УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлын хүрээнд ярилцлаа.
 
 
-Эдийн засгийн хямралын талаар бүгд ярьж, ээлжит бус чуулган хуралдах ёстой,үгүй хэмээн талцаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
 
-Засгийн газар болон Төв банкнаас авч хэрэгжүүлсэн суурь үнийг тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд би сайшаалтай хандаж байгаа. Харин хөрөнгө оруулалтын ажлуудыг хангалтгүй гэж үзэж байна.
 
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсны дүнгээр 260 гаруй мянган хүнтэй, албан бус тоогоор 300 гаруй мянган хүн амьдарч байгаа ба хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу, тэдгээр нь өөрийн хүчин чадлыг гурав дахин илүү ашиглаад ч хүрэлцээ муутай, зарим бага сургууль нь өдөрт дөрөв ээлжээр хичээллэж байна.
 
Өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг хүрэлцээгүй, гэр хорооллын зам талбай, гэрэлтүүлэг муу, цахилгаан, худаг усны хангамж маш хангалтгүй байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлэхээр жил бүр л улсын төсөв, Засгийн газрын болон Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж төлөвлөдөг.
 
Тэгээд ямар ч ажил хийгддэггүй. Тухайн хөрөнгө оруулалтын төсөв, эрх мэдэл нь орон нутаг, дүүрэгтээ байдаггүй, харин ч Засгийн газрын яамуудад, эсвэл Нийслэлийн Засаг даргад эрх мэдэл, хөрөнгө оруулалтын төсөв нь байж байдаг зэрэг олон асуудал бэрхшээл тулгамдаж байна даа.
 
Мөн гадаад валютын үнэ өссөнөөс болоод импортын өргөн хэрэглээний бараа болох будаа, элсэн чихэр, ургамлын тос, үүнээс гадна цахилгааны үнэ, махны үнэ өсөж байгаа зэрэг эдийн засгийн тодорхой бус төлөв байдалд эргэлзэж, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байхад Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна.
 
 
-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, гадаад худалдааны тэнцэл алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон зэрэг эдийн засгийн сөрөг төлөв үүсэн бий болжээ. Та энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэж, цаашид ямар ажлуудыг хийх хэрэгтэй вэ?
 
-Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлогыг 58.25 хувийн гүйцэтгэлтэй байхаар төлөвлөсөн ч 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ төсвийн гүйцэтгэлийн хангалтгүй байдлын улмаас улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөгөөр 62.88 хувь  байх байтал 28.90 хувийн гүйцэтгэлтэй байж байна.
 
Улсын төсвийн орлогын төлөвлөгөө нь гадаад худалдаанаас орж ирэх  татварын орлогын төлөвлөгөө тасалдсан нь гадаад худалдааны эргэлтийн хэмжээ буурсан, гадаад худалдааны тэнцэл нь 1553.6 сая ам.долларын алдагдалтай гарлаа.
 
Гадаад валютын нөөцийн буурсан, мөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалан гадаад валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт бий боллоо. Энэ нөхцөл байдал нь цаашид эдийн засгийн төлөв байдлыг тогтворгүй, тодорхой бус байдалд хүргэнэ.
 
Монгол банкнаас 2013 онд инфляцийг найман хувиас бага байлгана гэсэн зорилт тавьсан боловч өнгөрсөн наймдугаар сард 8,3 хувиас 9,4 хувь болон өслөө. Инфляци өсөх нь бага орлоготой иргэдэд 50-60 хувийн дарамт үзүүлдэг.
 
Нөгөө талаас валютын ханшийн өсөлт нь бас инфляцийг хөөрөгддөг, ер нь бол инфляци, валютын ханшийн өсөлт хоёр бие биенээ дээш хөөрөгдөхдөө их сайн хоршдог.
 
Иймд УИХ-аар Засгийн газрын  үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийн гүйцэтгэл, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар яаралтай авч хэлэлцэж, зохих ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдээд байна л даа.
 
Гадаадын худалдаа, хөрөнгө оруулалтыг сайжруулахад эдийн засгийн төлөв байдал тогтвортой байлгаж байж л гадаадын худалдаач, хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ.
 
 
-Эдийн засгийн төлөв байдлыг тогворжуулахаас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн сайжруулах вэ?
 
-Хөрөнгө оруулалт бол аль талаас нь юунд хөрөнгө оруулснаас хамаараад ашигтай гэдэг хэнд ч ойлгомжтой. Ямар ч бизнес хөрөнгө оруулалт дээр түшиглэж босдог, хөгждөг, боловсронгуй болдог. Бизнес өргөжин тэлснээр улсын татвар хураамжийн орлого нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт нь өөрөө маш олон эерэг  талтай.
 
Тухайлбал, хөрөнгө оруулалтыг дагаад ажлын байр бий болно, тоног төхөөрөмж сайжирна, цалин өснө, хэрэглээ нэмэгдэнэ, гол нь Монгол хүний бусдаас суралцах боломж, боловсрол, ур чадвар дээшилнэ.
 
Иймд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан хууль эрх зүйн актуудыг гаргаж, тэр гаргасан акт нь урт хугацаатай, тогвортой байх хэрэгтэй. Түүнээс биш нэг жилийн настай хуультай, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг хязгаарласан актуудыг гаргаад байвал ямар олиг байх вэ дээ.
 
Тийм болохоор гишүүнийхээ хувьд одоо ч, цаашдаа ч санхүү, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад илүүтэй анхаарч ажиллана. Одоогоор хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, концепцийн тухай хууль, тэтгэврийн болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах, үүнтэй холбоотой татварын хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр өөрийн саналаа гаргаж, зарим ажлын хэсэгт орж ажиллаж байна.
 
Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг татахуйц тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол ганцхан уул уурхайн хөрөнгө оруулалт биш миний түрүүний хэлдэгээр ажлын байр, сургууль цэцэрлэг, ажилчдын ур чадвар,  техник технологи, эдгээрийг дагаад дагалдах бусад салбарын хөгжлийн асуудалд гадаад хөрөнгө оруулалт нь чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.
 
 
-Та Засгийн газраас олон улсын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгааг хэр ашигтай гэж үздэг вэ. Хөрөнгө оруулалтын цаана өрийн асуудал анхаарал татах түвшинд хүрсэн үү?
 
-Хөрөнгө оруулалтын ашигтай эсэх нь юунд хөрөнгө оруулснаас л их хамаарна. Урт хугацааны дараа өгөөжөө өгөх үү, богино хугацаанд өгөөжөө өгөх үү, эсвэл өгөөж нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой байгаа эсэхийг нь тодруулах хэрэгтэй.
 
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд нилээд хэмжээний зээл, хөрөнгө оруулалтыг татсан. Монгол улсын Ерөнхий сайд нь улсын нийт өр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр авсан зээл, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан, ямар үр дүнд хүрсэн, хэдий хэмжээний өр зээл үүссэн талаар ил тод тайлагнахгүй байна.
 
Энэ ил тод тайлагнахгүй байгаа байдал нь эдийн засагчдад, судлаачдад хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, цаашлаад улс орны эдийн засагт хэр эерэг нөлөө үзүүлэхийг нь тооцох боломжгүй ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байна.
 
Иймээс хөрөнгө оруулалтыг ил тод, шударга, тунгалаг, ямар нэгэн лообийгүй болгохын тулд хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхгүй бол хөрөнгө оруулалтын урсгал хаашаа хэдэн төгрөг урсаж байгаа нь үнэн зөвөөр мэдэх боломжгүй.
 
Өнөөдөр хөрөнгө оруулалтын тендер зарлахад хажуугаар нь нөгөө л авлигал, лообий байнга явж байдаг. Хэрвээ авлига, лообий байхгүй гэж байгаа бол хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой, шударга байх ёстой. Энэ нөхцлийг юугаар хангаж өгдөг вэ гэхээр л хөрөнгийн зах зээлээр л дамжуулж явдаг.
 
Энэ бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хууль, хөрөнгө оруулалтын сангийн хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй нь харуулж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын нөгөө тал болох өрийн асуудал байгаа.
 
2013 оны хоёрдугаар улирлын Монголбанкны мэдээгээр зөвхөн Монгол Улсын гадаад нийт өр 17,4 тэрбум ам.доллар, үүн дээр дотоодын өр, Хөгжлийн банкны бонд, зарим нэг Засгийн газрын баталгааг нэмж тооцвол Үндэсний аюулгүй байдлыг хөндсөн асуудал болно.
 
Магадгүй дахиад зээл нэмж авбал энэ өрийн хэмжээ нэмэгдэх л байх. Гол асуудал нь өрийн эргээд төлөхөд хэнд дарамт үүсэх вэ гэдэгт л байгаа юм. Засгийн газар хөрөнгө оруулалтаа өгөөжөө өгдөг, тэр нь тодорхой, тооцоотой байгаад тэрийгээ нийтэд ил тод гаргадаг байх хэрэгтэй байгаа юм.
 
Хөрөнгө оруулалтын зээл аваад эдийн засгийн өсөлтийг авч ирж байвал улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлт авч ирэхгүй болохоор л ард түмний татвараас төлөх болно шүү дээ. Төр засаг, бизнес эрхлэгчид бид бүхэн бүгдээрээ л сахилга баттай, хариуцлагатай байхад бүх зүйл хөгжөөд, өргөжин тэлээд ирнэ.
 
 
-Шинэчлэлийн Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гал унтраах гэсэн арга ядсан гэх мэтээр нэрлэцгээж байна?
 
-Гадаад, дотоодын бүх салбараар асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байж л улс орон хөгжинө. Монгол Улс бүгдээрээ сайн сайхан амьдаръя, хурдан хөгжье гэвэл гадаад дотоод гэхгүйгээр хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй.
 
Эдийн засгийн өсөлтийг бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүний эргэлтийн хэмжээг томруулах гэхээр асар их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг ярина шүү дээ. Иймд Монголд хөрөнгө оруулагчдыг татсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, тогтвортой байх нөхцлийг хангаж өгөх чухал.
 
Түүнээс биш богино хугацааны настай хууль гаргаад, хууль тогтоомжоо ойр ойрхон өөрчлөөд л байж болохгүй. Бид маш олон улстай өрсөлдөж байна. Бид бүхэн хууль тогтоомж, гэрээ хэлцлээ тогтвортой байлгаж, гадаад харилцааны зарчим стандартыг баримталдаг байх шаардлагатай байна.
 
Жишээлбэл, Дэлхийн зах зээл дээр нүүрсний эрэлт хэрэгцээ буураагүй, харин Монголын нүүрсний борлуулалт, экспортын хэмжээ буурсан. Би үүнийг одоогийн Засгийн газар нь өмнөх Засгийн газрын ажлыг шүүмжилж, олон улсын гэрээ хэлцлээ баримтлахгүй харилцааны алдаа л гаргачихлаа гэж үзэж байна.
 
Олон улсын гэрээгээ баримтлаад л хэсэг хугацаанд доогуур үнээр ч хамаагүй нүүрсээ нийлүүлэхэд бидэнд үр ашгийн хувьд алдагдалтай байсан ч гэсэн ажлын байраа хадгалах, ажилчдын орлого тогтвортой байх, татварын хэмжээ хэт буурахгүй байх зэрэг олон ач холбогдол байна шүү дээ.
 
Бид бүхэн хөрөнгө оруулагчдаа үргээсэн, гомдоосон, итгэлийг нь алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл олон хийгээд байж болохгүй. Иймийн тулд хөрөнгө оруулалтын холбогдох  хууль тогтоомжийг шинэчлэн батлах нь нэн чухал байна шүү дээ.     
           
Л.Нинж
 
Эх сурвалж: