sonin.mn
Өнхөрдөг аль эсвэл тэсэрдэг аль нь болох нь мэдэгдэхгүй бөмбөгний талаарх яриа өчигдөр цахим хуудсаар хурдацтай тархаж, нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөллөө. Иргэд ч аль мэдээлэл нь үнэн зөв эсэхийг шүүн тунгаалгүй мэдээ, мэдээллээр "бөмбөгдүүлэв".
 
Үүнийг гэгээлэг талаас нь харах аваас бид өдөр тутам буун дуу хадаж, бөмбөг дэлбэрч байдаг гаднын орнуудын хажууд амар амгалан амьдарч байсан нь нотлогдлоо. Харин үнэхээр тэсрэх бөмбөг Улаанбаатар хотын хэд, хэдэн бүсэд байсан аваас бид ямар ч бэлтгэлгүй, тэр дороо үймээн самуунд автаж, долоон сарын нэгний хар өдрийг давтах хэмжээнд хүрч болзошгүй байв.
 
Азаар өчигдрийн байдлаар хаанаа ч, ямар ч бөмбөг тэсэрч, дэлбэрсэнгүй. Харин бөмбөгний шуугианаар бөмбөг дэлбэлэх хэмжээний сэтгэлзүйд нөлөөлсөн асуудал нам дарагдчихав. Өөрөөр хэлбэл гал нээж, тэсрэх бөмбөг тавих алхмыг сонгохоос өөр сонголтгүй болтлоо цөхөрсөн иргэдийн асуудал хаягдав.
 
Тиймээс өчигдөр болсон үймээний талаар сонсоогүй, мэдээгүй хүн байхгүй болов уу хэмээн тэсрэх бодисыг буюу бөмбөг дэлбэлж болох шалтгааныг сөхье. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал хэний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэснийг тайлъя.
 
Албан болон албан бус эх сурвалжууд Засгийн газрын ордны цэцэрлэгээс, "Централ Таур" болон "Байгаль орчин, ногоон хөгжлийн яам" (БОНХЯ)-ны гадна цэцэрлэгээс нийтдээ хоёр буу болон 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранатыг илрүүлж, хураан авсан талаар мэдэгдээд байна.
 
Түүнчлэн дээр үүссэн нөхцөл байдлыг УИХ-ын ээлжит бус чуулгантай холбон тайлбарлаж байна. Чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг батлах хийгээд хэн нэгэнд зориулж "хянан, тохиолдуулах" ажлыг хэлэлцэх байв.
 
Тэдгээрээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн журамд зарим өөрчлөлт оруулах тухай (Урт нэртэй хууль) хуулийн төсөл хэлэлцэх асуудал олон хүний анхаарлын төвд ороод байв.
 
Улмаар "Гал үндэстэн" тэргүүтэй холбоод дээрх хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ үеэр жагсагчдын зүгээс буун дуу гаргасан нь санаатай хийгээд санамсар болгоомжгүй нь тогтоогдоогүй байна.
 
Гэсэн ч төрийн ордны гадна буу шагайсан нь эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдэх үндэслэл мөн. Гэхдээ яагаад, юуны учир сумтай буутай, гранаттай жагссан нь гол сэдэв. Үүнийг иргэд олон өнцгөөс харж байгаа ч дийлэнх нь буруушааж байна.
 
Хэдийгээр тэд малаа бэлчээх талбайгүй, өөрсдийн гэсэн газар нутаггүй байлаа ч ийм зүйл хийж болохгүй гэцгээж байна. Хуулийнхан ч энэ дагуу хурдан шуурхай арга хэмжээ авч "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс гранат, галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангиар Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
 
Ганцхан өдрийн дотор гэхэд дэндүү олон, бас дэндүү хурдан үйл явдал болж өнгөрлөө. Харин ирэх өдрүүдэд олны анхаарал "Гал үндэстэн"-д үүсгэсэн хавтаст хэрэгт шилжинэ. Улмаар тэдний "Урт нэртэй хууль"-ийг батлуулахгүй байх шалтгаан иргэдийн анхаарлаас "мултрах" төлөвтэй байна.
 
Хэдийгээр "Гал үндэстэн" холбоог Монголын бүх малчдыг төлөөлөхгүй байгаа буюу цөөнхийн эрх ашгийг хамгаалж байгаа гэж үзэх нь дийлэнх ч төр иргэний төлөө ажиллах ёстойг сануулъя.
 
Өөрөөр хэлбэл сонгуулийн үеэр нэг ч атугай хүний санал авахын тулд арга, саамаа бардаг улс төрчид эргээд нэгхэн хүний төлөө төр ажиллана гэж байхгүй хэмээн буруу харж суумааргүй байна. Өнөөдөр хэлэлцэгдэх учиртай байсан "Урт нэртэй хууль" нь тэр чигтээ уул, уурхай, ашигт малтмалтай холбоотой.
 
Товчхондоо, уулыг нь эргүүлж, усыг нь өөд урсгах агуулга тэрхүү хуульд хавчуулагдсан. Тиймээс цөөхөн ч гэсэн иргэд эх орноо, газар нутгаа бүрэн бүтэн байлгахаар зүтгээд өөрсдөө өнөөдөр буруудаж байх шиг байна. Тэмцэх арга нь буруу байсан байж болох ч тэмцэл нь зөв байсан хэмээн өмөөрье. Тиймээс "Урт нэртэй хууль"-ийн талаар үргэлжлэл бий...
 
Эх сурвалж: