sonin.mn
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд захирамж гарган ээлжит бус чуулган хуралдахаар болсон. Энэ дагуу чуулган нээлтээ хийлээ.
 
Харин чуулган болж байгаа энэ үед ордны гадаа “Гал үндэстэн” холбооныхон урт нэртэй хуулийн төслийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байсан бол УИХ-ын дарга дугуй танхимд сөрөг хүчнийхнийг хатуухан шүүмжилж, өнгөрсөн алдааг нь ард түмэнд тоочив.
 
Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “2012 оны гуравдугаар  улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар энэ оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна.
 
Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.
 
Ялангуяа өмнөх УИХ тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна. Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”,
 
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”,
 
”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм. Эдгээр хуулиудад Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах,
 
Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх,
 
Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг тусгасан байна.
 
Мөн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиар зохицуулагдаж байсан хөрөнгө оруулалтын сангийн харилцааг тусгай хуулиар зохицуулахаар хууль өргөн барьсан нь санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бий болж, жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц банкны зээл бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгож үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэв.
 
Харин чуулганы үйл ажиллагаатай зэрэгцэн урт нэртэй хуулийг дагаж мөрдөх зарим журмыг өөрчлөх хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал дайны өдөөлттэй байсан бололтой. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүс Төрийн ордны хойд цэцэрлэгт буутай нэвтэрч, ордон руу бууджээ.
 
Мөн гар бөмбөг шидсэн гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Цагдаагийнхан жагсагчдаас “АКА”, “Макаров” гар буу, тэсрэх бөмбөг илрүүлсэн байна. Мөн энэ үеэр нэг хүн хүнд шархадсан тул жагсаалыг зохион байгуулсан хүмүүсийг цагдаагийнхан баривчлан  саатуулсан талаар ч яригдаж байна.
 
Ийнхүү дуншиж дуншиж эхэлсэн чуулган эсэргүүцлийн жагсаалтай, төрийн тусгай хамгаалалттай газар хүйтэн зэвсэг хэрэглэсэн дуулиан шуугиан, үймээн самуунтай боллоо.
 
Энэ удаагийн хуралдаанаар эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагатайг тодотгосон юм.
 
Г.Хишигсүрэн
 
Эх сурвалж: