sonin.mn
(БНМАУ-ын баатар Л.Дандартай гэрт нь очиж уулзаж, яриаг нь тэмдгэлэн үлдээсэн юм.)
 
Би ээжийнхээ тухай ярих тун дуртай. "Монголын эмэгтэйчүүд" сэтгүүлд " Миний сайхан ээж " гэсэн шинэ булан нээж байгаад би тун баяртай байна. Энд лав олон ээжийн тухай бичигдэх байх. Эх дэлхийг цагаан сүүгээр амлуулсан ээжийнхээ тухай бичихийг хүсэхгүй хэн байх билээ.
 
Миний ээжийг Чойндонгийн Аюуш гэдэг. 1974 онд 84 нас хүрээд таалал төгссөн.Төр улсдаа долоон хүү, нэг охин төрүүлж өсгөсөн хүн. Отгон хүү Банзрагчаас бусад нь л цэргийн албанд, өөрийн нь хэлдгээр улсынхаа харуулд явсан даа. Ээж минь Ховд аймгийн Цэцэг сумын хүн. Тэндээс Булган нутгийг зорьж гарахад би гэдсэнд байсан юм гэнэ лээ. 
 
Тэгээд л би Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. Тосон заамаар, Бор булан...цөм л ээжийн минь залуу зандан байхдаа нутаглаж, би гэдэг жаахан хүүхэд цамц дэрвүүлэн гүйж явсан газар. Арван хоёр, гурван настайдаа ээжийгээ би нэг гомдоож уйлуулж билээ. 1932 он юм уу даа. Латин үсгийн бүлгэмд орж суралцлаа.
 
Тэнд хамт сурч байсан хүүхдийнхээ толгойг хэгзэлчихсэн юм даг. Сургууль ч яггүй чанга дэглэмтэй байж. Намайг хөөчихдөг байгаа. Үүнийг мэдээд ээж минь,
 
-Энэ олон аавын хүүхэд эрдэм ном сурч байхад миний хүү л ингэж дэггүйтэж, хөөгдөж ирж байдаг гэж хүүхэд шиг мэгшин уйлж билээ. Ээжийнхээ нулимсыг гаргасандаа зүрх минь шимширч. Чойжинжав багш дээрээ гүйж очлоо.
 
 -Би дахиад хүүхэд зодохгүй.Намайг буцааж аваач! Ээж уйлаад байна гэлээ. Тэгэхэд багш,
 
-За яахав, ээжийг чинь бодьё! Дахин сахилгагүйтэж болохгүй шүү гээд сургуульдаа авлаа.
 
Би хар хурдаараа гэр рүүгээ гүйж очоод ээжийнхээ суганд толгойгоо хийж,
 
-Би ээжийгээ дахин уйлуулахгүй гэхэд ээж минь баярлаж толгойг минь илж тэвэрч үнсээд, миний хүү дахиад ийм хэрэг хийж болохгүй гэж билээ.
Намайг цэрэгт мордоход ээж минь хорин мөнгөн янчаан өгч дөрөөнд минь сүү дусаагаад,
 
-Миний хүү түмний газар нэрээ, өөрийн газар ясаа гэсэн үгийг санаарай. Түмэнтэйгээ түчигнэж, бумтайгаа бужигнаж, ямар ч хэцүү үед бүсээ чанга бүсэлж, хөлөө чанга гишгэж яваарай. Эр цэргийн алба гэдэг чинь эх орны үүрэг даалгавар байдаг юм. Харуулд мордохгүй (Цэрэгт явахыг ээж тэгж хэлдэг байсан ) эр хүн гэж байдаггүй юм гэж билээ.
 
Миний ээж их ухаантай, уран хүн байсан. Миний нөмөрч байгаа энэ шар торгон дээлийг ээж минь өөд болохоосоо өмнө оёж өгсөн юм. Товч шилбий нь ургуулаад өгсөн байгаа биз? Би хайрлаад өмсдөггүй юм. Ямар сайндаа нөмгөн нөмрөөд хайрлаж суух вэ. Ган сэлэм эргүүлж явсан гараараа ээжийн хадсан товчийг бариад л миний зүрх өөрийн эрхгүй уярдаг юм даа.
 
Би 1940 онд МАХН-ын аравдугаар, улсын наймдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцохдоо. их бууны хорооны дарга байсан партизан Цогт гэдэг айлд буудалаж билээ. Лхагвасүрэн жанжинтай явж байгаад нилээд орой тэднийд ирсэн чинь миний орон дээр нэг хүн унтаж байв. Сайн харвал ээж минь мөн.
 
Надтай уулзахаар Бүрэгхангайгаас ирчихсэн байв. Би баатрынхаа медальтай,бас байлдааны хоёр дахь улаан тугийн одонгоо зүүчихсэн үе байлаа. Ээж минь,
 
-Миний хүү мөн үү? гээд барьж аваад удаан гэгч тэврэв. Би ч ээжийгээ... Миний нүүрэн дээр ээжийн минь бүлээн нулимс урсаж байхыг би мэдэрч байсан. Одонгий минь тэмтэрч үзээд,
 
-Манай нутгийн Халзангийн Гомбын зүүдэг одон мөн үү гээд их л хүндэтгэлтэйгээр баатрын медалиас адис авлаа. Нээрэн ч Гомбо гуай 1932 оны хувьсгалын эсэргүүг дарах үйлст хүчин зүтгэж байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан билээ.
 
-Ээж минь намайг энд тэндгүй тэмтэрч,
 
-Миний хүүд шарх сорви байна уу гэж асууж билээ. Засаг төр минь хүүгий минь сумны хаагуур оруулж надад авчирч өгөв гэж дахин дахин хэлж байсныг санахад эхийн хайр, эхийн сэтгэлийг юутай ч зүйрлэхийн аргагүй.
 
Миний тав дахь дүү Цэвээндорж 1949 онд баруун хязгаарт хасгийн дээрэмчидтэй тулалдаж хүнд шархдаж шархаа даалгүй жилийн дараа нас барсан юм. Ээжийн хэлснээр тэр хүү нь л сумнаас тэсч гарч чадаагүй юм даа.
 
Ээж минь олон хүүтэй хүн. Ач ч олон хүү нар бий. Ганц охин Цэрэнпагма нь найман хүүхэдтэй. Түүний зургаа нь эрэгтэй шүү. Ингэж миний ээж эх орноо хамгаалах эр цэргийн дайчдыг төрүүлж өсгөсөн юм даа
 
 
Д.Амбасэлмаа
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин