sonin.mn
Ерөнхий сайд 30 минут бүрийнхээ уулзалтаар Монгол Улсад авлига буурч байгаа, эдийн засаг сэргэж байгаа хэмээн мэдэгдэх болсон. Бодит амьдрал дээр ам.доллар 1750 төгрөгт хүрч сүүлийн таван жилийн хамгийн дээд ханшийг тогтоогоод буйг дуулаагүй бололтойдог.
 
Гэтэл өдгөө импортод амьдралаа даатгасан монголчуудын хувьд усан нүдтэй өдрүүдийг туулах цаг ийн ирээд байна. Хамаг л хэрэгцээгээ гадаадаас импортолдог болохоор бидний хувьд юань 300, “ногоон” 1800 төгрөгт дөхчихөөр яах аргагүй эмгэнэл болж хувираад байна.
 
Өнгөрөгч долдугаар сараас эхлэн огцом өссөн долларын ханш өнөөдөр 1750-д, юанийн ханш 280-д хүрээд буй. Төв банкнаас долларын огцом өсөлтийн эсрэг арга хэмжээ авна гэж байсан ч өнөөдрийг хүртэл мэдрэгдсэн зүйл огт алга.
 
Гэтэл долларын огцом өсөлт амьжиргааны дунд түвшнээс доод орлоготой иргэдэд хүндээр тусч, өрхийн орлогоороо өл залгуулдаг иргэдэд өдгөө өлөн хонох өдрүүдтэй нүүр тулах шинжтэй. Үүнийг эсэргүүцсэн салаавчтай нөхөд хүртэл төв талбайд саарал ордны зүг эсэргүүцэл илэрхийлж харагдсан.
 
Энэ бол  иргэдийн сэтгэл зүй үнийн өсөлт, хөөсрөлтөд эцэж туйлдаад сүүлдээ бүр бүдүүлэг, соёлтой нь хамаагүй ямар ч аргаар төртэйгөө тэрсэлдэж буй эцсийн зогсоол. Угтаа бол хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тусам эдийн засгийн өсөц хурдсаж, ажлын байр худалдааны эргэлт нэмэгдэж, дээшилнэ гэж үздэг.
 
Харин 2011, 2012 онуудад сард дунджаар 382 сая ам.долларын орлого орж ирдэг байсан бол 2013 он гарсаар энэ хэмжээ 237 сая ам.доллар болж 40 хувиар буурсан гэсэн тооцоо байна.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувийг уул уурхайн салбар эзэлдэг манай улсын хувьд өнгөрсөн сарын 5-ны байдлаар нүүрс 53 орчим, зэс 41 гаруй хувиар, Оюутолгойгоос бусад гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 46 хувиар буурсан нь дайран давс нэмнэ гэгч болсон.
 
Харин нүүрсний экспортоос орж ирэх орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 546 сая ам.доллараар буурчээ. Мөн 2012 онд нийт экспортын 48 хувийг нүүрс эзэлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 27 хувийг эзэлдэг болж буй нь аюулын харанга дэгдээж, ард түмнийг сандаргаж байна.
 
Ам.долларын ханшийн огцом өсөлтөд дэлхийн эдийн засгийн голлох түүхий эд болох нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний унаж байгаа ханш нөлөөлж буйг дээр дурдсан.
 
Манай улсын эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар өнөөдөр хүндхэн байдалд орсныг Оюутолгойн далд уурхай,Тавантолгой зэргийн үйл ажиллагаанаас бэлхэн харж болно.
 
Мөн ипотекийн зээлээс шалтгаалсан эрэлт ихэссэн,төв банкнаас засгийн газарт 720 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь үр ашиггүй сул төгрөгийг бий болгосон гээд эдийн засгийн хямралд олон хүчин зүйлс нөлөөлж буй.
 
1996 оноос хойш ам.долларын ханш нийтдээ 21 удаа 12 сарын дотор 25 хувь буюу түүнээс дээш хувиар чангарсан. Өмнөх оны есдүгээр сарын 1-нд 1381 төгрөг байсан доллар өнөөдөр 1710-д хүрчээ.
 
Манай улс шиг түүхий эд нь импортоос ихээхэн хамааралтай салбарууд, доллараар зээл авч үйл ажилагаагаа санхүүжүүлдэг компаниуд төгрөгийн ханшийн сулралаас хохирч эхлээд байна.
 
Мөн өргөн хэрэглээнийхээ 70-80 хувийг урд хөршийн импортын бараа бүтээгдэхүүнээс бэлддэг манай улсын хувьд юанийн үнэ 280 төгрөгт хүрсэн нь шар нар бор хоногийг дөнгөн данган өнгөрөөдөг бага, дунд орлоготой айл өрхүүдэд нуруу тэнийх завдал огт гарахааргүй нөхцөлийг бүрдүүлчихлээ.
 
Импортлогчид одоо уйлж байгаа биз. Гадаадаас авах бараа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдэж, ашиг нь багасах вий гэхээс үхтлээ айж байгаа. Тийм болохоор алдсан боломжоо иргэдийн нуруун дээр үүрүүлж, үнэ өсгөх замаар хоосролыг даван туулах бодлого боловсруулаад сууж байгаа.
 
Ингээд л энгийн иргэн байсныхаа төлөө, импортлогчдын бизнесийг дэмжсэнийхээ төлөө, төрд төлөөллөө сонгосныхоо төлөө ард иргэд буруутаж, ял үүрэхэд хүрээд байна.
 
Дотоодоосоо эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үйлдвэрлэл үйлчилгээг эхлэх хууль, нөхцөл бололцоог гаргаж өгөх улс төрийн хүсэл сонирхлоо умартаж, эх орныхоо баян булгийг харийнханд зүгээр шахам өгчихсөн УИХ, хууль тогтоогчдын дунд авлига хэрхэн үржил шимтэй хөрс болтлоо хөгжсөний илрэл ингэж гарч байна.
 
Гэтэл өдгөө манай улсын эдийн засаг ийнхүү хямралд орж эхлээд байхад төв банк, ЭСЯ, ЗГ ганц ч удаа чанга дуугарч, арга хэмжээ авсангүй. Тэр ч бүү хэл, “доллар огцом өсч байгаа энэ үед харин ч иргэдийн худалдан авалт хоёр дахин нэмэгдсэн” хэмээн Монгол улсын ерөнхий сайд хээв нэг хэлж, хариуцлагагүй мэдэгдэл гаргаж байсныг иргэдийн бодит амьдрал харуулж буй нь нүднээ илт.
 
Тодруулбал, есдүгээр сарын 4-ний байдлаар махны үнийг өмнөх сартай харьцуулахад хонины ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн ястай махны үнэ 3.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.5 хувь, ямааны махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 7.0 хувиар өссөн.
 
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 5.1 хувь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар өссөн бол сүү сүүн бүтээгдэхүүний хувьд 0.5 литрийн савлагаатай сүүний үнэ 6.7 хувь, савлагаатай сүүний үнэ 6.1 хувь, задгай сүүний үнэ 3.0 хувиар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийн үнэ өссөн нь элдэв татвар татаасанд шимүүлж, арай хийж авсан хэдэн төгрөг нь хаанаа ч хүрдэггүй иргэдийн хувьд бүсээ чангалаад дийлэхгүй хүнд нөхцөлийг үүсгэж байна.
 
Үүгээр ч дуусаагүй. Банкинд их бага хэмжээгээр зээлтэй, их сургуульд сурдаг оюутантай, ЕБС-д сурдаг хүүхэдтэй айл өрхийн хувьд зээлийн хүү, оюутны төлбөр, дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл бас болоогүй байр, цахилгаан, усны төлбөр гээд л талийж өгдөг манай нийгэмд суудлын бөглөөс болсон хариуцлагагүй хэдэн эрх мэдэлтнүүдийн ханцуйндаа наймаалцсан үйлдлээс болж эгэл ардын эрх зөрчигдөж байна.
 
Энэ талаар учир мэдэх нэгний өгүүлж буйгаар Монгол банкны валютын нөөц багассан ч ямар нэг арга хэмжээ авч чадахгүй байсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “ноён ногоон”-ы савлагаанд өртөж цаашид ч өсөх хандлагатайг хэлж буй.
 
Гэтэл өнөөдөр эдийн засгийн яам ч тэр, ер нь хэн ч энэ тал дээр дорвитой анхаарал хандуулсан зүйл алга. Хандуулж байгаа ч үгүй. Өнөөх жагсаалын тэргүүнд туг барин зохицуулалт хийх үүрэгтэй ЭЗЯ-хан өдгөө таг дүлий мэт чимээгүй болов. Энэ цагт л эрх мэдлийнх нь хүч гарах үед ам нээх хүн нэгээхэн ч үгүй байх юм.
 
Төрийн толгойд суулгасан түмнээ бодож ажилламаар санагдах юм. Элдэв төсөл санаачлага сэдэж, нялцгай гурил шиг хууль журам батлаж, хүний өөрийн хамаагүй товчлуур дарж суухын оронд амьдрах гэж тэмцэж буй ард иргэд рүүгээ эргээд нэг хараач Засгийн газрынхан.
 
Аливаа өвчнийг эрт оношилбол эдгэрэх магадлал өндөр гэдэг. Нийгэм, эдийн засагт тулгараад буй энэ мэт асуудлыг эртхэн зохицуулбал зүгээрсэн. Эрх ямбатнууд эрээ цээргүй авир, эрээний юанийн ханшаас болж иргэд тамирдаж, туйлдаж гүйцлээ.
 
Болсон болоогүй жил бүр хэдэн арван зам засч, гүүр барихад татварын мөнгийг танилынхаа компанид цацахын оронд шаардлагатай салбартаа хөрөнгө оруулбал иргэд бага ч атугай баярлах биз.
 
Мөн анхнаасаа дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг хэдэн арван жилээр гацааж, дотоодоосоо төмөр замаа шийдэх нөхцөлийг хэдэн парламентын турш улирааж, өөрсдөө гутлаа хүртэл үйлдвэрлээд болоод байсан улсыг тэр чигээр нь импортлогч орон болоход түлхсэн үе үеийн парламентчдын хэрсэн мунхаг шийдвэрүүд ийнхүү иргэдийн нуруун дээр томоос том ачаа болчихлоо, дарга нар аа.
 
Машин, байшин, мөнгөтэй айлуудад энэ асуудал нөлөөлөхгүй байж мэдэх ч, модоо барих айлууд илүү олон буйг санаж, санаачлагатай сайшаагдмаар ажил хийх хэрэгтэй байна.
 
Дотоодоосоо хамааралтай, гадаадаас нөлөөлөлгүй эдийн засгийг бий болгох эх оронч сэдлийг ганц удаа ч болов гаргаад ирвэл хэн хүнгүй ахуй амьдрал маань дээшлэх юм биш үү өндөр сэнтийд залрагсад аа. Ямар цагийн хэн гэдэг баатар эдийн засгийн хямралын өмнө зогсохыг харж л байя. Хүлээх үү, эсвэл тэмцэх үү. Ийм л сонголт иргэдэд үлдлээ.
 
Эрдэнэчимэг
 
Эх сурвалж: