуулцгааж байна.
 
Бас казахын хуучин түүхт баатаруудыг дурсан магтсан дуунуудыг дуулцгааж байна. Орос, Монгол хоёртой халуун найртай байхыг ихэд ярьцгааж байна. Энэ тухай хөдөлгөөн туйлын их байна. Оспаны байдал дуу цөөтэй, зүгээр сайн хүн мэт. Аливаа юманд их болгоомжилдог мэт.
 
Ер нь эдний хасагууд санаа муутай байдаг байна. Жишээ нь юманд итгэх нь муу мэт. Бид эндээ хэд хоног байж Оспаны цааших ажлыг харна Манай хилийн цаад талын хятад цэргийн байдлыг дараа дахин мэдэгдэе. Чойбалсан Алтайн Булган сумын нутгаас" гэжээ. Гэвч Оспантай түншлэх гэсэн эрмэлзлэл бүтээгүй юм.
 
Хэрэв Оспан Алтайн казахуудыг Хятадын дарлалаас гаргаж тэдэнд эрх чөлөө олгож чадсан бол Шиньжиан ба баруун хойт хятад дахь монголчуудын дунд манай улсын нөлөөг хүчтэй болгож магадгүй хэмээнХ.Чойбалсан тооцоолжээ.
 
Гэтэл Оспан Х.Чойбалсангийн санаачлагаар ЗХУ-аас авч өгсөн их хэмжээний зэр зэвсгийн ид шидийг үзэж Хятадтай амжилттай байлдаж чадсангүй. Тэрбээр нэгэн зорилго бүхий бусад овгийн удирдагчидтайгаа эв түнжин хагарч сүүлдээ наашаа ч нүүргүй, цаанаа ч дэмжлэггүй болж хилийн зурвасыг зөрчин энгийн хүн ардыг айлгасан бүлэг этгээд болон хувирчээ.
 
 
Ш.Батцогт
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”