sonin.mn
Ээлжит бус чуулган товлогдож, гишүүд өнөөдрөөс ажилдаа орлоо. Сөрөг хүчнийхний шахалт шаардлагаар хуралдуулахаар болсон уг чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон Алтны худалдаанд ил тод байдлыг  бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах юм.
 
Мөн урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай ч хэлэлцэхээр төлөвлөсөн. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эвгүйтэж, “ногоон чөтгөр” галзуурч хямрал хаалга тогших болсон тул гарах гарцыг хамтдаа хайхаар гишүүд дугуй танхимд цугларахаар болсон нь энэ юм.
 
Уул уурхайгаас хэт хамааралтай улсын төсвийг тодотгох уу, аль эсвэл улс төрийн нөхцөл байдлаас шууд хамааралтай эдийн засгийн уналт гэж дүгнэх үү. Энэ бүхэнд ээлжит бус чуулган хариу өгөх учиртай.
 
Зүй нь Засгийн газрын тэргүүний хэлснээр Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн, ямар нэгэн хямрал болоогүй. Гагцхүү улстөрчдийн сүржин мэдэгдлээс болж хямрал даллаж буй гэх.
 
Харин сөрөг хүчнийхэн болон эдийн засагчид гүйцэтгэх засаглалын тэргүүний энэхүү “мэдэгдэл”- ийг эрс няцааж, Засгийн газрын алдаатай бодлого шийдвэрээс болж нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж дүгнэдэг.
 
Энэ бүхний дундаас үгүйсгэх аргагүй үнэн нь гадна, дотнын хөрөнгө оруулалт эрс багассан явдал. Тодруулбал, Монголбанкны мэдээллээр энэ оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг гаргахад 2013 оны эхний хоёр улиралд нэг тэрбум 463,8 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орсон байдаг.
 
Энэ нь өнгөрсөн оны хагас жилийнхээс даруй нэг тэрбум 40 сая ам.доллараар бага буюу 41.2 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тодотгосон байв.
 
Өнгөрсөн оны эхний хагас жилд хоёр тэрбум 497.7 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол 2011 оны эхний хагас жилд хоёр тэрбум 444 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд орж ирж байжээ.
 
2013 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн бага хөрөнгө оруулалт дөрөв, зургадугаар сард орсон аж. Тухайлбал, дөрөвдүгээр сард 135 сая, зургадугаар сард 192 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна.
 
Мөн Төвбанкнаас долдугаар сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан Гүйцэтгэлийн мэдээг гаргахад долдугаар сард 172 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон аж. Өнгөрсөн оны долдугаар сард 496 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад энэ оны долдугаар сарын үзүүлэлт 66 хувиар буурчээ.
 
Нийт хөрөнгө оруулалтын 65 хувийг Оюутолгой дангаараа бүрдүүлдэг. Гэтэл Оюутолгойн хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал Монголд оруулсан хөрөнгийн хэмжээ нь 81 хувиар буурсан гэх мэдээлэл бий. Энэ нь мэдээж, Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хоорондох үл ойлголцлоос үүдэлтэй.
 
 Тиймдээ ч ээлжит бус чуулганы эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын болон түүний сангийн тухай хуулийн төслийг боловсронгуй болгоход чиглэж буй юм. Хуулийн төсөлд хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулж, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгажээ.
 
Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулахаар болсон аж.
Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн гэх шалгуураар эрэмбэлж 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах гэнэ.
 
Харин Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд иргэд зөвхөн арилжааны банкинд хадгаламж байршуулахаас гадна төрөөс нарийвчлан зохицуулсан хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулж хувьцаа, Засгийн газрын бонд зэрэг өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мэргэжлийн компанийн удирдлагаар хөрөнгө оруулах боломж бүрдэхээр тусгажээ.
 
Хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгосноор гаднынхан манайхыг чиглэнэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамныхан үзэж буй нь энэ. Гэхдээ хууль батлагдсан даруйд хөрөнгө оруулагчид Монголыг зорино гэвэл хэт өрөөсгөл биз. Тиймээс ойрын хугацаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах арга зам эрэлхийлэх нь чухал болов уу.
 
Түүнчлэн хүнд хэцүү энэ үед төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэх сүржин мэдээллүүд хөвөрч эхэллээ. Манай улсын 2013 оны төсвийн алдагдлыг хамгийн дээд тал нь 360.9 тэрбум төгрөг  байхаар өнгөрсөн онд төсвийн төсөл боловсруулагчид таамагласан байдаг.
 
Харамсалтай нь өнөөдөр манай улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай явж буйг холбогдох байгууллагууд тооцоолж, эдийн засаг эвгүйтснийг анхааруулдаг. Мөн энэ оны эцэст экспорт 78 хувиар огцом нэмэгдэж, мөн уул уурхайн олборлолт 60 хувиар өснө гэж таамаглаж байсан ч өсөх биш 36 хувиар буурсан гэнэ.
 
Тиймээс төсөвт яаралтай тодотгол хийхгүй бол компаниуд хаалгаа хааж, татварын орлогыг тэглэхэд хүрч мэдэх эрсдэлтэй. Одоогийн байдлаар зарим төсвийн байгууллагууд цалингаа өгч чадахгүй, банкнаас зээл авч буй гэх мэдээлэл бий. Тиймээс нөхцөл байдал улам даамжирвал төсвийн албан хаагчид ядуусын эгнээг тэлж, гудамжныхан өргөжин тэлэхийг үгүйсгэх аргагүй юм.
 
 Төсвийн байнгын хорооны дарга  Ц.Даваасүрэн “Миний хувьд төсвийн тодотгол  хийх үндэслэл, хууль зүйн гаргалгаа олж харахгүй байна. Энэ жилээс эхэлж үйлчилж буй төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар ямар үед төсөв тодотгохыг хуульчилсан.
 
Тухайлбал, төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас дээш болсон тохиолдолд төсөв тодотгоно гэсэн заалттай. Гэтэл эхний долоон сарын гүйцэтгэлийг харахад 840-өөд тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж бодож байтал гүйцэтгэлээр 145 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
 
Алдагдал нь сайжирсан байхад төсөв тодотгоно гэж ярьж болохгүй” хэмээжээ. Гэтэл ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмэгдүүлэх шаардлага ар, араасаа хөвөрч эхэллээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Төсвийн орлого бүрдүүлэх асуудал дээр Засгийн газар ажиллах ёстой.
 
Хэрэв Засгийн газар цалин  тэтгэврийн хэмжээг нэмэхгүйгэвэл МҮЭХ  яагаад үнийн түвшинг бариагүй юм бэ гэж асууна. Цалин тэтгэврийн хэмжээ жил гаруйн хугацаанд нэмэгдээгүй байхад яагаад үнийн зохицуулалт хийгээгүй юм. Хэлэлцээр дээр хэрэв үнэ нэмэгдсэн бол цалин хөлсний хэмжээг нэмнэ гээд заачихсан байгаа.
 
Ерөнхий сайд эдийн засгийн байдал хүндрээгүй байна гэж сарын өмнө хэлсэн. Одоо үүнийгээ л батлах хэрэгтэй” хэмээн өнгөрсөн долоон хоногт мэдэгдсэн. ҮЭ-ээс УИХ болон Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэхээр болоод буй.
 
Үнэндээ ч Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар бараа бүтээгдэх үүний үнэ өдөр ирэх тусам  өссөн болохыг тогтоожээ. Жишээ нь, килограмм цагаан будааны долдугаар сарын үнийг наймдугаар сарынхтай харьцуулахад кг тутамдаа 163 төгрөгөөр нэмэгдсэн байна.
 
Мөн “Алтан тариа”-ны I гурилын үнэ кг тутамдаа есөн төгрөгийн өсөлттэй гарчээ. Түүнчлэн талх гэхэд дөрвөн төгрөгөөр нэмэгдсэн бол мах 71-660 төгрөгөөр ганцхан сарын дотор өссөн байна. Энэ мэтчилэн нийгэм, эдийн засгийн байдал иргэдийн хувьд хүндхэн байхад бол эрх баригчдад төдийлөн мэдрэгдэхгүй байгаа нь сонирхол татаж байна.
 
 
Л.Нинжсэмжид 
 
Эх сурвалж: